Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0620/Э |
Дугаар | 2022/ШЦТ/664 |
Огноо | 2022-06-22 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч П.Б, О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П ийн Б , Б овогт О ы Х нарт холбогдох эрүүгийн 2209007370682 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...тоотод оршин суух хаягтай,
Урьд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар, 05 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж дууссан,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 291 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн Б овогт П ийн Б /РД:.../,
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...тоотод оршин суух хаягтай,
Урьд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 05 жил, 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дууссан Б овогт О ы Х /РД:.../,
Шүүгдэгч О.Х , П.Б нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “ажлын хувцасны дэлгүүр” нэртэй дэлгүүрт үйлчилгээ авах гэж буй мэт дүр эсгэж, иргэн Б.Т ийн анхаарлыг сарниулж Хуавэй пи-40 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Х , П.Б нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “ажлын хувцасны дэлгүүр” нэртэй дэлгүүрт үйлчилгээ авах гэж буй мэт дүр эсгэж, иргэн Б.Т ийн анхаарлыг сарниулж Хуавэй пи-40 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т ийн өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед ... тоот буюу манай ажлын байр болох “... ”-т байж байтал гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд хувцас захиалга өгөх гэсэн юм гээд манай ажил дээр байсан хувцаснуудыг үзсэн бөгөөд нэг нь хүн рүү залгаж байгаа бололтой утсаа чихэндээ барьчихсан байсан. Тэгээд тэр хоёр захиалга өгөх хүн нь утсаа авахгүй байна гэж хэлээд надад нэг утасны дугаар тэмдэглүүлээд гарсан. Тэгээд тухайн хоёр хүнийг гарсны дараа өөрийнхөө утсыг хайтал байхгүй байсан бөгөөд тухайн хоёр хүний араас гүйгээд гартал байхгүй болчихсон байсан бөгөөд манай ажлын хяналтын камерын бичлэгт бүх зүйл тодорхой бичигдсэн байгаа. Би өөрийн гар утсыг 2021 оны 08, 09 сарын үед хувь хүнээс 650.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо 600.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдагдсан утасныхаа имей дугаарыг мэдэхгүй бөгөөд анх хайрцаг савгүй авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сд-д үзлэг хийсэн тухай “...Үзлэгийг цагаан өнгийн “Huawei P40” гэсэн бичиглэл бүхий 702 МВ багтаамж бүхий Сд-д хийв. Сд-г компьютерт хийж тоглуулан үзэхэд дотор нь 8 минутын “... ” гэсэн нэртэй видео бичлэг байв. Тус бичлэгт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ”-н хяналтын камерын бичлэг байх бөгөөд тус камерын бичлэгийн цагаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний 17 цаг 11 минутад гаднаас сэжиг бүхий хар өнгийн куртик, дотуур нь цэнхэр өнгийн юүдэнтэй цамц цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн пүүз зэрэг зүйлс өмссөн 30 орчим насны эрэгтэй хүн, түүний араас ногоон өнгийн кепкин малгай цагаан судалтай хар хөх өнгийн биеийн урд талдаа цахилгаантай цамц, дотуур нь цэнхэр өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд өмссөн 50 орчим насны эрэгтэй хүн орж ирэх бөгөөд тус сэжигтэй хоёр этгээд нь ... ийн хувцаснуудыг үзэж байгаад 17 цаг 18 минутад лангууны доод хэсгээс 30 насны эрэгтэй хүн гар утас аваад гадагш гарч буй бичлэг бичигдэн үлдсэн байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 43-44/-р тал,
“Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний байгууллагын “...Хуавэй пи-40 маркийн гар утас 350.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх тайлан /хх-ийн 49-50/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Бгийн яллагдагчаар өгсөн “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Х ын яллагдагчаар өгсөн “...Худалдагч нь цаашаа хараад зогсож байхаар нь лангуун дээр байсан гар утсыг нь авчихсан юм. Намайг гар утас авч байхыг Б харж, мэдэж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т д хохирлыг 300.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 77-78/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч П.Б, О.Х нарын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч П.Б, О.Х нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заажээ.
Шүүгдэгч П.Б, О.Х нарын тухайд бүлэглэн дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос тэдний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд, шүүгдэгч П.Б, О.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч П.Б, О.Х нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х нарт тус бүр 06 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нарт хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч П.Б, О.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Прокурор шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналдаа тэдгээрийг 06 сар, 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох гэж зорчих маршрутыг тогтоож өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас харвал прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргах эрхтэй ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах...” үүргийг хүлээлгэхээр зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн шүүгдэгч нь зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэгтэй байхаар хуульд тусгагджээ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч П.Б нь өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан бол шүүгдэгч О.Х нь 2 удаа шийтгүүлж байсан талаар прокурор яллах дүгнэлтдээ тусгажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч П.Б, О.Х нарт прокурорын саналын хүрээнд буюу тэдгээрийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон маршрут тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Эрүүгийн хариуцлагын зорилго болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь нийт 9 дүүргээс бүрдэх бөгөөд шүүгдэгч П.Б, О.Х нар нь зүүн тийш Налайх, Багахангай, Багануур дүүрэгт зорчих боломж бүрдэх юм.
Шүүхээс шүүгдэгч П.Б, О.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 06 сар, 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, харин зорчих маршрутын хүрээнд прокурорын саналд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд, шүүгдэгч О.Х ыг 06 сар, 10 хоногийн хугацаанд зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч П.Б-г 06 сар, 10 хоногийн хугацаанд зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад
Шүүгдэгч П.Б, О.Х нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П ийн Б , Б овогт О ы Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х нарт тус бүр 06 сар, 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг 06 сар, 10 хоногийн хугацаанд зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг,
-Шүүгдэгч О.Х ыг 06 сар, 10 хоногийн хугацаанд зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг тус тус хүлээлгэж тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч П.Б, О.Х нар нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, О.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР