Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/777

 

2022          8            02                                     2022/ШЦТ/777     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:185/2022/0745/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Н.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Г-д холбогдох эрүүгийн 2209000001235 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, аав, ахын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Н.Г /РД: /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Г нь Сүхбаатар дүүргийн 16  дугаар хороо Бэлхийн 12 дугаар гудамжинд 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд хохирогч Д.Б-н гээгдүүлсэн 400.000 төгрөгийг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр мөнгийг найзын мөнгө гэж мэдээгүй гадаа харанхуй байсан. Найзууд намайг дуудаж хамт мөнгө хайсан боловч ямар дүнтэй мөнгө хайж байгаагаа хэлээгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би дахин ийм зүйл дээр алдахгүй. Би мөнгийг нь үрээгүй байсан тул  буцаагаад өгсөн. Ээж аавтай нь уулзсан ба найзтайгаа хэвийн харилцаатай байгаа.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би аавын картыг өөрт нь өгөөд бэлэн 400.000 төгрөгөө куртикний зүүн халаасанд хийсэн. Би гэртээ нэг цаг гаруй болоод 22 цагийн орчим манай найз Чинбаатар над руу залгаад “Н.Г бид хоёр тамхи татах гэсэн чинь гал байхгүй байна. Чи гэрээсээ гал аваад гараад ир” гэсэн юм. Тэгээд би мөнгө хийсэн куртикээ өмсөж гараад гэрийн хажуугийн гудамжинд уулзаж 20 орчим минут тамхи татаж зогссон юм. Манай хоёр найз нарийн гудамжинд байх айлын хашааны хаалгыг цохиж нүдчихээд хол очиж хараад зогсож байтал хүн гарч ирэхгүй болохоор нь сахилгагүйтмээр санагдаад дахин айлын хаалгыг очиж нүдэж байтал айлын хүн гарч ирээд зугтаасан юм. ... нарийн гудамжинд орж зэрэгцэж суугаад тамхи татаж байгаад Н.Г гэр лүүгээ түрүүлж ороод, би Чинбаатартай хамт гэр рүүгээ алхаж байгаад халаасаа уудалж үзтэл миний халаасанд байсан бэлэн 400,000 төгрөг  алга байсан юм. Тэгээд Чинбаатар бид хоёр явсан гудамжаараа хайгаад олоогүй бөгөөд Н.Г-г гэрээс нь дуудаад гудамжны дээш алхаж яваад хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

Насанд хүрээгүй гэрч Н.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад гарч Н.Г гэдэг найзтайгаа уулзаад дэлгүүр явсан юм. Тэгээд бид дэлгүүр орж Н.Г-н найз охинд юм авчхаад буцаж гарч явж байгаад Д.Б-г дуудаж бид гурав нарийн гудамжинд уулзаж тамхи татаж суусан юм. Тэгээд бид гурав айлын хашааны хаалгыг нүдэж сахилгагүйтэж байгаад хашаанаас хүн гараад ирэхээр нь бид гурав зугтаачихсан юм. Тэгээд Д.Б бид хоёр Н.Г-г гэрт нь оруулж өгчхөөд буцаад гэр лүү алхаж яваад гэрийн ойролцоо явж байтал Д.Б халаасанд байсан мөнгөө алга болгосон байна гээд бид хоёр гудамжаар мөнгийг нь хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)

Хаан банкны ....3761 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны ......910 дугаар дансны хуулга (хавтаст хэргийн 30, 39, дэх тал)

Яллагдагч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Олсон мөнгөнөөсөө 330.000 төгрөгийг өөрийн ......3761 данс руу хийгээд үлдсэн 70.000 төгрөгийг бэлнээр байлгаж байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал)

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 22 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 16 хороо Бэлхийн 12 дугаар гудамжинд хохирогч Даваажавын Д.Б-н гээгдүүлсэн 400,000 төгрөгийг авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Н.Г нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Г-н хувьд амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахайн зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нь “надад гомдол санал байхгүй би хохирлоо бүрэн барагдуулж авсан” /хх-18/ гэсэн байх тул шүүгдэгч Н.Г-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Г-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Г нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, түүний нас, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх... гэж заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа  байдлыг харгалзан шүүгдэгч Н.Г-г ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Н.Г-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР