Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 52

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, 
Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг
Улсын яллагч Э.*******
Шүүгдэгч Х.*******
Хохирогч Ч.*******
Иргэний нэхэмжлэгч  Ш.*******
нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас   Монгол  Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******д холбогдох 201613000121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч Монгол Улсын харьяат, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт амьдардаг, Завхан аймгийн Алдархаан сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* РД: /*******/

Шүүгдэгч Х.******* нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Х.*******  нь 2016 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 23  цагийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын “Лааны булан” гэх газар МУСТАНГ-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалд орж иргэн Ш.*******ийн жолоодож явсан УАЗ-2206 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь Осол гарах үед байсан, тухайн ослыг харсан талаар мэдүүлсэн хохирогч Ч. *******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... тэр орой ...маргааш аймгийн баяр болох гэж байгаа юм чинь аймаг орж АТМ-ээс мөнгө аваад ирье гэхэд Х.******* зөвшөөрөөд *******ийн улаан өнгийн МУСТАНГ-5 маркийн мотоциклоор ******* бариад би хойгуур нь суугаад явж байхад Лааны булангийн тэнд урдаас нэг пургон авто машин гарч ирээд бид хоёр мөргөлдчихсөн. Тухайн үед би ухаан алдаад аймгийн эмнэлэгт ухаан ороход зүүн хөлний гуяны чөмөг хугарч, зүүн гарын шууны яс хугарсан байсан. Нийт зардал 2 сая төгрөг болсон. Гарсан зардлыг өөрөө гаргасан...”  гэсэн мэдүүлэг, 
Иргэний нэхэмжлэгч Ш.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  “...Би тэр өдөр морин дээрээ очиж хонохоор болоод шөнө 23 цаг өнгөрч байхад төвөөс доошоо гараад “Цагаан хаалга”-ны пост өнгөрөөд Лааны булан руу урууддаг замаар явж байтал урдаас хурц гэрэл хурдтай гарч ирэхээр нь би гэрлээ шилжүүлээд замаа чөлөөллөөд хурдаа сааруулаад зогсох гэтэл нөгөө хурц гэрэл хурдтай ирээд миний машин руу түс гээд мөргөчихсөн. Тэгээд би машинаасаа буугаад гүйгээд очиход зам дээр мотоцикл уначихсан хажууд нь нэг хүүхэд хэвтэж байсан. Тэр хүүхэд намайг очиход ахаа миний найз хаачив гэсэн. Би гүйж очоод тэр хүүхдийг босч болохгүй шүү гэж хэлээд эхнэртээ эмнэлэг, цагдаад дуудлага хурдан өгөөрэй гэж хэлчихээд ойр орчинд харахад замын хажуу талын далангийн дор нэг хүүхэд хэвтэж байсан. Тэгээд тэр хоёр хүүхдийг хэвтэж байгаа газраасаа босч болохгүй шүү гэж хэлээд хараад байж байтал зам дээр мотоциклийнхоо хажууд хэвтэж байсан хүүхэд нь далангийн дор найзынхаа хажууд ирээд хэвтсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Удалгүй эмнэлэг ирээд тэр хоёр хүүхдийг үзээд аваад явахад нь хамт явсан. Бид нарын машин, мотоциклийг цагдаагийн газарт аваачиж саатуулсан. 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тэр мотоцикл миний явж байсан урсгал руу орж ирээд мөргөсөн. Алдархаанаас Улиастайн зүг рүү чиглэж гарч ирээд миний урсгалд орж мөргөсөн. Маш хурдтай гэрлээ шилжүүлээгүй ирсэн. Хоёулангаас нь архи үнэртээд байсан. Нийтдээ надад учирсан 1.391.200 төгрөгийг буруутай этгээдээс төлүүлж барагдуулж өгөхийг хүсч байна. Одоо 1000000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,  
Гэрч Ж.гийн “...шөнө 23 цаг өнгөрч байхад сумын төвөөс доош чиглэлд гараад Цагаан хаалганы пост өнгөрөөд Лааны булан руу урууддаг замаар явж байтал урдаас хурц гэрэл хурдтай гарч ирээд бидний явж байсан зам руу орж ирээд бидний явж байсан эсрэг урсгал руу орж ирээд бидний машин луу хурдтай ирэхээр нь би нөхөртөө ээ юу боловоо согтуу хүн байх шиг байна шүү зогсоогоорой гэж хэлсэн. Манай нөхөр машинаа замаас гаргаад зогсох гэтэл тас няс гээд явчихсан. Тэгээд машинаас буугаад гүйгээд очиход зам дээр мотоциклийнхоо хажууд хүүхэд хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр гүйж очоод тэр хүүхдийг босч болохгүй шүү гэж хэлээд намайг эмнэлэг цагдаад дуудлага хурдан өгөөрэй гэсэн. Би эмнэлэгт дуудлага өгчихөөд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тэр хүүхэд манай найз хаана байна вэ? гэхээр нь ойр орчинд харахад эрэг дор нэг хүүхэд байсан. Тэгээд тэр хоёр хүүхдийг хэвтэж байгаа газраасаа босч болохгүй шүү гэж хэлээд хараад байж байтал зам дээр мотоциклийнхоо хажууд хэвтэж байсан хүүхэд нь эрэг дор хэвтэж байсан найзынхаа хажууд ирээд хэвтсэн. Эрэг дор хэвтэж байгаа хүүхэд юуч ярихгүй хэвтээд байсан. Тэгээд цагдаа ирээд хамгаалалт аваад байж байтал эмнэлэг ирээд тэр хоёр хүүхдийг үзээд аваад явсан. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Ц.ын ”...орой 23 цаг өнгөрч байхад ... Алдархааны тийшээ Лааны булангийн харалдаа явж байхад эгч хүүе согтуу хүн байна зогс гээд ******* ахад хэлсэн. Тэгээд би хаана согтуу хүн байгаа юм бол гээд хартал жирэлзсэн цагаан гэрэл замаар мурилзуулаад ороод ирсэн. ******* ах машинаа зогсоосон. Нөгөө гэрэл өнгөрөөд явчихлаа гэж бодтол машины хажуу талд тас няс гэх чимээ гэраад явсан. Тэгээд жолооч буугаад мотоциклтой унасан хүн рүү гүйж оччихоод буугаад ирээч гэж бид нар луу орилсон. Би машинаас бууж очиход замын хажуу талын далангийн дор нэг хүүхэд хэвтэж байсан. ******* ах намайг тэр хүүхдийг харж бай гэж хэлчихээд зам дээр мотоциклийн хажууд хэвтэж байсан хүүхэд рүү ******* ах явсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Түрүүлж цагдаа нар ирсэн. Дараа нь эмнэлэг ирээд мотоциклтой явсан тэр хоёр хүүхдийг аваад явсан. Би ******* гэдэг хүүхдийг түшиж эмнэлэг дээр эмчтэй хамт очсон. Манай машин хурд багатай явж байсан. Машин өөрийн зорчих хэсгээрээ Алдархаан сумын чиглэлд зорчиж явж байсан...” гэсэн мэдүүлэг, 
Гэрч С.ын “... орой 23 цагийн орчимд хөдөө Алдархаан сум руу явахаар аавын машинтай ээж, аав, эгч, эгчийн хүүхэд бид 5 явж байсан. Улиастай сумаас гараад доош цагаан хаалга өнгөрөөд лааны булангийн тэнд явж байхад урдаас нэг мотоциклийн гэрэл хурдтай гарч ирсэн. Ээж согтуу хүн байна зогсоорой гэж хэлсэн. Аав зам чөлөөллөөд зогссон. Би тэр мотоциклийг өнгөрөөд явчихлаа гэж бодтол машины хажуугаас ирээд мөргөсөн. Тэгээд аав бууж гүйгээд ээж рүү хурдан гараад ир, утас аваад ир түргэн дуудмаар байна гэж хэлсэн. Ээж гарч очиод түргэн цагдаад дуудлага өгсөн. Би машинаас буугаад харахад зам дээр мотоциклийн хажууд нэг хүүхэд хэвтэж байснаа миний найз хаачив гээд дуугарсан. Аав доошоо гүйгээд явсан. Би араас нь очиход замын хажуу талын далангийн дор нэг эрэгтэй хүүхэд нь хэвтэж байсан. Тэгээд би тэр хүүхдийг хөдөлж болохгүй шүү гээд хэлэхэд зам дээр хэвтэж байсан хүүхэд нь босоод доошоо гүйж очоод замын хажуу талын далангийн дор байсан хүүхдийнхээ хажууд очоод хэвтсэн. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд тэр хоёр хүүхдийг аваад явсан. Мотоцикл Алдархаан сумаас Улиастай сум руу чиглэж замын бидний машин явж байсан хэсэг рүү орж ирсэн. Хурдтай гэрлээ шилжүүлээгүй...” гэсэн мэдүүлэг болон  хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  хангалттай тогтоогдож байна. 
Зам тээврийн ослын улмаас Ч.*******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Иргэн Ч.*******ын биед: Гэмтэл үүссэн байна. зүүн шуу ясны далд хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний далд сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.
1. Учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
2. Иргэн Ч.*******ын биед: Зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хөлийн дунд чөмөгний далд сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна. 2016.07.09-ны рентген зургаар баталгаажсан байна.
Дээрх гэмтэл нь гэмтлийн гаралтай байна...” гэсэн шинжээч эмчийн ?201620272 дугаартай дүгнэлтээр,

Иргэний нэхэмжлэгч Ш.*******т 1340000 төгрөгний хохирол учруулсан нь 2016 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 141 тоот шинжээчийн дүгнэлтээр тус тус  тогтоогджээ.
Шүүгдэгч Х.******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж буюу гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “согтууруулах ундаа... хэрэглэсэн.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-гийн “Согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А дахь хэсэгт заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт, мөн дүрмийн 2.3.В-д заасан “Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “...Жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дүгнэлтээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэллээ.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний төвөөс согтуурлын хувь хэмжээг ангилж тогтоосон байх бөгөөд цусан дахь спиртийн хэмжээ 0,5-1,5 хувь байвал хөнгөн зэргийн согтолтод хамаарна гэжээ. 
Түүнчлэн Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи... этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна.” гэж заасны дагуу түүний ууж хэрэглэсэн пиво нь согтууруулах ундаанд хамаарч байгаа бөгөөд Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201640065 дугаартай “..*******ийн судаснаас авсан цус шинжилгээнд тэнцэж байна... цусанд 1,2 проммиль спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон хохирогчийн.. бид 2 нэг нэг  пиво уусан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг нотлож байна. 
Иймд шүүгдэгч Х.*******ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж буюу  гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ согтууруулах ундаа... хэрэглэсэн.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-гийн “Согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А дахь хэсэгт заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт, мөн дүрмийн 2.3.В-д заасан “Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “...Жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж иргэн Ш.*******ийн жолоодож явсан УАЗ-2206 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Ч.*******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх байдлаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
         
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдэж байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагаанд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ.
 Шүүгдэгч Х.*******д ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар хураагдсан  рентген зураг 5 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг зэргийг хохирогч Ч.*******т буцаан олгох нь зүйтэй 
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  хохирогч Ч.******* нь эмчилгээний зардал болон цаашид эмчлүүлэх зардал  2000000/хоёр сая/төгрөг, иргэний нэхэмжлэгч  Ш.******* нь машины эвдэрлийн үнэ болон бусад зардалд 1391200 төгрөг  тус тус нэхэмжилжээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзаж 1000000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч  нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон  гарсан зайлшгүй бүх зардлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгаж, нөхөн төлөхөөр тус тус заажээ. 
Иргэний нэхэмжлэгч Ш.*******ийн эд хөрөнгөд  1340000 төгрөгний хохирол учирсан болох  нь 2016 оны  07 дугаар сарын 14 сарын өдрийн 141 дугаартай шинжээчийн үнэлгээгээр тогдоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзаж 1000000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах  үндэстэй гэж үзлээ.
           Хохирогч Ч.******* нь эмчилгээний зардал болон цаашдын эмчилгээнд зарцуулах зардалд 2000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх хохирогчийн гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг тооцоход 444000 төгрөгний баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс 444000 төгрөг гаргуулж, хохирогчид олгож, 1556000 төгрөгийг хасч шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. 
Хохирогч Ч.******* нь эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал, иргэний нэхэмжлэгч Ш.******* нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ч.*******т хохиролд 2000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт  нэхэмжилсэн төлбөр төлөгдөөгүй учраас эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тэдний хохирлыг төлөх  хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Хэрэгт шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дахь хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.1, 291 дүгээр зүйлийн 291.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 04/дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.*******д 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 5 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.*******т буцаан олгосугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.*******ээс 1444000 төгрөг гаргуулж хохирогч Ч.*******т 444000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.*******т 1000000 /нэг сая/ төгрөг тус тус олгосугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримт гаргаж бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч хохирогч Ч.*******т 2000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.  
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөөс 2 хаалгатай хөлдөөгч, нимгэн дэлгэцтэй том зурагт  зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шүүгдэгч Х.*******ийг хохирол  төлөгдтөл хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт нь давж заалдах гомдол гаргах,улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ              Н.ДЭЛГЭРМАА