Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 112

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б.Б-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2  сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, эрэгтэй, 57 настай. Би 1977 оны 9 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд явж, 1982 онд ирсэн. Цэргээс ирээд 1982 оны 8 сарын 19-нөөс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Тэтгэвэрт тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрүүд үрэгдсэн. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1977 оны 9 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 8 сарын 19-нөөс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б-ийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Д.М-ийн: “ ... Б.Б  нь 1977 оны 9 сараас 1992 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Буянт бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үед тус нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байсан юм. Бид бага сургуульд нэг ангид сурч байсан, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. 1979 онд цэрэгт яваад 1982 онд ирсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг,

 Гэрч А.Д-ийн:“... Б.Б  нь анх 1977 оны 9 сараас мал авч байсан. Түүнээс нэгдэл тарах хүртэл нэгдэлд малчин байсан хүн. Б.Б  1977 оны 9 сараас 1992 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Буянт бригадад малчнаар ажиллаж байсан. Би Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Буянт бригадад малын эмчээр ажиллаж байсан юм. Б.Батаа нь голдуу төллөх мал малладаг байсан ба 12-13 насандаа л мал дээр гарсан хүн байгаа юм. 1979 онд цэрэгт яваад 1982 онд ирж байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Р.С-ийн: “...Б.Б  нь1977 оны 9 сараас 1992 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Буянт бригадад малчнаар ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Голдуу төллөх мал маллаж байсан. Би тус нэгдэлд 1977 оноос эхлэн тэмээ малласан. Б.Б  нь 1979 онд цэрэгт яваад 1982 онд ирж байсан...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 59 дугаартай “..Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд 1977 оны 10 сарын 22-ноос 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа тул Б овогтой Б-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3.Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 7 сарын 3-ны өдрийн 12993 дугаартай “Б.Б БХЯ-ны сайдын 1979.06.11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1979.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017-р ангид алба хааж, мөн сайдын 1982.06.09-ний өдрийн н/191-р тушаалаар 1982.08.19-ний өдөр 407310 дугаартай цэргийн батлахтай халагдсан...” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 сарын 10-ны өдрийн 01/34 дугаартай албан бичгээр олгосон 1977 оны 9,10, 12 сар, 1978 оны 3, 4, 6, 7, 8, 9, 12 сар, 1979 оны 2, 3, 5, 6, 11, 12  сар, 1983 оны 2-8, 10 сар, 1985 оны 4, 5, 6, 8, 10, 11, 12 сар, 1986 он, 1991 оны 7 сар, 1992 оны 9, 11 саруудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

5.Г  овгийн Б-ын Б-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  Б.Б-ийн 1977 оны 9 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 8 сарын 19-нөөс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овгийн Б-ын Б   нь 1977 оны 9 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 8 сарын 19-нөөс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ