| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0659/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/713 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б ийн Т д холбогдох эрүүгийн 2209000001120 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой эдийн засагч мэргэжилтэй, яс үндэс халх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж дүү нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй. ... овогт Б ийн Т /РД:... 1/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ... тоотод иргэн Э.Э ыг шалтаг шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр би төрсөн өдрөө тэмдэглээд найзуудтайгаа гол дээр байж байгаад намайг хүргэж өгсөн. Би тэр өдөр их согтуу байсан тул болсон явдлыг санахгүй байгаа...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ... тоотод иргэн Э.Э ыг шалтаг шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э ы өгсөн ”... 2022 оны 05 дугаар сарын 11-ний 23 цагийн орчим ... тоотод гэртээ байхад 5 дугаар байрны 1 дүгээр орцны үйлчлэгч Б ийн хүү Т хаалга тогшоод ээж Э онгойлгоход Т гэрт орж ирээд шууд миний хамар хэсэгт 1 удаа цохиж, баруун хөл руу 3 удаа өшиглөсөн. Би тухайн өдөр ажлаасаа 23 цагийн орчим орж ирээд гэртээ хэвтэж байхад ямар нэгэн шалтгаангүй миний биед халдсан явдалд гомдолтой байна.Би гэртээ орж ирэх замдаа Т тэй тааралдаж маргалдсан зүйл байхгүй мөн би Т тэй урд өмнө ямар нэгэн таарамжгүй харилцаатай байгаагүй, юм ярьж үзээгүй зүс мэдэх хүн.Би Т ийг цохиж зодсон зүйл байхгүй.... тоотод гэртээ байхад 5 дугаар байрны 1 дүгээр орцны үйлчлэгч Б ийн хүү Т намайг ямар нэгэн шалтгаангүй цохиж зодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Э ы өгсөн”... Миний ээж А.Э нь ... байрны 3 дугаар орцны жижүүр ажилтай бөгөөд манай ээж цус харвасан бие муутай хүн байдаг болохоор би ажилд нь тусална бас хажуугаар нь барилгын туслах ажилтан хийдэг юм. 2022 оны 5 сарын 10-ны орой 22 цагийн орчимд би ажлаа тараад гэртээ ирээд ээж А.Э ийн хамтаар унтах гээд хэвтэж байхад 22 цаг 15 минутын орчимд хүн хаалга цохихоор нь манай ээж хаалгаа тайлсан ба манай хажуу талын 1 дүгээр орцны жижүүрийн хүү /нэрийг нь сайн мэдэхгүй гэх/ архи уусан байдалтай согтуу орж ирээд “ юу байна” гэхээр би “ юмгүй дээ” гэж хариулсан.Тэгсэн чинь тэр залуу гэнэт л гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод бас зүүн хөлийн гуя руу 3 удаа өшиглөсөн.Тэгээд намайг зодчихоод шууд манай гэрээс гараад явчихсан. Манай ээж болиулсан юм. Тэгээд намайг зодчихоод шууд манай гэрээс гараад явчихсан. Удалгүй цагдаа нар ирээд тухайн залууг гэрээс нь аваад согтуу байсан болохоор эрүүлжүүлэх рүү аваад явсан. Бид хоёр хэрэлдэж маргасан зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/-р тал,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны гаргасан “7024” дугаартай дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Э.Э ы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 9-10/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т ийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Э тай ямар шалтгааны улмаас маргалдсанаа сайн санахгүй байна, ямар ч байсан маргалдаж байгаа Э ы нүүрэн тус газарт гараараа цохиж байсныг санаж байна, тэгээд намайг цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн7/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа нь “...хохирогч Э.Э ы биед баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулсныг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Т ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Б.Т нь хохирогч Э.Э ы биед халдаж, түүнийг цохих, зэрэг үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч Б.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Э нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Б ийн Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР