| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2019/0047/Э |
| Дугаар | 802 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 126.1., 147.1., 17.1.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 802
Л.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Амгаланбаатар,
хохирогч Б.И,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч У.С,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б өмгөөлөгч У.Сийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Бд холбогдох эрүүгийн 201525022297 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
П овгийн Л.Б, 1996 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхнэр, хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;
1. Л.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Рашааны 6 дугаар гудамжны 337-15 тоот нийтийн байранд нэвтэрч бэлнээр 330.000 төгрөг, “Samsung Galaxy Note 1”, “Samsung Galaxy Note 2” загварын гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, 3 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг ширээ, 1 ширхэг малгайтай цамц, 1 ширхэг өмд зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Д.Жд 948.200 төгрөгийн,
2. Улмаар давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 20 дугаар гудамжны 780-04 тоот нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “Elko” загварын зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Ц.Нт 335.000 төгрөгийн,
3. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжны 609 тоот байшинд нэвтэрч мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга, эмээлийн 4 хос даруулга, чулуун хөөрөг, полесон бүс, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр мөн орон байранд нэвтэрч “Samsung Note 1” загварын гар утас, дижитал зургийн аппарат, чихэвч зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Б.Ид 3.184.000 төгрөгийн,
4. 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 1677 тоот хашаанд байрлах байшинд нэвтэрч, “HP” загварын зөөврийн компьютер хулгайлж, хохирогч Т.Гт 500.000 төгрөгийн,
5. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 9 дүгээр гудамжны 606 тоотод байрлах байшинд нэвтэрч, 42 инчийн “LCD” зурагт хулгайлж, хохирогч Б.Нд 865.000 төгрөгийн,
6. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар гудамжны 1548 тоотод байрлах байшинд нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Г.Мт 720.000 төгрөгийн,
7. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, дүүргийн 9 дүгээр гудамжны 374-02 тоот нийтийн байранд нэвтэрч “Ваз” загварын зөөврийн компьютер хулгайлж, хохирогч М.Цд 380.000 төгрөгийн,
8. 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын 1 дүгээр гудамжны 16-7 тоот нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “BSB” загварын LCD зурагт хулгайлж, хохирогч Ж.Сд 220.000 төгрөгийн,
9. 2015 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 тоот нийтийн байранд нэвтэрч хохирогч Д.Пын өмчлөлийн “Dell” загварын компьютер хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн,
10. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 6-134 нийтийн байрны 02 тоотод нэвтэрч монетан хос ээмэг, шар өнгийн гоёлын бөгж, үнэт эдлэл хийх зориулалттай хайрцаг зэргийг хулгайлан авч хохирогч, О.Од 304.600 төгрөгийн,
11. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14 дугаар гудамжны 196 тоотод байрлах байшинд нэвтэрч “Lenovo” загварын зөөврийн компьютер, “Samsung G3”, “Samsung Galaxy S6” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Л.Бд 1.026.000 төгрөгийн,
12. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч У.М-н “Samsung Galaxy S7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 360.000 төгрөгийн,
13. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Горькийн 18 дугаар гудамжны 573-01 тоотод байрлах нийтийн байранд нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер, “Samsung” загварын 42 инчийн зурагт хулгайлж, хохирогч Г.Бд 1.700.000 төгрөгийн хохирол, үргэлжилсэн үйлдлээр мөн байрны 1 давхарт байрлах хохирогч Д.Бгийн гэрт нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер, өвлийн куртка зэрэг эд зүйл хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн,
14. 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 2 дугаар гудамжны 36-1 тоотод байрлах гэрт нэвтрэн эд зүйл хулгайлж, хохирогч О.Мт 982.000 төгрөгийн,
15. 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Эт хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн,
16. Мөн 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Эийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, бэлэн 20.000 төгрөг, “LG” загварын гар утас, эмэгтэй хүний гар цүнх, ХААН банкны виза карт, олон түлхүүр зэргийг дээрэмдэж, түүнд 280.300 төгрөгийн,
17. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот нийтийн байранд нэвтэрч, хохирогч Х.Бгийн өрөөнөөс годон гутал, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч, түүнд 660.000 төгрөгийн,
18. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр хэсэг, 10-312 тоот хохирогч Н.Огийн гэрт хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, загвар нь тодорхойгүй зөөврийн компьютер, шүрэн толгойтой дунд гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, түүнд 6.220.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Л.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогчид хүч хэрэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Бд 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаатай хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг тус тус нэмж нэгтгэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон 859 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бэс нийт 19.755.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Жд 948.200 төгрөг, Ц.Нт 335.000 төгрөг, Б.Ид 3.184.000 төгрөг, Т.Гт 500.000 төгрөг, Б.Нд 865.000 төгрөг, Г.Мт 720.000 төгрөг, М.Цд 380.000 төгрөг, Ж.Сд 220.000 төгрөг, Д.Пд 500.000 төгрөг, О.Од 304.600 төгрөг, Г.Бямбарагчаад 1.026.000 төгрөг, У.Марал-Эрдэнэд 360.000 төгрөг, Г.Бд 1.700.000 төгрөг, Д.Бд 800.000 төгрөг, О.Мт 982.000 төгрөг, Х.Бизъяад 660.000 төгрөг, Н.Од 6.220.000 төгрөг, Н.Эт 50.300 төгрөгийг тус тус олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч У.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохироогүй, хүнд ял шийтгэсэн гэж үзэж байна. Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгэгдэж байгаа бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж ухамсарласан. Мөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжихээ болон учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлдлэг. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх ял оногдуулахдаа харгалзаж үзээгүй. Түүнчлэн шүүхээс ялыг нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар бүгдийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. Учир нь Л.Б үйлдсэн гэмт хэргүүдийн дийлэнхи нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Энэ тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэгтгэх боломжтой гэж үзэж байна. Иймд Л.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Иймд надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Б нь манай гэрт 2 удаа нэвтэрч хулгай хийсэн. Иймд өөрт учирсан хохирол төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсгийг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ашигтай байдлыг журамлан нэмж нэгтгэн асуудлыг ярьж байна. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэх заалтыг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байсан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь 2-8 жилийн хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг нь 5 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг нь 5 жилийн хорих ял оногдуулах санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь 8 жилээс хэтэрч болохгүй гэсэн агуулгаар ойлгогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх гэсэн асуудал яригдахгүй. Яллагдагчид ашигтай байдлаар зохих зүйл, хэсгээр ял оногдуулсан. Шүүгдэгч Л.Б 7 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 18-наас 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаагаар үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн. Дээрх үргэлжилсэн үйлдлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй. Энэ тохиолдолд 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан учир 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг заасныг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Л.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:
Л.Б нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд дангаараа нийт 16 удаагийн үйлдлээр, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 19.755.100 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Эт хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн,
Мөн 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Эийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, бэлэн 20.000 төгрөг, “LG” загварын гар утас, эмэгтэй хүний гар цүнх, ХААН банкны виза карт, олон түлхүүр зэргийг дээрэмдэж, түүнд 280.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.
Л.Б нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг ба түүний үйлдлүүд нь хохирогч Д.Ж /1хх-31-35/, Ц.Н /1хх-70-71/, Б.И /1хх-118-119/, Т.Г /1хх-163-165/, Б.Н /1хх-203/, Г.М /1хх-231/, М.Ц /2хх-10-11/, Ж.С /2хх-34/, Д.П /2хх-40-42/, Н.Э /2хх-115-117/, Оюунгэрэл /3хх-232/, У.М /4хх-223-224/, Г.Б /5хх-35/, Д.Б /5хх-40/, О.М /5хх-153/, Х.б 6хх-209-210/, Н.О /7хх-15/, Д.П /7ххх-195/, гэрч Э.Эн /1хх-36-37/, Б.Б /1хх-120/, С.О /2хх-59/, Г.Га /2хх-118-119/, М.О /2хх-122-124/, Б.Т /4хх-225/, А.У /4хх-228/, О.Б /6хх-156-157/, О.О /7хх-16-17/ нарын мэдүүлгүүд,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16-22, 57-63, 104-110, 153-159, 194-198, 220-224, 2хх-24-29, 81-82, 3хх-210-214, 4хх-97-102, 5хх-24-31, 65, 146, 6хх-200-204, 7хх-7-9/, эд зүйлийн үнэлгээнүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх-87-95, 2хх-13-15, 6хх-148-149/, эд зүйлийг хурааж авсан тухай тэмдэглэл /2хх-5-6, 90-92/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-93-97, 6хх-144, 7хх-192/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх-8, 6хх-15-16, 7хх-190/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2хх-9, 3хх-220-221/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-86-89/, нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл /2хх-98-110/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-222-226/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/573 дугаартай шинжээчийн дүгнэлт /5хх-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/1117 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Л.Б эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, түүний хүчиндэх гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, дээрэмдэх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан байхад прокурор, шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх тухай заалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.
Мөн Л.Б бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед байгаагүй, шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхлэхэд шинээр нэмэгдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинж тул Л.Б эрх зүйн байдлыг дордуулж, түүний бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй юм.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхээс Л.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогчид хүч хэрэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
Харин Л.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялын хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд 2 жил хорих ял болгон хөнгөрүүлж шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар Л.Б нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч У.С нь “... Л.Бд хүнд ял оногдуулсан, мөн ялыг нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүгдийг нэмж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаах, эсхүл ялын бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн хуулийн зохицуулалттай.
Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуульд хэрэглэж байсан хэм хэмжээ, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хэм хэмжээтэй зөрчилдсөн тохиолдолд сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэнэ.
Өөрөөр хэлбэл, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх биш, өмнөх хуулийн зохицуулалтыг халсан, шинээр уг зохицуулалт байхгүй болсон тохиолдолд хууль буцаан хэрэглэхгүй ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Б өмгөөлөгч У.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт ... тус тус зааснаар Л.Бд холбогдуулан ...” гэж шүүгдэгч Л.Б хулгайлах үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйл, хэсгээс өөрөөр бичсэнийг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар...” гэснийг
“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар ...” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаатай хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг тус тус нэмж нэгтгэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаатай хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч У.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН