Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0220/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Э.М, Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Э-ы М, Х овогт Ц-н Э нарт холбогдох эрүүгийн 2218000000225 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, М овогт Э-ы М /РД: ....../, ...... оны ..... дугаар сарын .....-нд ...... аймгийн ...... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ........, ....... сум, ..... дугаар баг, ....... ...... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

- ....... аймаг дахь сум дундын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ...... дугаар сарын .....-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- ....... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.

- ...... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн 30 хоног хорих ялыг 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 1 жил 1 сараар тогтоосон, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

 

2. Монгол Улсын иргэн, Х овогт Ц-н Э /РД:...../ ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ..... аймгийн ...... сумын ...... дүгээр баг .....-ы ...... тоотод оршин суух, урьд:

- ...... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М, Ц.Э нар нь бүлэглэн ..... оны ..... дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг ...... Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр хүртэл хадгалсан, 20..... оны ..... дүгээр сарын ....-нд “Нэткапитал финанс корпораци” ББСБ-н өмчлөлийн ..... ДАУ улсын дугаартай “Mitsubishi Outlander-cwow” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 315,9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.М-н өгсөн: 20... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр манай хоёр найз болох Ц.Э, Г.Д нар ирээд бид гурав Г.Д-ий гэр рүү нь очиж хоол хийж идсэн. Г.Д-ий аав нь хотоос ирж Г.Д аавтайгаа хамт гэр рүүгээ харьсан. Дараа нь Ц.Э бид хоёр өмнө нь үлдээсэн нөгөө юмаа очиж үзэхээр тохиролцоод очиход байсан. Сорж үзмээр санагдаад тамхинд ороогоод сорсон. Би тухайн үедээ өмнө нь энэ асуудлаар шоронд орж байсан болохоор дахиж ингэж болохгүй гэж бодоод хогийн цэгийн хажууд зогсож байх үед цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Э-ийн өгсөн: Би тэр өдөр гэрээсээ гараад найз Г.Д, Э.М нартай уулзаад хоол хийж идсэнийхээ дараа нөгөө үлдээсэн юм байгаа эсэхийг үзэхээр очиход байсан. Тэгээд яагаад ч юм нэг сорж үзмээр санагдаад байхаар нь тамхины цаасанд хийж сорсон. Г.Д-ий гэрийн хажууд байдаг хогийн цэгийн хажууд байх үед цагдаа нар ирсэн. Би энэ асуудлаар тэнсэнтэй байгаа болохоор сар бүр шинжилгээ өгдөг байсан. Тухайн үед болохгүй юм хийгээд байна даа гэж бодож байсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр баг, .... дүгээр байрны гадна байрлах авто зогсоол дээр байх ...... ДАУ улсын дугаартай “Mitsubishi Outlander-cwow” маркийн тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгон ороход нялуун хурц үнэр үнэртэж байх ба голын хайрцагийг онгойлгож үзэхэд Layes гэсэн утга бүхий бичигтэй уут доторх зүйлийг үзэх зорилгоор нээхэд цагаан өнгийн гялбар уут дотор ногоон өнгийн нойтон ургамал мэт хурц үнэртэй зүйл байх ба уг Lays гэсэн бичигтэй ногоон уут дотор ургамал мэт ногоон өнгийн хатаасан зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд тусган хураан авав. Урд талын хайрцагийг нээхэд мөнгөлөг өнгийн цаас байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,  

20…. оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн Ц.Э-н биеэс биологийн дээж авахад ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11/,

20…. оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн Э.М-ийн биеэс биологийн дээж авахад ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-15/,

20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн: ...... аймаг ..... сумын ..... дугаар багт байрлах Альфа тауны хажуу талаар машинтай ертөнцийн зүгээр зүүн зүгт Дархан сумын ..... дугаар баг ......чиглэлд явж Дархан сумын ..... дугаар багт байрлах ..... дэлгүүр, төв замаас ертөнцийн зүгээр хойд зүгт шороон замаар салж дээш өгсөн ертөнцийн зүгээр зүүн зүгт явж ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах бетон хашааны хажуугаар явж, цаана байх нүхэн гарцанд нуусан байсан өвсийг авсан гэх шүүгдэгч Ц.Э, Э.М нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-29/,  

20... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гялгар ууттай 160.3 грамм нойтон ургамал мэт зүйл, Lays гэсэн бичиглэлтэй гялгар ууттай 154,6 грамм хатсан ургамал мэт зүйл, дөрвөлжин эвхсэн тугалган цаас 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/,

Гэрч Г.Д-н өгсөн: 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр 18 цагийн үед Ц.Элбэгтэй уулзаад бид хоёр Э.М-н гэр рүү явсан. Буцаад гурвуулааа манай гэрт очиж хоол хийж идээд байж байхад Ц.Э-н ээж нь Зулзагын голоос ирсэн гэхээр нь бид хэд машинаа солих гээд манай гэрээс гарсан. Тэгээд унаж явсан машинаа солиод хуучин авто вакзол руу манай аавыг тосох гээд явсан. Манай аав 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирэхээр нь би Ц.Э-н машинаас буугаад аавтай хамт гэр рүүгээ орсон. 20.... оны ..... дүгээр сарын .....-ний шөнө 03 цагийн үед Ц.Э, Э.М хоёр намайг гараад ир гэж дуудсан. Би гэрээс гараад машинд суухад нэг ширхэг майлд тамхийг манай хоёр найз татаж үзэх үү гэж хэлэхэд би юу гэдгийг нь мэдэхгүй 3 удаа сороход гашуун муухай амттай байхаар нь буцааж өгсөн. Тэгээд манай хоёр найз ээлжилж татаж дуусгаад болье гэж хэлээд цонхоор хаясан. Удалгүй цагдаа нар ирээд тээврийн хэрэгсэл шалгаж байгаад ууттай зүйлийг олоод хурааж авсан. Бид гуравыг дагуулаад цагдаагийн газар руу явсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Гэрч Д.Г-ын өгсөн: Ц.Э миний том хүү байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу зөөлөн ааштай, миний үгнээс зөрөөд байдаггүй, уурласан бол уур нь хурдан гардаг хүнд их тусархуу зантай. Хүнээс үг сонсож чаддаг хүлээцтэй зан чанартай. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Урлагт дуртай, дуулж, хөгжим тоглох дуртай. Би ..... ДАУ улсын дугаартай саарал өнгийн Mitsubishi outlander2-cwow маркийн тээврийн хэрэгслийг 20..... оны ..... дугаар сарын .....-нд 23 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ 9,200,000 төгрөгийг бэлэн өгөөд 13,800,000 төгрөгийг Нэт капитал ББСБ-аас зээлээр авсан гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Нэт капитал финанс корпораци ББСБ-тай Д.Г-ын 20..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 43-48/,

Гэрч П.Т-ийн өгсөн: Mitsubishi outlander2-cwow маркийн тээврийн хэрэгслийг Д.Г гэдэг хүн манай байгууллагаас 20…. оны ..... дугаар сарын .....-ны өдөр худалдан авсан. Өнөөдрийг хүртэл зээл ямар нэг асуудалгүй төлөгдөөд явж байгаа. Тээврийн хэрэгсэлд ямар нэг хохирол учраагүй зээл хэвийн төлөгдөөд явж байгаа болохоор манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

Гэрч Г.Ц-ын өгсөн: Э.М нь миний зээ хүү юм. Аав нь 8 сартай байхад нь нас барсан. Аавыг нь нас барснаас хойш би зээгээ өөр дээрээ авч өнөөдрийг хүргэсэн. Зан байдын хувьд зөөлөн сэтгэлтэй, төлөв даруу, нийтэч тусархаг зантай. Хугацаат цэргийн албыг Дорнод аймагт хаасан. Цэргээс халагдаж ирэхээр нь үсчингийн дамжаанд сургаж үсчин мэргэжилтэй болгосон. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи нууцаар татдаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн Mitsubishi outlander2-cwow маркийн ..... ДАУ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын авто машины зах зээлийн өнөөгийн үнэ нь 9,500,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ин 60-61/,

...... аймгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн ...... дугаартай Ц.Э нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай гэх магадлагаа /хх-ийн 69/,

...... аймгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн ..... дугаартай Э.М нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай гэх магадлагаа /хх-ийн 77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20...  оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн 2327 дугаартай шинжилгээнд ирүүлсэн Г.Д, Ц.Э, Э.М гэж хаягласан шээсний дээж тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 82-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ, гялгар ууттай нойтон ургамал мэт зүйл /1 ширхэг/, ногоон өнгийн “Lays” гэсэн бичигтэй гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Тугалган цааснаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай нойтон ургамал мэт зүйл цэвэр жин нь 160,3 гр, Lays гэсэн бичигтэй ногоон өнгийн гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл цэвэр жин нь 154,6 гр байсан ба ургамал мэт зүйлүүд тус бүрээс 0,1 гр-г шинжилгээнд зарцуулав гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 92-94/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.М, Ц.Э нар нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд саад учруулахгүйгээр үнэн зөв, тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг. Иймд улсын яллагчийн гэм буруутайд тооцох саналыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М, Ц.Э нар нь бүлэглэн 20.... оны .... дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэр ...... Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол"-ийн агууламж бүхий ургамалыг түүж гялгар уутанд хийн Дархан сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцанд хадгалсан. 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр уг газраас “Нэткапитал финанс корпораци” ББСБ-н өмчлөлийн ...... ДАУ улсын дугаартай “Mitsubishi Outlander-cwow” маркийн тээврийн хэрэгсэлтэй очин аван Дархан сумын 14 дүгээр баг 49 дүгээр байрны гадна авто машины зогсоол дээр Г.Д-ий хамт машин дотроо хэрэглэж байгаад цагдаагийн байгууллагын алба хаагч нарт саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Э.М, Ц.Э нарын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол"-ийн агууламж бүхий ургамалыг түүж, хадгалсан үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Ц.Э, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Э, Э.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Э.М нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй ба ..... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20…. оны .... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 20…. оны ..... дүгээр сарын .....-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, шүүгдэгч Ц.Э. нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20…. оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албдлагын арга хэмжээ авагдсан зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний давлагаа, ...... шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нь нийгмээс тусгаарлах нь хамгийн зөв шийдэл биш иймд архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна. 

Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нар нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, уг гэмт хэргийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хор уршиг болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ц.Э нарыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан боловч тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэм хэрэгтээ гэмшиж байгаа гэх хувийн байдлыг харгалзан Э.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Э-т оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “Нэткапитал финанс корпораци” ББСБ-н өмчлөлийн ...... ДАУ улсын дугаартай “Mitsubishi Outlander-cwow” маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 9,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Э, Э.М нараас хувь тэнцүүлэн тус бүр 4,750,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 160.3 грамм нойтон ургамал мэт зүйл, Lays гэсэн бичиглэлтэй гялгар ууттай 154,6 грамм хатсан ургамал мэт зүйл, 1 ширхэг дөрвөлжин эвхсэн тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Э-ы М, Х овогт Ц-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ц.Э нарыг тус бүр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.... оны ..... дүгээр сарын ......-ны өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-с 4,750,000 төгрөг, шүүгдэгч Ц.Э-с 4,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар ууттай 160.3 грамм нойтон ургамал мэт зүйл, Lays гэсэн бичиглэлтэй гялгар ууттай 154,6 грамм хатсан ургамал мэт зүйл, 1 ширхэг дөрвөлжин эвхсэн тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э, Э.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР