Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1271

 

2022 08 29                                                    2022/ШЦТ/1271

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, Нарийн бичгийн дарга М.Баттэргэл, Улсын яллагч Б.О Шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн  овогт О.Ө холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Ө.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Т хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдон нүүрэн тус газарт нь гараараа болон шар айргийн шилээр цохисны улмаас түүний биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун сарвуунд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамрын зүүн хэсэг, зүүн дээд зовхи, чихний дэлбэнд мөр, хүзүү, цээжинд цус хуралт, зулайн хуйх, дух, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Т мэдүүлэг /хх-09/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6667 дугаартай дүгнэлт /хх-13-14/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгч О.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Т хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдон нүүрэн тус газарт нь гараараа болон шар айргийн шилээр цохисны улмаас түүний биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун сарвуунд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамрын зүүн хэсэг, зүүн дээд зовхи, чихний дэлбэнд мөр, хүзүү, цээжинд цус хуралт, зулайн хуйх, дух, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Т “2022 оны 05 дугаар сарын 05-ны 00:00 цагийн үед Офицерийн генерал нэртэй газарт Билгээ найзтай Жак даниел нэртэй 1 литрийн савалгаатай вискиг хувааж ууж дуусгаад сансарын фарис нэртэй барлуу очсон. Тухайн бааранд 5, 6 жилийн өмнө хамт хамгаалагчаар ажиллаж байсан. Ө нэртэй залуутай таарсан, тэгээд Б Ө бид 3, 0.7 литрийн савалгаатай Эдэн нэртэй архинаас 2 шилийг хувааж уугаад бар нь хаасан. Ө бид хоёр хамт архи согтууруулах ундаа уухаараа бие биенийхээ дээр гараад хэрэлдээд муудалцаад байдаг юм. Тэр зангаараа муудалцаж Баянцээлийн хойно байрлах сааданд зодолдохоор болсон. Тэгээд бид хоёр цохилцоод байж байтал Өнөрөө гадаа байсан шар айрагны шилийг хагалаад үзүүр хэсгээр миний толгой хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь би цус гарахаар нь цагдаа дуудсан. Бид хоёрыг зодолдож байхад хажууд хүн байгаагүй. Бид хоёр л байсан. Хохиролд 510.000 төгрөг авсан, цаашдаа гомдол санал байхгүй” /хх-09/ гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 6667 дугаартай: ”С.Т биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун сарвуунд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамрын зүүн, хэсэг, дээд зовхи, чихний дэлбэнд мөр, хүзүү, цээжинд цус хуралт, зулайн хуйх, дух, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалтад нөлөөлөхгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-13-14/ гэх дүгнэлт гэх дүгнэлт зэрэг болно. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч О.Ө дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Хохирогч С.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд шүүгдэгч О.Ө 510.000 төгрөгийг авсан бөгөөд хохирол гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ. Шүүгдэгч О.Ө эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Ө үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж засран хүмүүжээгүй хувийн байдал зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв. Шүүхээс шүүгдэгч О.Ө нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч О.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх, оршин суух газар, ажил, суургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьдчилах мэдэгдэх үүрэг бүхий зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч О.Ө 3 сарын хугацаагаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ц.МӨНХТУЛГА