Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 00091

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               С.Баянжаргал

 Улсын яллагч                                              Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Хандмаа

 Шүүгдэгч                                      Г.Тэмүүжин,  Г.Үүрийнцолмон  нарыг                   оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нарт холбогдох 201618020175 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                 Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1996 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, ам бүл 3. эмээ. өвөөгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Төмөр замын өртөөний байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

 

                 Боржигон овгийн Гантулгын Тэмүүжин /РД:М396011313/

 

                 Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1998 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн мэргэжилтэй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдалын 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

                  Боржигон овгийн Ганцоожийн Үүрийнцолмон /РД:ТХ98041116/

Тодорхойлох нь:

 

            Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ачлал дэлгүүрийн зүүн талын алт мөнгөний дарханы газрын цонхоор нэвтрэн орж иргэн Д.Пүрэвжавын цагаан хөөрөг, ягаан өнгөтэй чулуун толгойг хулгайлж 500.000 төгрөгний, иргэн Т.Эзэнзаяагийн хөөрөгний шахмал болон мана чулуун хэлбэртэй толгой 4 ширхэг, адууны дүрс бүхий малгайн тэмдэгний хэв, шагайн харваачийн малгайн тэмдэгний хэв, эрвээхий хэлбэртэй мөнгөн ээмэг 2 ширхэг, сувд 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тэмүүжин мэдүүлэхдээ: “...Г.Үүрийнцолмон бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г.Үүрийнцолмонгийн гинжийг янзлуулах гэж алт мөнгөний дархан орсон. Тэгэхэд хайрцган дотор нь жижигхэн гууль байгааг харсан. Өдөр нь авчих уу, болих уу гэж тоглож байгаад шөнө нь гэнэт авахаар болоод 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 13-нд шилжих шөнө авсан. Маргааш нь цагдаад баригдсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Үүрийнцолмон мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Зүүнхараад ирсэн. Гэртээ ирээд 2 хоноод Г.Тэмүүжинг ирээч гэж дуудсан. Энэ үед Г.Тэмүүжин 53-р тоочигт байсан. Г.Тэмүүжин Зүүнхараад 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Би гэр орондоо 2 хоночихоод миний нэг мөнгөн гинжийг засуулах гээд алт мөнгөний дархан орсон. Тэгтэл нэг жижигхэн алт шиг зүйл байсан. Тэрийг гууль гэж мэдээгүй бид хоёр алт гэж харсаан. Тэгээд хоёулаа хулгайлах гэж үзэх үү гэж хоорондоо тоглоом шоглоомоор  ярьсан. Тэгэхээр нь би нээрээ хоёулаа авах гэж үзэх үү гэж анх хэлсэн. Тэгээд орой нь бид хоёр нөгөө газраа очоод хашааг нь давж орсон. Г.Тэмүүжин дотогшоо ороод юм өгөхөд би гаднаас нь авсан” гэв.

          Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Тэмүүжин мэдүүлэхдээ: “... 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс13-нд шилжих шөнө 02 цагт Үүрийнцолмон бид хоёр ачлал дэлгүүрийн хажуу талын алт мөнгөний дарханы газрын гадаа ирээд хажуу талын хашааг нь давж ороод зүүн талын цонхыг нь би дотогш нь түлхэж онгойлгоод Үүрийнцолмонгоор хөлдүүлж байгаад би дотогшоо ороод төмөр хайрцагтай эд зүйлүүд болон жижиг модон хайрцагтай эд зүйл байхаар нь аваад гадаа зогсож байсан Үүрийнцолмонд өгч байгаад өөрөө араас нь гарсан” гэх мэдүүлэг.

/хх-ийн 52-53-р хуудас/    

         Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Үүрийнцолмон мэдүүлэхдээ: “...Тэмүүжин бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө алт мөнгөний дарханы газрын гадаа ирээд хашааг нь давж ороод зүүн талынх нь жижиг цонхыг нь Тэмүүжин түлхэж онгойлгоод би хөлийг нь өргөж өгөөд дотогш нь Тэмүүжинг оруулчихаад гадаа нь хүн ажиглаад зогсож байтал Тэмүүжин төмөр хайрцаг цонхоор гаргаад надад өгсөн, араас нь бас нэг модон хайрцагтай юм өгсөн тэгээд өөрөө гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Пүрэвжав мэдүүлэхдээ: “...Би өөрийн хувьдаа талийгаач эцгээсээ өвлөж авч үлдсэн цагаан өнгөтэй чулуун хөөрөгтэй хүн байгаа юм. Манай эцэг Дагвадорж амьд сэрүүн байхдаа 1985 оны орчим шүдлэн үхрээр худалдаж авч байсан хөөрөг байгаа юм Манай аав Дагвадорж 2010 онд нас барахдаа надад хөөргөө үлдээсэн юм. Би тэгээд 2016 оны 08 дугаар сарын эхээр алт мөнгөний дархан Эзэнзаяа гэдэг залууд аавын хөөргийг толгойны хамт мөнгөөр бөгжлүүлхээр өгсөн юм. Тэгтэл Эзэнзаяа гэдэг залуу “манай алт мөнгөний дарханы газарт хулгай ороод хөөрөг алдагдаад байна” гэж хэлж байсан. Тэгж би хулгайд алдагдсан гэдгийг нь мэдсэн юм...Би эд зүйлээ хүлээн авсан...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Т.Эзэнзаяа мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын эхээр Мандал сумын Пүрэвжав гэдэг хүн надад ам сэтэрсэн цагаан өнгөтэй чулуун хөөрөг, ягаан өнгийн толгойтой нь хамт өгөөд “хөөрөгний сэтэрсэн амыг мөнгөөр бүрүүлнэ" гэж хэлсэн юм Тэгтэл 2016 оны 08 дугаар сарын 12-ны баасан гарагаас 2016 оны 08 сарын 13-ны бямба гарагт шилжих шөнө манай алт мөнгөний дарханы газрын зүүн талын цонхоор хулгай орж миний ширээн дээр байсан Poker chips гэсэн бичигтэй төмөр хайрцагтай эд зүйлүүд бас алт, мөнгөний дэнс дээр тавьж грамм шалгадаг 5 граммаас 20 гарамм хүртэлх нийт 8 орчим ширхэг туухай алдагдсан юм. Миний Poker chips гэсэн бичигтэй төмөр хайрцаг дотор эд зүйлүүд байсан. Би хулгай орсон талаар 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/ болон Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 8-11-р хуудас/,Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 18-19, 23-24-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 29, 34-р хуудас/,хувийн байдлыг тогтоосон баримтууд Г.Тэмүүжингийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59-р хуудас/ багийн засаг засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 60-р хуудас/, Г.Тэмүүжингийн ял шалгах хуудас /ХХ-ийн 56-р хуудас/, Г.Үүрийнцолмонгийн иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 55-р хуудас/, Г.Үүрийнцолмонгийн ял шалгах хуудас /ХХ-ийн 57-р хуудас/, багийн засаг засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 60-р хуудас/, сэжигтэн яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /ХХ-ийн 48-53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ачлал дэлгүүрийн зүүн талын алт мөнгөний дарханы газрын цонхоор нэвтрэн орж иргэн Д.Пүрэвжавын цагаан хөөрөг, ягаан өнгөтэй чулуун толгойг хулгайлж 500.000 төгрөгний, иргэн Т.Эзэнзаяагийн хөөрөгний шахмал болон мана чулуун хэлбэртэй толгой 4 ширхэг, адууны дүрс бүхий малгайн тэмдэгний хэв, шагайн харваачийн малгэйн тэмдэгний хэв, эрвээхий хэлбэртэй мөнгөн ээмэг 2 ширхэг, сувд 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тайлбар, мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнээр буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-р зүйлчилсэн нь зөв  байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нарт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн, тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна. 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

1. Шүүгдэгч Боржигон оюогтой Гантулгын Тэмүүжин,  Боржигон овогтой Ганцоожийн Үүрийнцолмон нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Гантулгын Тэмүүжин, Боржигон овогт Ганцоожийн Үүрийнцолмон нарт оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нарт оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тэмүүжин, Г.Үүрийнцолмон нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ