Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0074/З |
Дугаар | 221/МА2024/0399 |
Огноо | 2024-06-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0399
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Э.М
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар тушаалд хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн XV-013693 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, өмгөөлөгч Ж.Э, Э.М
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0074/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар тушаалд хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн XV-013693 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-д “...шинжээчийн дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын тухай асуудал хариуцсан нэгжээр хянуулж, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна ...”, 1.4-т “... нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах буюу шинжээчийн дүгнэлтийг хариуцсан нэгжээр хянуулах, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй ...” гэж дүгнэжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг баталсан бөгөөд уг дүрмийн 2.2.2-т “... үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулж төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулж, хэлэлцүүлэх тухай санал авсны үндсэн дээр Зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцэн зөвлөмж дүгнэлтийг гаргах”, 2.2.4-т “Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан, материалын бүрдэл хангаагүй тохиолдолд зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн дарга Төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжийн даргаас албан бичгээр буцаах” гэж тусгайлан зохицуулсан.
Гэтэл манай компани тусгай зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаанд шинжээч томилуулах хүсэлт гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилсон шинжээчээр хайгуулын ажлын тайланг хянуулж дуусган хариуцагч “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн. Үүний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга хайгуулын ажлыг хянуулах хяналтын хуудас үзлэгийн баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байхад дахин эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргах үүрэгтэй байсан мэтээр дүгнэж, нэхэмжлэгч компанийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Баримт бичгийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь баримт бичгийг шийдвэрлэх хугацаанд хяналт тавих, явц байдлыг хянах, мэдээ, тайланг гаргах зэрэг тодорхой үе шаттай ажиллагаанаас бүрдэнэ”, 42.3-д “Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих ажлыг байгууллагын холбогдох ажилтан хариуцан, зохих албан тушаалтан зохион байгуулна” гэж хуульчилсан. Мөн Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 6.1.1-д “Баримт бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналт нь баримт бичгийг хяналтад авах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, шалгах, шийдвэрлэсэн баримт бичгийг хяналтаас хасах, шийдвэрлэлтийн яв, түүний үр дүнг тооцох, мэдээ тайлан гаргах, удирдлагад танилцуулах зэрэг ажилбараас бүрдэнэ”, 6.1.3-д “Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих зохион байгуулалтын болон техникийн ажлыг байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтан, эсхүл бичиг хэргийн ажилтан хариуцан зохион байгуулна” гэж заасан бөгөөд эдгээрээс үзвэл хяналтын хуудсыг байгууллага холбогдох албан тушаалтнаараа дамжуулан дотооддоо зохион байгуулах үүрэгтэй байна.
Мөн манай компани 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-27/20 тоот албан бичгээр “... хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруул дууссан тул хяналтын хуудас олгож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэст бичгээр гаргасан байхад анхан шатны шүүхээс энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлээгүй, мөн нэхэмжлэгчийг шинжээчийн дүгнэлт, хяналтын хуудсыг төрийн захиргааны байгууллагын хариуцсан нэгжээр хянуулах үүрэгтэй байсан мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ээр хяналтын хуудсыг төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулах, буцаах, хэлэлцүүлэх санал гаргах эрх, үүргийг “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-д олгосон болно.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл” нь нэхэмжлэгчийн холбогдох материал хүсэлтийг хүлээн авсан атлаа зөвлөлөөр хэлэлцүүлэх, хэлэлцүүлэхээс татгалзах, эсхүл дутуу материалыг шаардах зэргээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байхад анхан шатны шүүхээс эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчимд нийцэхгүй байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-д “...Нэхэмжлэгчээс дээр дурдсанчлан шинжээч томилуулж хяналтын хуудсыг авсан хэдий ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн дүгнэлт гаргуулаагүй, улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байх тул хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ ...” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэмд заасан үүргээ бүрэн биелүүлж шинжээчийн дүгнэлтийг гаргуулан, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулж хэлэлцүүлэхээр хүргүүлсний дагуу тус зөвлөлөөс хяналтын хуудас олгогдсон. Гэвч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчийн дүгнэлтийг хэлэлцүүлэх эсэх саналыг холбогдох албан тушаалтнуудаас хяналтын хуудсаар авах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, дүгнэлтийг хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн дүгнэлт гаргаагүй болно.
Иймд Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар уг дүгнэлтийг үндэслэн хийгддэг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас бус Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйн улмаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй болно.
Нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 25.1.7-д заасан баримт бичгүүдийг хавсаргаж өгөөгүй шалтгаан нь нэхэмжлэгчийн бус төрийн захиргааны байгууллагын дээрх хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар уг бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, нарийвчлан судлах үүргээ хэрэгжүүлэлгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хууль бус байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Анхан шатны шүүх бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргаагүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь шүүх “нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-025/20 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн АА-2020/61 дүгээр шийдвэрээр шинжээчээр Д.С-г томилжээ” гэсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрчээ. Шинжээчээр томилогдсон Д.С нь үүргээ биелүүлж ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байхад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг мэт дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохироогүй шийдвэр гэж үзнэ. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргасныг үндэслэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хяналтын хуудас олгосон байдаг. Энэ нь шүүгчийн шийдвэртээ дурдсан албан бичгийн бүртгэл, хяналтын картаар нотлогддог.
Шүүх “нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах буюу шинжээчийн дүгнэлтийг хариуцсан нэгжээр хянуулах, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаагүй байх тул хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэснийг бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэхгүй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.1-д “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэхээр заахдаа “тайланг хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэх асуудлыг тэмдэглэл хөтөлж дүгнэлт гаргах” гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үүргийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг мэт дүгнэн шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд нийцээгүй байна. Хэрвээ тайлан нь шаардлага хангахгүй бол эрдэс баялгийн зөвлөл нь албан бичгээр буцаах талаар тус дүрмийн 2.4-т заасан байхад зөвлөл албан бичгээр буцаагаагүй, эсхүл зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл байхад шүүх бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэхгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/52 тоот тушаалаар хайгуулын ажлын дотоод заавар баталсан байх ба энэхүү зааврын 2.1-д “Ашигт малтмалын хайгуулын асуудал хариуцсан нэгж хүлээн авч хяналтын хуудас олгох”-оор, 2.4-т “хяналтын хуудсыг хайгуулын асуудал хариуцсан нэгжийн дарга Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөх, эсхүл үндэслэлгүй гэж үзвэл 1 удаа буцаах” талаар дурдсанаас үзэхэд төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх ёстой чиг үүргийг нарийвчлан тодорхойлжээ. Түүнчлэн ашиглалтын ТЭЗҮ танилцах, хянах санал дүгнэлт боловсруулах дотоод зааварт ч энэ агуулга ижил байдлаар тусгагдсан байна. Төрийн захиргааны байгууллага дотооддоо мөрдөх журмын дагуу үүргээ биелүүлж ажиллаагүй байхад нэхэмжлэгчийн үүрэг мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан төрийн захиргааны байгууллагын үүрэг байхад нэхэмжлэгчийн үүрэг мэт дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан үүргийнхээ дагуу ордын нөөц, эрэл хайгуулын дүнгийн тайланг журам, ангилалд нийцүүлэн боловсруулж, төрийн захиргааны байгууллага болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн. Харин төрийн захиргааны байгууллага нь мөн хуулийн 48.4-т заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулийн 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж үүрэг болгосон байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг мэт дүгнэсэн нь илт хууль бус байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл заасны дагуу Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “10.1.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь төрийн гүйцэтгэх ёстой чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь эрхэлсэн сайдаас баталсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч нь холбогдох тайланг гаргуулан төрийн байгууллагад хүсэлтээ өгснийг үндэслэн хяналтын хуудас олгогдсоны дараа ямар нэг шийдвэр гаргалгүй, эс үйлдэхүй гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Шүүх эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн дүгнэлт гаргуулаагүй гэж хууль болон дүрэмд байхгүй үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Эрдэс баялгийн зөвлөлийн шийдвэр гарсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал шийдвэрлэгдэх журамтай. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 85 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллагын өргөдөлтэй холбоотой үүргийг тодорхойлсон байх бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдлийг хүлээлгэх өгөх, хяналтын хуудсыг бөглүүлэх талаар үүрэг болгосон зохицуулалт байхгүй байна. Ингэхдээ 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-027 тоот албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч хяналтын хуудас олгосон мөртөө эцэслэн шийдвэрлээгүй нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй болох нь нотлогдож байна.
4.3. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. Гэрчээр шинжээч Д.С-аас мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй, гарын үсэг зуруулаагүй мэдүүлгийг үндэслэсэн нь хууль бус байна.
4.4. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг та бүрээс нь бодитойгоор, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар тушаалд хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн XV-013693 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөц хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дээрх хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар тушаалаар манай компанийн XV-013693 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хасч, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаар дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт байрлах Хойд Аргалант нэртэй 1252.99 гектар талбай бүхий XV-013693 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 168, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шийдвэрүүдээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3, 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс дээрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-025/20 албан бичгээр “Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт орших Хойд Аргалант нэртэй манганы хүдрийн ордонд 2019-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж дууссан тул шинжээч томилж өгнө үү”, мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-027/20 дугаар албан бичгээр хяналтын хуудас олгуулах тухай хүсэлтүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэст гаргажээ.
2.4. Дээрх хүсэлтүүдийн дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ХХ-2020/61 дүгээр шийдвэрээр геологич Д.Сыг шинжээчээр томилж, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын хуудас олгосон байх бөгөөд нэхэмжлэгч компаниас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хугацаа дууссан байхад Манганы хүдрийн ордын нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргуулахаар хандсан зүйл байхгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх ба шинжээчийн дүгнэлт гаргаснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.
2.5. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 2.2-т “Зөвлөл энэхүү дүрмийн 2.1-д заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан эрх эдэлнэ”, 2.2.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс ирүүлсэн ашигт малтмал болон бүтээгдэхүүн хуваах гэрээлэгчээс газрын тосны ордын нөөцийн ангилалд нийцүүлэн зөвлөх болон мэргэшсэн мэргэжилтэн ахлаж боловсруулсан ордын нөөцийн тооцоолол бүхий үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулж төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулж, хэлэлцүүлэх тухай санал авсны үндсэн дээр Зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргах” гэж заажээ.
2.6. Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд шинжээчийн дүгнэлтийг гаргуулаад төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгжээр хянуулаагүй, мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх талаар албан ёсоор хүсэлт гаргаагүй байгаа энэ тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
2.7. Нөгөөтээгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж тус тус хуульчилсны дагуу нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй хэдий ч ингэхдээ мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрэн хавсаргахаар байна.
2.8. Нэгэнт Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт гараагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй байгаа энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан бүрдлийг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН