| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0167/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/205 |
| Огноо | 2022-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0167/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Э.О, Б.З,
Хохирогч нарын өмгөөлөгч С.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н-н М-д холбогдох эрүүгийн 2218000000146 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н-н М /РД: ....../, ...... оны ..... дүгээр сарын ....-нд ..... аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... суралцдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ....., ...... дүүрэг, .... дугаар хороо, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Н.М-г согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.4, 3.7а, 3.4б заалтуудыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Э.О-н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.З-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.М-н өгсөн: “...20.... оны .... дугаар сарын .....-нд найзуудтайгаа Д-с С рүү явсан. Замдаа бууж бие засчхаад би өөрөө машинаа жолоодон явж байгаад осол гарсан. Би ямар нэгэн санаатай үйлдлээр найзуудынхаа эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсээгүй юм. Гэм буруутай үйлдэл хийсэнд гэмшиж байна. Бага насны хүүхдийг минь болон хувийн байдлыг маань харгалзан ял, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг
Хохирогч Э.О-н өгсөн: “..20.... оны .... дугаар сарын .....-ны өдөр миний төрсөн ах Э.Г, болон бэр эгч Б.З, түүний найз Н.М, манай найз Б.Х бид нар Д-д бааранд орсон. Надаас бусад нь бүгд пиво уусан бөгөөд баарнаас гарсны дараа С аймаг руу явах замд осолд орсон. Осолд өртсөнөөс хойш ухаан алдаж унадаг болсон. Мөн цаашид хичээл, сургуульдаа суралцах эсэх нь эргэлзээтэй болсон. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг
Хохирогч Б.З-н өгсөн: “...20... оны .... дугаар сарын ....-ны орой Г, М бид 3 С-с Д-д 21 цагийн орчим ирсэн. Дүү О болон түүний найз Х нартай утсаар яриад бид нар “...” гэдэг бааранд орсон. Бааранд ороод 1 шил вино, 8 ширхэг пиво, 200 грамм архи захиалж уусан. 23 цаг 30 минутын үед баарнаас гараас С аймаг руу явсан. Д-ы хойд талын пост өнгөртөл Э.Г машин жолоодож яваад пост өнгөрөөд машинаасаа бууж бие зассан. Гэтэл Н.М машинаа өөрөө жолоодоно гэсэн. Бүгд эсэргүүцсэн боловч Н.М өөрөө машинаа жолоодоод цааш хөдөлсөн. М хурдтай яваад байсан тул Г би буумаар байна, би буучихъя гэж орилоход нь М чи найздаа итгэхгүй байгаа юм уу гээд хурдлаа нэмээд урд явж байсан машиныг гүйцэж түрүүлээд эсрэг талын урсгал руу ороод замын хажууд тал руу шидэгдсэн. Тэрнээс хойш би ухаан алдсан байсан учир юу болсныг санахгүй байна. Гомдолтой байна, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:
20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ..... аймгийн ..... сумын .... дугаар багт байрлах Хар морьтын хөтөл гэх газар нь байв. Уг газарт 2 эгнээ бүхий шулуун хатуу хучилттай авто замтай, замын баруун, зүүн талд үргэлжилсэн урт жалга байв. Ертөнцийн зүгээр замын баруун талд зам дагуу жалганд ..... маркийн .... ..... улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл дээвэр хэсгээр доош харж унасан байдалтай байв. Тээврийн хэрэгслийн зарим эд ангиуд ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүгийг чиглэн тарж бутарсан байна. Осол болсон газарт хэмжилт хийх зорилгоор замын зүүн талд авто замын хөвөө хэсэгт байрлуулсан 94 дугаартай километрийн шонгоор үл хөдлөх цэгийг В цэгээр сонгон авч шинжээч гэрэл зургаар бэхжүүлж авсан.” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 3-8/,
20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад шүүгдэгч Н.М нь 0,82 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн “....... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Хохирогч Э.Г-н өгсөн: “...20... оны .... дугаар сарын ....-ны орой .... цагийн орчим ..... аймгаас найз Н.М, эхнэр Б.З нарын хамтаар ..... аймаг руу явсан. ....д хэдэн цагийн үед ирснийг санахгүй байна. Д-д ирээд “.....” нэртэй бааранд орж 10 шил Heineken нэртэй пиво, 1 шил вино авсан. Ингээд бид 3 дээр нэмээд манай төрсөн дүү Э.О, түүний найз Б.Х ирсэн. Баарнаас 23 цагийн үед гарсан. Баарнаас гараад би Н.М-н ..... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьж явсан. Ингээд Дархан-Уул аймгаас ..... аймаг руу явсан. Д хаалганы ойролцоо цагдаагийн пост өнгөрөөд бид нар зогсож бие заассан. Буцаад суухдаа М өөрөө машиныг баръя гэсэн. Би Н.М-д машинаа барьж яах гээд байгаа юм бэ аюултай гэж хэлсэн. Зогссон газраас хөдлөөд удаагүй осол болсон. Осол гарах шалтгаан гэвэл Н.М 100-130 км цагийн хурдтай явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/
Гэрч Б.Х-н өгсөн: "...Н.М тээврийн хэрэгслийг өөрөө барьмаар байна гэж зөрүүдлэсээр байгаад өөрөө жолооны ард суугаад хажуу талд Золзаяа эгч суусан. Арын суудалд Э.О, би, Э.Г ах суусан. Пост өнгөрөөд зогссон газраас хөдлөөд Н.М тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн хурдтай явж байсан. О ах болон О нар би бууя гэж хашгираад байхад Н.М тоохгүй хурдан явсаар байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Гэрч Ц.Э-н өгсөн: "...20... оны .... дугаар сарын .....-ны өдрийн 23 цагийн үед Д-с С аймаг, А сум руу явсан. Тэгээд Д-с С рүү явдаг замын цагдаагийн пост өнгөрөөд миний урд явж байсан ..... ...... дугаартай Lexus GS450H маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хажуу руу надаас зайтай зогсоод жолооч талаас эрэгтэй хүн буугаад жолоочийн эсрэг талаас эмэгтэй хүн буугаад жолоочийн суудал дээр суусан. Тэгээд би тухайн машины хажуугаар нь гүйцэж түрүүлсэн. Тэгээд удалгүй миний хажуугаар тухайн машин гүйцэж түрүүлж миний урд орсон. Тухайн үед би 100 км цаг хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлсэн. Тэгээд араас нь дагаад явж байтал жолоочийн эсрэг тал руу огцом жолооны хүрд ээ дараад буцаж хариулж жолооны хүрдээ дарах шиг болтол жолоогоо алдаж замын хажуу руу орж осолдсон." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Гэрч П.Т-ын өгсөн: "...уг тээврийн хэрэгсэл манай компанийн нэр дээр байдаг. Тээврийн хэрэгслийг 20.... оны .... дүгээр сарын ....-ны Н.М гэх хүн зээлээр худалдан авсан. Уг машины зах зээлийн үнэлгээ 55,000,000 төгрөг, үүнээс Н.М урьдчилаа 30,000,000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэлийг нь зээлээр гаргуулан авсан. Одоо манай байгууллагад 17,350,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Н.М графикийн дагуу зээлээ төлөөд явж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
20... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн №29 дугаартай “...“Lexus GX-450H” маркийн хар өнгийн ..... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон эсэхийг шалгаж үзэх боломжгүй болтлоо эвдэрсэн байна. Тээврийн хэрэгслийн эвдэрлийн улмаас тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл, тоормоз барьж буй эсэхийг шалгах боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй ба зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь тоормозны системд хамрагдах дугуй, наклодны хэмжээ, хавчин барих барбаны толь зэрэг нь стандартын шаардлага хангаж байгаа зэргээс үзэхэд тоормозны систем, эд ангийн эвдрэл осолд нөлөөлөөгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хавтаст хэргийн 54-62 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн ..... дугаартай “Н.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн ..... дугаартай “...Б.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дугаар сарын .....-ний өдрийн “...Э.О-н биед гавал тархины гэмтэл: гавлын баруун чамархай ясны урагш баруун нүдний аяганы доод ар хэсэг рүү, арагш дагз руу чиглэлтэй хугарал, баруун чамархай зулай ясны хатуу хальсан доорх, дээрх цусан хураа, тархины хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Оч-н биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай “...Э.Г-н биед зүүн гарын бугалга ясны битүү сэлтэрхийтэй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Г-н биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай “...Б.З-н биед цээжний 7,8,9-р нугалмын их биеийн шахагдсан хугаралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 20... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс ...-нд шилжих шөнө зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.З нь цээжний 7.8.9-р нугалмын их биеийн шахагдсан хугарлын гэмтлийн улмаас цээжний 7.8.9-р нугалмын хугарлыг засах, бэхлэх мэс ажилбар хийлгэж эмнэлэгт хэвтсэн болно. Б.З-н биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 137-145 дахь тал/,
20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “...Toyota Lexus GX-450H” маркийн .... ..... улсын дугаартай хар өнгийн суудлын жип автомашин эвдрэл, гэмтэлтэй байдлаарх үнэлгээ/ 8,000,000 төгрөгийн үнэтэй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 124-126 дахь тал/
Шинжээч С.С-ын 20... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн:
2.1...Н.М нь ..... УНО улсын дугаартай хар өнгийн Toyota Lexus GX-450H маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна,
12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.
3.7 а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.
3.4 б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2.2 Осол гарах үндсэн шалтгаан нь хурд хэтрүүлсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болсон байна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 156 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 20.... оны ..... дугаар сарын .....-ны 21/585 дугаартай албан бичиг / хавтаст хэргийн 162 дахь тал/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.О, Б.З нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үүнд: 20... оны .... дугаар сарын ....-нд 21 цагийн орчим шүүгдэгч Н.М нь өөрийн эзэмшлийн ..... УНО улсын дугаартай Toyota Lexus GX-450H маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Б.З, Э.Г нарын хамт С аймгаас Д аймагт ирж хохирогч Э.О, гэрч Б.Х нартай уулзаж “.....” шөнийн цэнгээний газар орж 10 шил пиво, 1 шил вино, 200 грамм архи захиалж уусан.
23 цаг 30 минутын орчим шөнийн цэнгээний газраас гарч С аймаг руу явахаар хөдөлсөн ба ...... аймгийн Замын цагдаагийн Харуулын байр өнгөртөл ..... УНО улсын дугаартай Toyota Lexus GX-450H маркийн тээврийн хэрэгслийг Э.Г жолоодож яваад Харуулын байрны цаанаас Н.М нь өөрийн эзэмшлийн ..... УНО улсын дугаартай Toyota Lexus GX-450H маркийн тээврийн хэрэгслийг жолоодон С аймаг руу явж байгаад Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг “......” гэх газар зам тээврийн осолд орсон.
Уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.О-н биед гавал тархины гэмтэл, гавлын баруун чамархайн ясны урагш баруун нүдний аяганы доод ар хэсэг рүү, арагш дагз руу чиглэлтэй хугарал, баруун чамархайн зулай ясны хатуу хальсан доорх, дээрх цусан хураа, тархины хаван бүхий хүнд хохирол, Э.Г-н биед зүүн гарын бугалга ясны битүү сэлтэрхийтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол, Б.З-н биед цээжний 7,8,9-р нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан гэх үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдож байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.М нь 20... оны .... дугаар сарын ....-ноос ...-нд шилжих шөнө ..... аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, осол болсоноос хойш буюу 20.... оны ... дугаар сарын ....-ны өдөр Н.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь баталгаажин гарсан тухай баримт, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч: Шүүхийн хэлэлцүүлгийн үе болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний биед хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Н.М нь зам тээврийн осол гаргасан гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг эрх бүхий албан тушаалтан хууль, журмын дагуу хөтлөгдөөгүй. Жишээ нь тэмдэглэл дээр он, сар, өдөр нь тодорхой биш, 2-с доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулаагүй гэх хуульд заасан журам зөрчсөн тул тухайн баримтыг нотлох баримтаас хасуулах саналтай байна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн тухайд Н.М нь тухайн үед жолооны курст сураад жолооны эрх олгох шалгалтаа өгч тэнцсэн байсан тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг төлөх боломжгүй. Харин хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно гэв.
Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан “жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,82 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг үйлдэхдээ тухайн ажиллагааг хийсэн цаг, минутыг бичээгүй, 1 хөндлөнгийн гэрч оролцуулсан зэрэг зөрчил байгаа боловч үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэхгүй бөгөөд хэрэг учрал болох нь үед шүүгдэгч Н.М нь согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан байсан нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээс гадна хамт явсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон, шүүгдэгч өөрөө ч согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь 20... оны .... дүгээр сарын ....-нд замын хөдөлгөөний хууль дүрэм, жолоодлогын шалгалтанд тэнцэж 20... оны .... дугаар сарын ....-нд ..... дугаартай жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдсэн болох нь хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан бичгээр тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгохоор, 15.2-т механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосныг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулахаар тус тус заасан байна.
Шүүгдэгч Н.М нь хэрэг учрал болох үед буюу 20..... оны ..... дугаар сарын ....-нд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шаардлагыг хангасан байсан боловч жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь баталгаажаагүй байсан тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан ба дээрх зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор заажээ.
Тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг сахин биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл шүүгдэгч Н.М нь хэрэг учрал болох үед өөрийн эзэмшлийн ..... УНО улсын дугаартай Toyota Lexus GX-450H маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна,
12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.
3.7 а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
3.4 б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчин харанхуй үед буюу шөнийн цагаар, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргээрээ шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаанд холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Очийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.З, Э.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Н.М нь хохирогч Э.О-н эмчилгээний зардалд 3.166,000 төгрөг, хохирогч Э.Г-н эмчилгээний зардалд 2,750,000 төгрөг, хохирогч Б.З-н эмчилгээний зардалд 1,733,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Э.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Э.О, Б.З нар нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба хохирогч нарын өмгөөлөгчөөс тусгайлан санал гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Н.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын хэмжээ авах нь гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ..... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Н.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Г нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.О, Б.З нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт мөрийн баримтаар хураагдсан ...... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР