Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0324/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат, Ц.Ганхуяг

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Ж /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.ийн Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118002140348 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Ж /РД: ............ /, ....... оны ....... дүгээр сарын ...... -ны өдөр ......... аймагт төрсөн, ...........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , .............  хамт ........  аймгийн ......  сумын ..........дугаар баг ...............  байрны ........  тоотод оршин суух хаягтай, урьд ........... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......   оны ....... дүгээр сарын ..........  өдрийн ........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Ж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:               

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “...Би хулгай хийгээгүй, утсаар яръя гээд авч явсан. Тэр утсыг яаснаа санахгүй байна. Тэр утасны мөнгийг манай найз өгнө гэж хэлсэн. Би хохирогчийн хохирлыг барагдуулна.” гэв.

 

Эрүүгийн 2118002140348 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-ын мөрдөн байцаалтад 2021  оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...Миний том хүү одоо 19 настай. Төрхийн хүндрэл мөн Д, С, П-н дутагдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй төрөөд өнөөдрийг хүртэл миний асаргаанд байдаг. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд хүү маань гэрээсээ гараад Олон улсын худалдааны төвийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчин орох гэж ганцаараа явж байгаад гар утсаа хулгайд алдсан. Гар утсыг нь Олон улс худалдааны төвөөс шинээр нь 350,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. гэх мэдүүлэг[1],

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ...иргэн У.Н-ийн эзэмшлийн 2017 оны Самсунг Жи-7 маркийн 32GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[2],

 

Хяналтын камерт үзлэг хийсэн “...10:21 цагт саарал өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн богино ханцуйтай цамцтай, хар өнгийн өмдтэй, шар өнгийн гуталтай, 20 орчим насны дунд зэргийн өндөр нуруутай, туранхай эрэгтэй хүн явж байх бөгөөд түүний хойд талд хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, 40-45 орчим насны дунд зэргийн өндөр нуруутай, гартаа хар хөх өнгийн даавуун уут барьсан эрэгтэй хүний дүрс бичигдсэн байх ба тус бичлэг дээр хар хөх өнгийн даавуун уутнаас баруун гараараа эд зүйл авч куртикныхээ баруун талын халаасанд хийгээд буцаагаад хар хөх өнгийн уутыг 20 орчим насны эрэгтэй хүнд өгч байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байна.” гэх тэмдэглэл[3],

 

Б.Ж-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр найз М-ын гэр болох 4/5 дугаар байрны 01 тоотод өглөө 06 цагийн үед ганцаараа гараад явсан. Тэгээд Дархан сумын 16 дугаар багт байрлах үйлчилгээний төв орчимд ирсэн. Ингээд зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай хамт 0,5 граммын Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Архиа ууж дуусгаад ганцаараа Олон улс худалдааны төв рүү орж архи авч ганцаараа уусан. Ингээд буцаж Олон улс худалдааны төв рүү ороход хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй залуу таарсан. Тэр залуу ганцаараа гартаа тортой юм барьсан явж байхаар нь Ах нь тортой юмыг чинь бариад дээшээ гаргаад өгье гэж хэлээд торыг нь авахад дотор нь Самсунг брэндийн гар утас байхаар нь авсан. Би тухайн гар утсыг Олон улсын худалдааны төвийн ойролцоо явж байсан танихгүй хүнд 30,000 төгрөгөөр зарсан. Гар утас хулгайлан зарж мөнгө олох зорилготой байсан. гэх мэдүүлэг[4] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

   Шүүгдэгч Б.Ж-д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвийн 2 давхрын шатан дээр иргэн У.Н-ийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ж нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Б.Жгаас гаргуулах төлбөргүй байна үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ж нь “Би согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн яд оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь урьд .................. аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн .........  оны ........  дүгээр сарын ......... өдрийн ...........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сараар тэнссэн хугацаа нь өршөөлд хамрагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

Шүүгдэгч Б.Ж-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоёр  хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 16 цагийг түүний эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүхээс тогтоосон ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ж нь 2 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Базарсүрэнгийн Жг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ийн цагдан хоригдсон хоёр хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ж-д мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 25-26 тал

[2] Хавтаст хэргийн 33-34 тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 39 тал