| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0631/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/676 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Т ын Б д холбогдох эрүүгийн 2209000000977 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оын 04 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, Г овогт Т ын Б /РД:.../,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ... сургуулийн 7а ангийн сурагч буюу бага насны хүүхэд болох 12 настай Б.М ыг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай дүү Н надад олон удаа манай ангийн хүүхэд дээрэлхээд байна гэж хэлсэн. Н ын ээж нь М ын дугаарыг олж аваад утсаар ярьж хэлсэн гэсэн. Гэтэл дахин шатны уруу чирсэн, самбарын шохой гараараа арчиж байгаад алгадсан гэх мэтээр дээрэлхээд байхаар нь би ангид нь очиж М ыг хоёр удаа алгадсан гэм буруугаа хүлээж байна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар Т.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ... сургуулийн 7а ангийн сурагч буюу бага насны хүүхэд болох 12 настай Б.М ыг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.М ын өгсөн “...2022 оны 05 дугаар 02-ны өдөр хичээл дээрээ байж байтал Н гэх охин намайг тэлээгээр цохиод байсан тухайн үедээ би тоохгүй байсан.Тэгээд их завсарлагаа болоод ангидаа орж ирэхэд миний түүхийн хичээлийн дэвтэр байхгүй байсан.Тэгээд дэвтрээ хайхад Н т байсан.Тэгээд дэвтрээ авъя гэхэд Н нь дэвтэр өгөхгүй байсан. Тэгээд манай ангийн М миний дэвтрийг Н ын ширээний доороос гаргаж өгсөн.Тэгээд би дэвтрээ аваад хичээлдээ орсон.Үүний дараа хичээлээ хийж байхад Н нь над руу үзгийн сав буюу финалаа шидчихээд ахыгаа дуудлаа гэж хэлээд гарсан.Тэгээд удалгүй 15 цагийн орчимд ах нь гэх хүн ангид орж ирээд хараалын үг хэлээд чи нааш ир гээд намайг дуудаад миний баруун хацар хэсэг рүү 3 удаа гараараа цохисон.Тэгээд цохиулсны дараа миний толгой эргээд би бүүр юм сонсохгүй чих дүнгэнээд толгой эргээд байсан.Тэгээд Н нь бас энэ хоёр гээд М , Т нар луу заахад ах нь очоод М ыг 3 удаа, Т ийг нэг удаа цохисон. Бас өөр хүүхэд байна уу гээд уурлаад байж байснаа Н ыг аваад гарсан.Миний толгой доргисон мөн хацар хөхөрсөн байсан.Энэ гэмтлийг Н ын ах гэх Б гэх ах 3 удаа гараараа цохиж учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 09/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №6584 дугаартай “... Б.М ын биед тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой 2022.05.02-ны өдөр үүссэн боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тооцогдоно.” гэх №6584 тоот дүгнэлт /хх-ийн 28-29/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б йн яллагдагчаар өгсөн “...Манай дүү Н ыг дээрэлхсэн.Би М ыг нүүрэн тус газар нь 2 удаа зүүн гараараа алгадсан тэр үед М ын биед учирсан гэмтэл үүссэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэн нь “...хохирогч Б.М ын биед тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж...” үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байх бөгөөд прокуророос шүүгдэгчийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Т.Б нь дүүг нь дээрэлхсэн гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.М ын биед халдан алгадах, цохих зэрэг үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч Т.Б йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хзгаарлах ял оногдуулж, мөн хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс торгох ял шийтгэж өгнө үү гэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч Т.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Т.Б д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт торгох ял шийтгэж өгнө үү гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүхээс шүүгдэгчид тухайлан сонгон оногдуулж буй ял шийтгэлийн төрөл болоод албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь хамгийн зүй зохистой байдлаар нийцсэн байх үндсэн шаардлагыг хангахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь энэ хуулийн зорилт биелэгдэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, шүүхээс торгуулийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд хөрөнгийг ямар эх үүсвэрээс хэрхэн төлж барагдуулах нь тодорхой бус нөгөөтээгүүр шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдох хуулийн зохицуулалттай тул түүний эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй юм.
Иймд, “...Торгох ял шийтгэж өгнө үү...” гэх шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдаж байна.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Т ын Б ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д 03 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Т.Б йг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР