Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/632

 

                                                                                                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга И.Номин,           

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч У.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт У ийн Ө т холбогдох эрүүгийн 2109018280388 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн  Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, Арьс ширний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар ... тоотод тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт У ийн Ө  /РД:... /,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч У. Ө  нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... тоот өрөөнд цахим хаягт байршуулсан байсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч С.Т тэй утсаар холбогдон худалдан авахаар тохиролцон хүргүүлэн авсан боловч “төрийн албаны шалгалтад орох гэж байгаа учраас дансаа хаалгасан, Прокурорт ажилладаг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “удахгүй мөнгийг шилжүүлнэ” хэмээн хуурах аргаар ай фоне 13 загварын гар утсыг авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Тухайн өдөр надад гар утас авах мөнгө байгаагүй, маргааш нь хохирогчид мөнгийг нь өгөх боломж байсан боловч мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, хохирогчид худал хэлсээр өдийг байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч У. Ө  нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... тоот өрөөнд цахим хаягт байршуулсан байсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч С.Т тэй утсаар холбогдон худалдан авахаар тохиролцон хүргүүлэн авсан боловч “төрийн албаны шалгалтад орох гэж байгаа учраас дансаа хаалгасан, Прокурорт ажилладаг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “удахгүй мөнгийг шилжүүлнэ” хэмээн хуурах аргаар ай фоне 13 загварын гар утсыг авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

У.Ө гэх нэртэй цахим хаягтай харилцсан талаарх захидал харилцааны зурган мэдээлэл /хх-н 06/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Т гийн өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр У. Ө т ай фоне 13 гар утсыг ...  зочид буудлын 10 давхарт тоотод хүргэж өгсөн боловч одоо утсаа салгаад миний мөнгийг өгөхгүй байгаа, У. Ө  нь хэлэхдээ миний дансны лемит хэтэрсэн юм шиг байна битүүмжлэгдчихлээ маргааш орох байхаа миний данснаас чиний 3.100.000 гарчихлаа гэж хэлсэн, тэгээд маргааш нь би У. Ө тай утсаар холбогдож мөнгө чинь ороогүй байна гэж хэлсэн чинь өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр таарчихлаа 1дэх өдрөөс орох байх гэж хэлсэн, тэгээд хүлээгээд байсан чинь 1 дэх өдөр болоод мөнгө ороогүй, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр залгасан чинь У.Ө нь би Нийслэлийн прокурорт ажилладаг одоо төрийн алба хаагчийн шалгалт болох гээд Авлигатай тэмцэх газраас миний дансыг хаасан, энэ долоо хоногтоо багтааж өгнө гэж хэлсэн, тэгэхээр нь би У.Ө т хүнээс мөнгө олоод миний өг гэж хэлсэн чинь за тэгье энэ 7 хоногтоо багтаагаад олоод өгнө гэж хэлсэн, тэгээд залгаж асуухаар дандаа шалтаг шалтгаан хэлээд миний мөнгийг өгөхгүй байгаа. Би өөрийн инстаграм хаяг дээрээ гар утас зарна гээд зар оруулсан байсан, тэгсэн У.Ө гэх цахим хаягаас авна гээд би ...  зочид буудлын 10 давхарт 1010 гэсэн өрөөнд хүргэлтээр миний бие хүргэж өгсөн. Намайг хүргэлтээр ... зочид буудалд гар утсыг хүргэж өгөхөд У.Ө нь гар утсаа гаргаж ирээд Хаан банкны интернэт банкны гүйлгээ хийгээд байсан, тэгээд за чиний мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлсэн, тэгээд би утсаа хартал надад гүйлгээ орж ирээгүй, тэгсэн хэсэг байж байснаа миний данс битүүмжлэгдсэн байна энийг хардаа 3.100.000 гэсэн үнийн дүн харагдсан, тэгээд У.Ө за чиний мөнгө маргаашдаа орчих байхаа гэж хэлсэн тэгэхээр нь би итгээд явсан, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас шинээрээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/-р тал,

Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “... зах зээлийн үнэлгээгээр ”

2.750.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн үнэлгээний тайлан /хх 37-38/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Ө ын яллагдагчаар өгсөн “… Би С.Л  гэх иргэнээс авсан ай фоне 13 загварын гар утсыг өөр дээрээ байлгаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн орой 2.777.000 төгрөгөөр дөрвөн замд байрлах ... Ломбардад 14 хоногийн хугацаанд тавиад сунгуулж чадаагүй алдсан...“ гэх мэдүүлэг /хх62-64/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч У.Ө нь аль нэг төрийн байгууллагад ажилладаггүй, өөрөөр хэлбэл прокурорын байгууллагад ямар нэгэн албан тушаал хашдаггүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч С.Л гийн зарах зорилгоор цахим орчинд байршуулсан зарын дагуу ай фоне 13 загварын гар утсыг хуурч, залилах аргаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч У.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч У.Ө ыг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч У.Ө нь хохирогч С.Л д өөрийгөө Прокурорын байгууллагад ажилладаг, төрийн албаны шалгалтад оролцох гэж байгаа учраас дансаа хаалгасан гэж идэвхтэй үйлдлээр хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар залилсан болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч У.Ө н үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл У.Ө нь анхнаасаа хохирогчийн гар утсыг худалдан авах боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогчид итгэл, үнэмшил төрүүлэх зорилгоор хууль хяналтын байгууллагын буюу прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч У.Ө г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч У.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч У.Ө н зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч У.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бол,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч У.Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.  

Шүүх шүүгдэгч У.Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч У.Ө ын хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч У.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан буюу залилах гэмт хэргийг анх удаа үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдож байх бөгөөд шүүхээс шүүгдэгч У.Ө т хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж байгаа нь түүнд итгэл хүлээлгэх замаар нийгэмд зөв зүйтэй ухамсраар ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг олгож байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд цаашид шүүгдэгч У.Ө нь өөрийн гэм буруутай үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хуулиар тогтоосон нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрийн амьдралд хэвшил болговол зохино.

Гурав. Бусад

Шүүгдэгч У.Ө нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч С.Л  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тус шүүхэд хандан бичгээр хүсэлт гаргасан болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт У ийн Ө ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ө т 300 /гурван зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ө т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.  

5. Шүүгдэгч У.Ө нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР