Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 803

 

Ж.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч П.У, Ц.Д,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч П.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Шт холбогдох эрүүгийн 1906020140762 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Ж.Ш, 1976 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

Ж.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансар захын 1 давхарт иргэн С.Аг өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Шээс 71.100 төгрөг гаргуулж хохирогч С.Ад олгож, унааны зардал 20.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Ж.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргаан болох үед би С.Агийн төмсөг рүү өшиглөөгүй, миний хөл түүний өвдөг орчим нь хальт шүргэх төдий л хүрсэн. Гэтэл намайг хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Шийн өмгөөлөгч П.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ж.Шийг гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь маргаан болох үед Ж.Ш нь хохирогч гэх С.Аг төмсөг тус газарт нь өшиглөөгүй, хөл өвдөг, гуяан тус газар нь шүргэх төдий л хүрсэн гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь камерийн бичлэгт ч тодорхой авагдсан байхад Ж.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн шинжээч эмч С.Одончимэг мэдүүлэгтээ зөвхөн “Бум-Энэрэл” гэх эмнэлгийн үзлэгт үндэслэн дүгнэлтээ гаргасан гэдгээ мэдүүлдэг бөгөөд ийм эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэт нэг талыг барьж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.А давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Би Ж.Ш гэх танхай этгээдэд өшиглүүлж хохирсон бөгөөд Ж.Ш нь миний биед халдаж хохирол учруулсан нь камерийн бичлэг болон бусад баримтаар нотлогдож байхад гэм буруугаа хүлээхгүй байгаа тул хүнд ял оногдуулж өгнө үү. Ж.Ш нь тайлбартаа “... би өшиглөөгүй, хүрэх төдийд хий өшиглөсөн...” хэмээн худал хэлж байна. Тухайн үед намайг хойшоо ухарч, гишгэл алдтал өшиглөсөн нь камерийн бичлэгт тодорхой харагдаж байгаа. Хэрэг болох үед Ж.Ш нь согтуу байсан тул тухайн үед биеэ удирдах, нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй байсан болохоор хий өшиглөсөн гэх мэт худал мэдүүлж байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Шийн өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... П.У өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шинжээчийн дүгнэлтийн талаар маргаж ирсэн. Мөн камерийн бичлэг хавтас хэрэгт авагдаагүй байсан тул хүсэлт гаргаж хэргийг прокурорт буцааж, камерийн бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргуулсан. Иймд Ж.Шийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Шийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлага нь тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Шт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ж.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансар захын 1 давхарт иргэн С.Аг өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Ж.Ш нь хохирогч С.Аг өшиглөсөн болох нь хохирогч С.А /хх-5-6, 57/, гэрч Д.Г /хх-14/, шинжээч С.О /хх-59/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3637 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-8/, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ж.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ж.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Ж.Шийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч П.У нар нь “... хохирогчийн биед гэмтэл учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.Агийн “... тухайн эрэгтэйтэй хамт явж байсан халамцуу эмэгтэй миний салтаа тус газарт өшиглөсөн ...” /хх-5-6/, гэрч Д.Г-гийн “... эмэгтэй нь манай нөхрийн салтаа тус газар луу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ...” /хх-14-15/ гэж мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3637 дугаартай дүгнэлтээр “... С.Агийн биед гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. ...” /хх-8/ гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди бүхий дүрс бичлэгийг судлан үзэхэд шүүгдэгч Ж.Ш нь хохирогч С.Агийн төмсөг тус газар өшиглөж байгаа нь тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч П.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч П.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН