Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0929/З |
Дугаар | 221/МА2024/0359 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0359
“Д” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Н” ХХК-ийн байранд хот хоорондын автовокзалыг нүүлгэн шилжүүлсэн үйлдэл хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох, Хот хоорондын нийтийн тээврийн автовокзал /зогсоол/-ын байршлыг тогтооход олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Э.М, өмгөөлөгч Ц.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, О.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ж.Д, М.Ө, өмгөөлөгч Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0929/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан ““Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Н” ХХК-ийн байранд хот хоорондын автовокзалыг нүүлгэн шилжүүлсэн үйлдэл хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох, Хот хоорондын нийтийн тээврийн автовокзал /зогсоол/-ын байршлыг тогтооход олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. 11-д “Дээрх хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоос үзэхэд маргаан бүхий “Ажлын байрны түрээсийн гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээ хязгаарт хамаарахгүй, тус хуульд зааснаар зохицуулагдахаар харилцаа биш эд хөрөнгө түрээслэн авахтай холбоотой харилцаа гэж үзнэ” гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.4-д “бараа” гэж “...түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг” гэж зааснаас үзэхэд Автотээврийн үндэсний төв нь автовокзалын байршил, байрыг түрээслэх гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д “худалдан авах ажиллагааг гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг” гэж зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүргийг хүлээнэ. Гэтэл Автотээврийн үндэсний төв нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүй “Н” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ТГ23/08 болон НР/23/506 тоот ажлын байрны түрээсийн гэрээг шууд байгуулж, автовокзалыг нүүлгэн байршуулан сар бүр 30 сая төгрөгийн төлбөрийг төлж байна. Гэтэл шүүгч энэхүү харилцааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” хуулийн хүрээнд хамааралгүй, зохицуулагдах харилцаа биш гэж илэрхий алдаатай дүгнэлтийг зориудаар хийжээ.
3.2. Шийдвэрийн 12-т “... Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд судалгаа явуулж, тодорхой хэмжээний газруудыг судалж, сонгон шалгаруулалт явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10-31 дүгээр зүйлүүдэд нээлттэй тендер шалгаруулах журамтай холбоотой харилцааг нарийн зохицуулсан. “Автотээврийн үндэсний төв”-ийн байгуулсан ажлын хэсэг, Улаанбаатар төмөр зам ХНН явуулсан албан бичгүүдийн хариу нь сонгон шалгаруулалт явуулсныг тодорхойлохгүй юм. Өөрсдийн хууль бус ажиллагааг нуусан арга төдий юм. Мөн Өрсөлдөөний тухай хуульд заасан төрийн байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж “Н” ХХК-тай түрээсийн гэрээг шууд байгуулж сар бүр 30 сая төгрөгийн орлого олох давуу байдал олгосон байна.
3.3. Шийдвэрийн 14-д “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлээр захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг нэрлэн заасан бөгөөд 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг хариуцагч үйл ажиллагаандаа баримтлан ажилласан байна” гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Автотээврийн үндэсний төв нь автовокзалыг сонгон шалгаруулах ажиллагаанд “Н” ХХК-иас бусад оролцогчийг оролцох боломж олгоогүй. Зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд “Д” ХХК болон бусад этгээдүүд оролцох боломж бүрдэнэ. “Д” ХХК-ийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн. Автотээврийн үндэсний төв нь “Н” ХХК-тай нууцаар гэрээ байгуулсан.
3.4. Шийдвэрийн 16-д “Учир нь “Д” ХХК-ийн худалдан авсан үл хөдлөхийн байранд одоо ч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь үйл ажиллагаа явуулж, баруун бүсийн автовокзалын зарим чиглэл явж байгаа нь шүүхээс явуулсан үзлэг, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна” гэжээ.
“Д” ХХК нь Автотээврийн үндэсний төвийн худалдан авсан байрны ашиглалттай холбоотой нэхэмжлэлийг гаргаагүй, маргаан хийгээгүй. Автовокзалын үйлчилгээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулахыг хүсэж байна.
3.5. Шийдвэрийн 21-д “Харин энэхүү шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд шинээр баригдах Шинэ Улаанбаатар баруун терминал төслийн хэрэгжүүлэн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах эсэх, сонгон шалгаруулалт зарлах эсэх үйл ажиллагаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үйлдэл, энэхүү дүгнэлттэй зөрчилдөж байна. Автотээврийн үндэсний төвийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй үйл ажиллагааг энэхүү шийдвэр зөвтгөсөн учраас цаашид сонгон шалгаруулалт явуулах боломжгүй болгож байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Н” ХХК-ийн байранд хот хоорондын автовокзалыг нүүлгэн шилжүүлсэн үйлдэл хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох, Хот хоорондын нийтийн тээврийн автовокзал /зогсоол/-ын байршлыг тогтооход олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүй “Н” ХХК-тай түрээсийн гэрээг шууд байгуулж, автовокзалыг нүүлгэн шилжүүлсэн. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж хуулийн дагуу явуулаагүй, “Д” ХХК-ийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг зөрчиж “Н” ХХК-тай нууцаар гэрээ байгуулсан” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хувьд гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эд хөрөнгийг офисс болон зорчигч тээврийн үйл ажиллагааны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр NR/23/506 ТГ23/08 дугаартай “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г байгуулж Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвийг “Н” ХХК-ийн байр руу нүүлгэн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.3. Маргаан бүхий дээрх ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж тус тус зохицуулсан байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд мөн сонгон шалгаруулалт явуулахаар хуульчилсан.
2.4. Хэдийгээр гэрээ байгуулагдах үед хуульд “түрээс” гэж нэрлэн заагаагүй боловч нэгэнт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ийнхүү ажлын байр түрээсэлж автовокзалын үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалт нээлттэй зарлан явуулахаар байхад хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сонгон шалгаруулалт явуулахгүйгээр гуравдагч этгээд “Н” ХХК-тай шууд гэрээ байгуулсан нь дээрх хуульд заасантай нийцэхгүй.
2.5. Гэтэл анхан шатны шүүх “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг, 4.1.4-д “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдах, солилцох, түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг” гэж тодорхойлсон. Дээрх хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоос үзэхэд маргаан бүхий “Ажлын байрны түрээсийн гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээ хязгаарт хамаарахгүй, тус хуульд зааснаар зохицуулагдахаар харилцаа биш эд хөрөнгө түрээслэн авахтай холбоотой харилцаа гэж үзнэ” гэж дүгнэсэн нь буруу. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч эл үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
2.6. Учир нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн өмнө нь авто зогсоолын зориулалтаар ашиглагдаж байсан талбайдаа барилгын ажил эхлүүлсэн байх төдийгүй зорчигч тээврийн автобуудлын барилга, байгууламж үйлчилгээнд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй, “Автотээврийн үйлчилгээ, Зорчигч тээврийн автобуудал. Ерөнхий шаардлага MNS 6300:2011 стандартыг зөрчиж буй болох нь Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04-00-01/004/38 дугаар албан шаардлага, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаар тогтоогджээ.
2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс “Д” ХХК-ийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан гэж тайлбарлан маргажээ. Гэтэл “Автотээврийн үйлчилгээ, Зорчигч тээврийн автобуудал. Ерөнхий шаардлага MNS 6300:2011 стандарт”-д нийцсэн буюу зорчигч тээврийн автобуудлын барилга, байгууламж, үйлчилгээнд тавих шаардлагыг хангасан барилга, байгууламж, хүрэлцээтэй авто зогсоолын талбай бүхий газартай хуулийн этгээдийн хувьд сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд оролцох боломж бүрдэхээр байх бөгөөд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хувьд дээрх стандартад нийцсэн барилга, байгууламж, газар бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс стандартад нийцсэн барилга, байгууламж, шаардлага хангахуйц хэмжээний газартай бол үүнийгээ нотолсон баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүхэд гаргаж өгөх боломж нээлттэй байсан боловч ийнхүү гаргаж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлт нь алдаатай байсны улмаас шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН