Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/631

 

  

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

            Шүүгдэгч Ш.П түүний өмгөөлөгч О.Баяраа, Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Ш ийн П д холбогдох эрүүгийн 2209000000256 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ...  сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ... тоотод түр оршин суух хаягтай,

Урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулсан, хэрэг хариуцах чадвартай, Х  овогт Ш ийн П, \РД:... \

Шүүгдэгч Ш.П нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...  тоотод С.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархины зүүн зулай чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.П шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч П нь найзуудаараа наргиж байгаад найз Б ийн биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогчид нэхэмжилснээр нь 17.000.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Сүүлд хохирогчтой уулзаж уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Цаашид хохирол нэхэмжилбэл төлөхөд бэлэн байгаа...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч тухайн үед өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Б д хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч хохирогчид баримтгүйгээр нийт 17.000.000 төгрөг өгсөн. Одоогоор хохирогчийн эрүүл мэнд гайгүй байгаа гэсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Шүүгдэгч П гэм буруугаа хүлээж байгаа. Хуулийн сургууль төгссөн байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд шүүх шийдэх байх. П ээж, дүүтэйгээ хамт 3-уулаа амьдардаг. Хохирогч гомдолгүй, шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрч байгаа ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

НЭГ: Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ш.П нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...  тоотод С.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархины зүүн зулай чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б гийн өгсөн “...Тухайн өдөр гэртээ байж байхад П, Б хоёр ирсэн юм. Тэр хэд намайг гадуур гарья гэхэд нь би гэрээс гарах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд та нар явж бай. Би араас чинь очно гэж хэлээд явуулсан. Тэд нар 20-21 цагийн үед ирээд явсан. Би араас нь 23 цагийн үед очих гэж байхад П над руу залгаад Тэнгис кино театрын хажууд байдаг караоке бааранд байна гэж хэлсэн. Ингээд би араас нь ганцаараа очиход уг бааранд Б , П, С , Т  нар байсан. Уг бааранд Т  тэр өдөр ажиллаж байсан юм. Намайг очиход тэр хэд шар айраг ууж байсан. Би очоод 1 шил 0,5 литрийн шар айраг аваад талыг нь уусан. Ингээд баарнаас гараад би харина гэхэд Б , П хоёр С гийн гэрт очно гэсэн. Тэгээд бүгд С гийн гэрт очихоор болоод такси бариад очсон. С гийн гэрт очоод бууз жигнэж идээд 1 шил 0,75 литрийн шар “Чингис” гэх нэртэй архи уусан. Түүнийг дуусгаад би найз А  руу залгаад намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд за эргээд залгана гэж хэлээд би дахин 20-30 минутын дараа чат бичихэд А  хариу өгөөгүй. Тэр үед би гэрийн гадна байсан юм. Гэтэл Т  гараад ирсэн. Бид хоёр тамхи татсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Бааранд хэн нэгэнтэй маргалдаагүй. Тэднийд очоод хэн нэгэнтэй маргалдаагүй. Надад хэн гэмтэл учруулсан талаар сайн санахгүй байгаа. Хамгийн сүүлд санаж байгаагаар Т гийн хамт гадаа тамхи татаж байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Уг нь А тай яриад би чам руу ярина гэж хэлж байсан болохоор архи бага уусан. Т  бид хоёр гадаа маргаж байгаагүй. Өөр хүн байгаагүй. Бид хоёр л байсан. П бид хоёр найзын хувиар жаахан маргаж байсан. Гэвч дараа нь уулзаад юу ч болоогүй юм шиг байдаг байсан. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Б , П, Т , С , Н бид нар бөөнөөрөө очсон юм. Би ихдээ сард 1 удаа согтууруулах ундаа хэрэглэдэг. Ухаан алдталаа ууж идээгүй. Таксинаас буугаад гэрт орохын өмнө П чи намайг тоохгүй сонин зантай болчихжээ гэхэд нь би та нар бас намайг тоохгүй байгаа биз дээ  гэх зэргээр хэлсэн. Гэхдээ маргаан зодоон болоогүй. Хамраа хуучин хугалж байсан байж магадгүй. Өөрөөр ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Одоо толгой өвдөж байгаа. Зүүн гар шуу хэсгээрээ хугарсан эмчилгээ хийлгэж байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.П йн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай найз Б , С  бид 3 Т  гэх караокед ажилладаг найзынхаа ажлын газар очсон юм. Тэдний бааранд дуулаад хүний нэг шил шар айраг уугаад байж байхад Б  ирээд бид 5 Т гийн ажил тарсан болохоор С гийн гэрт очихоор 7 буудлын тийш явсан. С гийн гэрт ирээд бид 5 нийлээд 2-3 шил архи уусан. Ямар архи уусан талаар мэдэхгүй байна. Ингэж байгаад Б  нуршиж юм яриад байхаар нь би уурлаад бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон. Тухайн үед гэрт байсан бид хоёр бие биеэсээ зуураад авахад цохиж амжаагүй байхад Б , Т  хоёр салгасан. Ингээд Б  бид хоёр хамт гадагшаа гараад бас маргаад заамдалцаж аваад нүүр нүүр рүүгээ цохисон. Гэтэл Т  гарч ирээд бид хоёрыг салгаад буцаагаад гэрт дагуулаад орсон. Гэрт ороод хэрүүл хийж байгаад унтаад өгсөн юм. Өглөө нь сэрээд ирэхэд Б  бөөлжөөд байсан. Хоол өгсөн чинь идэхгүй гэсэн. Тэгээд би хоол идчихээд аймаг явж тодорхойлолт авах шаардлагатай байсан тул аймаг руу явсан. Архангай аймаг ороод байж байхад манай эгч Б  над руу залгаад хэнтэй зодолдсон юм. Тэр хүн чинь гэмтэл дээр байна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Б рүү холбогдсон чинь Б  ухаан алдаад гэмтэл дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би цэнэглэгчгүй явсан болохоор Архангай аймагт хоноод өглөө нь босоод Хотонт суманд ээж дээрээ ирэхэд ээж маань мэдсэн байсан. Тэгээд хот руу ирсэн юм. Барилцаж авсан талаараа сайн санахгүй байгаа юм. Яагаад гэвэл би нэлээд согтуу байсан. Унаж босоод байсан талаар санаж байна. Нэг санахад Б  намайг, би Б  яаж цохисон талаар санахгүй байгаа. Харин гадна гараад хоёр удаа маргалдсан. Энэ талаар бол санаж байгаа. Эхлээд хашаан дотор маргалдсан. Ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл бариагүй. Гараараа нүүр хэсэгт нь цохисон. Эхлээд намайг гараараа баруун нүд рүү цохисон. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн шанаа руу нь цохисон. Дахиад зүүн гараараа баруун шанаа руу цохисон. Гэтэл Б  гараараа миний зүүн дагз хэсэгт нэг удаа цохисон юм. Ингэж байхад Т  гарч ирээд салгасан. Тэгээд бид хоёр гэрт орсон. Эргээд би явах гээд хашаанаас гарахад араас Б  гарч ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад би хавсарч унагаагаад дээр нь гараад нүүр рүү нь гараараа цохисон. Энэ үед Б гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд гэрт ороод эвлэрээд ууж байсан юмаа дуусгаад унтсан. Би хаана хаана цохисон талаараа нарийн сайн мэдэхгүй байгаа. Бид хоёр зөрөөд бие биеэ цохиод л байсан. Тэгж байхдаа хамар руу нь цохисон байж магадгүй. Ямартай ч хавсарч унагаасан. Яаж унасан талаар нь мөн адил нарийн сайн санахгүй байна. Дээр нь гараад сууж байгаад нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхэд хамраас нь цус гарсан. Хашааны хажууд байсан. Тиймээс хавсраад унагаахад хашаа мөргөөд дээш харсан байж болох юм. Би яг нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан би дээр нь суухад дээш харсан байсан. Би нүүр рүү нь цохисон. Би өндийлгөж байгаад мөргүүлсэн зүйл бол байхгүй. Гэхдээ нүүр рүү нь цохиход хойш савж дагзаараа мөргөсөн байж магадгүй. Би үсдэж өндийлгөөд газар мөргүүлсэн асуудал байхгүй. Бид хоёр зодолдсоны улмаас Б  гэмтэл авч эмнэлэгт хэвтсэн гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б ийн өгсөн “...Тэгээд бид 3 караоке ороод 2-3 цаг сууж байхад Б  араас ирсэн. Тэгээд караокед сууж байгаад шөнө 01 цагийн үед гараад шууд наашаа 7 буудал руу ирсэн. Тэгээд найзындаа ирээд бид нар 3 шил архи уусан. Архи ууж байхдаа С бид 2 маргалдсан. Зодоон бол болоогүй. Тэгээд юм яриад сууж байхад Б , П хоёр хоорондоо барьцалдаж аваад цохилцохоор нь Т р бид хоёр болиулаад салгасан. Тэгээд нэг хэсэг хоорондоо зодолдохоо больсон. Тэгээд дахиад юм ярьж байгаад дахиж барьцалдаж аваад зодолдохоор нь дахиж салгасан. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад гадаа гарч бие засъя гэж хэлээд гарсан. Тэгээд удаа ч үгүй гэрийн гадаа чимээ гарахаар нь би гэрээс гарсан чинь Б , П нар хашааны гадаа хоорондоо зодоон хийж байхаар нь би ганцаараа очиж салгаад гэр рүү оруулсан. Гэрт ороод дахиж зодоон болоогүй. Тэр үед өглөөний 5 цаг болж байсан. Тэгээд бид 2 хоорондоо яриад сууж байхад Б ийн хамраас цус гарахаар нь би тэрүүгээрх цус нөжийг нь угаасан. Тэгээд нээх удаагүй байж байгаад унтацгаасан. Тэгээд унтаж байгаад 13-14 цагийн хооронд сэрээд гал түлчхээд хэсэг байж байгаад би Б  явъя гээд дуудахад босож ирж суугаад гар нь хөндүүрлээд байх шиг гараа бариад ёолоод суугаад байсан. Тэгээд Б  шал согтуу босож ирээд буцаад өөрөө хэвтээд өгсөн. Тэгээд Б  бид нар гэр рүүгээ явах гээд Б  дуудахад бөөлжөөд байхаар нь явах уу гэж асуухад юм хэлээгүй. Тэгээд П гэнэт утсаар яриад зардлын мөнгө явуулаарай. Одоо ингээд гарлаа гэж хэлсэн. Тэгээд 5-6 минут болоод би харилаа гээд гараад явсан. Тэрнээс хойш Птой уулзаагүй. П йн дараахан Т р бас ирсэн. Тэгээд би хоол хийчхээд Б  нэлээн удаан дуудсан боловч сэрээгүй. Тэгээд би гайхаад түргэн дуудсан. Түргэний эмч ирээд тархиндаа гэмтэл авсан гэж хэлээд Б  аваад явсан. С базар, Б , П, Т р бид 5 цуг байсан. Сүүлд С базарын дүү Нямдорж ирсэн. Бид нараас өөр хүн байгаагүй. Эхлээд П явсан. Дараа нь Т р явсан. Тэгээд С базар, Б  бид 3 үлдээд байж байхад Нямдорж ирсэн. Бүгд ер нь нэлээн халцгаасан. Би эхлээд С базартай маргалдсан. Гэхдээ зодолдоогүй. Тэгээд С базар бид 2 юм яриад сууж байхад Б , П хоёр хоорондоо зодолдсон. П, Б  хоёр хоорондоо цохилцоод байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Б ийн хамраас нь цус гарсан. Баруун гарын тохойны хэсэгт халцарсан байсан. Өөр гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б ийн дахин өгсөн “...Тухайн үед юунаас болж маргалдсан талаар би мэдээгүй. Гэхдээ анх уулзах үед Б  ирээд П д хандаж чи намайг ирэхэд архи уухаа больчихлоо гэх зэргээр ам зөрж байсан. Тэр нь цааш даамжирсан байж магадгүй. Би С базартай маргаад тэр талаар нь анзаараагүй юм.... 2021 оны 09, 10 сарын үед гачуурт руу амралтад явж байхад П, Б  хоёр маргалдаж байсан. Өөрөөр нэг их маргаад байдаггүй. Архи уусан үедээ энэ хоёр хоорондоо маргалдчих гээд байдаг. Тухайн үед гартаа аль аль нь юм бариагүй. Гэр дотор гэрийн баруун талын багана орчим байсан. Ингэхдээ Б  нь П йн зүүн шанаа нүүр хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа цохисон. П нь Б  баруун гараараа зүүн эрүү хэсэгт нь нэг удаа цохиж харагдсан. Тэгээд бид нар бариад авсан болохоор салгасан. Дахин гэрт бас зодолдсон. П нь Б  зүүн гар талаас нь тэвэрч аваад түрээд ширээн дээр унаад уг ширээ эвдэрсэн. Тэр үедээ бие биеэ хэн хэн нь цохиж амжаагүй. Бид нар салгаад гэрт асуудал гаргахаа боль. Хамаг юм эвдлээ гэхэд тэр хоёр гараад явчихсан. Б , П хоёр хамт гараад гадна зодолдоод байх шиг байсан. Би гараагүй. Харин Т р гарч салгасан байдалтай буцаад гэрт орж ирээд эвлэрээд гар бариад суусан. Гэрт сууж байхад бие засна гээд Б , П хоёр хамт гараад явсан. Удаагүй гадаа чимээ гараад би гараад очиход Б  доор нь П дээр нь гарчихсан баруун гараараа зулай хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгаад авсан. Гэтэл Б  өөрөө босоод шууд гэрт орчихсон. Араас нь би П йг дагуулаад ороход Б  уйлчихсан хамраас нь цус гарчихсан П д гомдоод би чамайг дийлэхгүй байхад чи намайг алах шахлаа гэх мэт зүйл яриад уйлж байсан. Хэсэг байж байгаад цусаа угаагаад орон дээр түрүүлээд хэвтээд өгсөн. Бид нар араас нь нэг их удаагүй унтаад өгсөн. Б  унтах үед 6 цаг болж байсан байх. Үүр цайсан байсан. Б  яаж унасан талаар би хараагүй. Яриандаа мөн дурдаж араас, урдаас, юмаар цохилоо гэж яриагүй. Зодолдоод л унагаасан байх. Тэр хоёр гэрт зодолдоход хэн хэн нь ил харагдах шархгүй аваагүй. Б ийн хамраас жаахан цус гарсан. Хамрын үзүүр хэсэг нь улайсан байдалтай байсан. Өөрөөр хэн хэнд нь ил харагдах шарх байгаагүй. Б  өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг,  /хх-ийн 29-30/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.С базарын өгсөн “...Би нэлээн согтсон. Тэгээд манайд байхад Б тэй маргалдсан гэхдээ зодоон болоогүй. Тэгээд шөнө 4 цагийн үед унтаад өгсөн. Маргааш нь 12-13 цагийн үед сэрэхэд Б аас бусад нь боссон байсан. Би Б  яасан юм гэхэд Б босохгүй байна гэж байсан. Ер нь бол Б  бөөлжөөд байсан. Тэгээд бид нар шөлтэй хоол хийчихээд Б д өгөх гээд сэрээсэн чинь хоол идэлгүй буцаад унтсан.... Тэгээд байж байгаад нэг л биш байна гээд түргэн дуудсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд тархины гэмтэл авсан юм шиг байна гэж оношлоод аваад явсан.... Би Б  хэнтэй зодолдсоныг мэдэхгүй байна. Б , Т р нараас маргааш өдөр нь сэрээд асуухад П нь Б  зодсон талаар надад хэлсэн. Баруун тохой нь шалбарсан байсан. Өөр ил гэмтэл харагдаагүй. Б  нь өөр хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Птой л маргалдсан. Б  баруун талын орон дээр унтаж байсан. Баруун гарынх нь тохой хэсэгт шалбарсан харагдсан. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. П д ямар нэгэн шарх сорви байгаагүй. Нэг хнүн рүү яриад мөнгө аваад Архангай аймаг явлаа гээд гараад яваад өгсөн. Ямар нэгэн байдлаар Б тай ярилцаж харилцаа үүсгээгүй. Б  сэрэхээс өмнө яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 33-34/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Т ын өгсөн “...Б , П 2 хойд талд сууж байгаад гэнэт цохилцоод эхлэхээр нь шууд очоод салгасан. Тэгээд тэр хоёрыг эвлэрүүлээд зүгээр ярилцаад сууж байсан. Тэгээд унтах гээд байж байхад П тамхи татъя гээд надаас тамхи аваад Б тай цуг гарсан. Тэгээд тэр 2 нэлээн удаан гадаа ярьж зогссон. Юу ярьсныг нь мэдэхгүй байна. Тэгээд гадаа зодолдож байгаа чимээ гарахаар нь Б бид 2 гарахад хашаан дотор жорлонгийн хажуу талд унасан байхаар нь салгаад оруулж ирсэн. Тэгээд Б ийн хамраас цус гарсан байсныг угааж янзлаад унтсан. П, Б  нар хоорондоо зодолдсон. Өөр хүмүүс зодолдоогүй. П тэр хоёр зүгээр ярьж сууж байгаад юунаас болсныг мэдэхгүй шууд цохилцоод эхэлсэн. Тэгээд эвлэрүүлж гарыг нь бариулсан. Тэгээд гадаа гараад ярилцаж байгаад зодолдсон. Б  бид хоёр нэг орон дээр унтсан. Өглөө сэрчхээд Б  сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Архи нь гараагүй байна гэж бодоод сэрүүн газар хэвтүүлсэн. Тэр хоёр урьд нь маргалдсан талаараа ярилцаад сууж байгаад П шууд цохиод авсан юм. Түүнээс эхэлсэн байх. Маргалдаж байгаад гэнэт П алалцах уу гэж орилж босож ирээд баруун гараараа Б ийн зүүн шанаа хэсэг рүү цохиод авсан. Ингээд маргахад бид нар хажууд нь байсан болохоор салгаад авсан. Тэгээд тайвшруулаад орхисон чинь өөд өөдөөсөө харж юм ярьж байгаад дахиад П тэвэрч аваад түлхээд ширээн дээр унагаагаад ширээний хөл хугарсан. Ингэхэд мөн адил бид салгаад авчихсан болохоор ямар нэгэн байдлаар бие биеэ цохиж амжаагүй. Тэр хоёр хамт гарч тамхи татах болоод гарсан. Гэтэл гадаа гараад бас зодолдох чимээ гарахаар нь би гараад очиход жорлонгийн баруун талд өвсөн дотроос хоёулаа унаад босож ирж байгаа байдалтай барилцаад босож ирсэн. Бие биеэ цохиж амжаагүй. Би салгаад П йг араас нь тэврээд явж байхад Б  миний хажуугаар баруун гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Харагдах байдлаар Б ийн хамраас цус гарч байсан. Яасан юм гэж асуухад П өшиглөсөн гэж хэлж байсан. Өөрөөр ил харагдах шарх байгаагүй. Салгаж оруулж ирсний дараа эвлэрсэн байж байгаад гараад бие засна гээд явсан хоёр хашааны гадна гарчихсан зодолдож байхад нь Б салгаж авч ирсэн. Тэгэхэд Б  доор нь П дээр нь байсан гэж сонссон. Тэгэхдээ бас Б ийн хамраас цус гарчихсан өөр шарх сорвигүй орж ирсэн. Нүүр гараа өөрөө угаагаад өглөө босож ирээд би чамайг ална гээд л тэр хоёр хэрэлдээд байсан. Хоёр дахь маргааны дараа Б  гэрт сууж байгаад зуухан дээр тохойгоороо тулаад боссон. Тэгээд тохой нь түлэгдсэн. Б  өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Сүүлд гадна зодолдохдоо бүүр хашаанаас гарсан зодолдож байсан гээд Б салгаж оруулж ирсэн. Тэгэхдээ яаж зодолдсон талаар би хараагүй. Мөн хамраас нь цус гарчихсан байдалтай орж ирсэн. Мөн л бие биеэ ална гэх зэргээр занал хийлээд байсан болохоос энэ намайг тэгж цохилоо гэж яриагүй.. Миний харснаар бол ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 37-38/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Н ы өгсөн “...П юунаас болсон юм мэдэхгүй бүгдийг чинь ална шүү гээд зуухны дэргэд зогсож байгаад чангаар хэлсэн. Энэ үед урд нь Б  байсан. Гэтэл Б  П нь гараараа нүүр хэсэгт нь цохиод авсан. Зөрүүлээд Б  бас нүүр хэсэгт нь цохиод авсан. Ингэхэд нь бөөнөөрөө босоод тэр хоёрыг салгасан. Гэтэл тэр хоёр гадна гарч эвлэрнэ гээд гарсан. Гэтэл гадна юм унаж байгаа мэт чимээ гарсан. Б гараад П, Б  хоёрыг дагуулаад ороод ирсэн. Тэр үед Б ийн амнаас шүднээс нь цус гарсан байсан. Би гаран дээр нь ус хийгээд Б  өөрөө нүүрээ угаагаад унтлаа гээд барын талын орон дээр гараад унтаад өгсөн. Тэгж байгаад Б  орон дээр бөөлжсөн. Тэгэхэд нь би алчуур авч цэвэрлээд зүгээр үү гэж асуухад би зүгээр, харин бөөлжчихлөө хэлээд унтаад өгсөн. Тэр үед өглөө 8-9 цаг болж байсан байх. Энэ үед П бас унтаад өгсөн. Б , П хоёроос өөр хүн маргалдаагүй. Би бааранд байхад 1 шил шар айраг уусан. Гэрт нь очоод архи уугаагүй, эрүүл байсан. Миний мэдэхээр гэрт 1 удаа, гадна 1 удаа маргалдаж зодолдсон гэж санаж байна. Тэр хоёр зодолдчихоод гал руу унаагүй. Өөрөө түлсэн байх би сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1630 дугаартай “...С.Б гийн биед тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн шуунд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх...” гэх 1630 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-53/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай нэмэлтээр хийсэн “...С.Б гийн биед тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, шуунд 1 зэргийн түлэгдэлт, зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зүүн шууны рентген зургаар богтос яс дунд 1/3 хэсгээр ташуу зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. С.Б нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас гуравласан мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал-саажилт, зүүн нүдний зовхи унжилт үүссэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.4.19.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нүдний эмчийн үзлэгээр баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.6 байна. Ирүүлсэн материалаар залгиур хоолойд өөрчлөлт тогтоогдохгүй байна. Эдгээр гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 54-59/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг бөгөөд шүүгдэгч Ш.П нь хэн нэгний өдөөн хатгалга, дарамт шахалтгүйгээр буюу хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйгээс үл хамааран хохирогч С.Б гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.П йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмтэл учруулах үйлдлийн хувьд санаатайгаар гэх үндсэн шинжийг хангахын зэрэгцээ, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл нь шууд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Гэмтлийн "хүнд" зэрэг гэдэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

            Амь насанд аюултай гэмтэл учруулсан, амь тэнссэн байдал үүсгэсэн, гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% алдсан байхыг ойлгоно.

            Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №1630 дугаартай дүгнэлтээр “...С.Б гийн биед тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн шуунд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Ш.П йн тухайд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Б тай амандаа үглээд нуршаад байна гэх үйл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодолдож, хохирогчийг зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болоод шүүгдэгч Ш.П йн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бол хохирогч С.Б  нь Ш.П д зодуулсны улмаас эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр давхар нотлогдсон, дээрх үйл явдалтай холбогдуулан прокуророос Ш.П йн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ш.П йг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ш.П д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 04 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №222 дугаартай захирамжаар оногдуулсан 02 сар, 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 02 жил, 04 сар, 09 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Хөнгөрүүлэх байр сууринаас дүгнэлтээ хэлье. Шүүгдэгч Б.П үйлдсэн хэргийн үйл баримт, гэм буруутай маргах зүйлгүй нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирогчийн хохиролд 17.000.000 төгрөг төлсөн. Б.П нь дөнгөж амьдралд хөл тавьж байгаа. Сургуулиа Т д барилгын компанид арматурчнаар ажилд орсон. Гэм хорын хувьд хэн хэн нь үл ойлголцоод нэгнээ цохисон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Б.П өөрийн найздаа санаатай хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй. Иймд түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн үүднээс торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Баяраа өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Ш.П йн тухайд торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 04 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №222 дугаартай захирамжаар оногдуулсан 02 сар, 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 жил, 09 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ш.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч Ш.П йн хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

ГУРАВ. Бусад асуудлаар:

Хохирогч С.Б гийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, Ш.П д хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 154/-р тал байх тул шүүгдэгч Ш.П йг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл гаргаж хоёр дахь удаагаа шүүхээс ял шийтгүүлж байх бөгөөд энэ удаад шүүхээс түүнд хуульд заасан хорих ялаас доогуур хэмжээгээр ял шийтгэл оногдуулж байгаа нь түүнд итгэл хүлээлгэх замаар нийгэмд зөв зүйтэй ухамсраар ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг олгож байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд цаашид шүүгдэгч Ш.П нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хуулиар тогтоосон нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрийн амьдралд хэвшил болговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Ш ийн П г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №222 дугаартай захирамжаар оногдуулсан 02 сар, 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг/ жил, 09 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П д оногдуулсан 01 жил, 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П н урьдчилан цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ш.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.П д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.П д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ИДЭР