| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0754/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/783 |
| Огноо | 2022-08-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/783
2022 8 04 2022/ШЦТ/783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0754/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
улсын яллагч Б.Чинзориг,
нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.З-д холбогдох эрүүгийн 2203003180333 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхайн инженер мэргэжилтэй, “...” ХК-д уурхайчин ажилтай, ам бүл 3, эгч дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, . Н.З /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.З нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг 11 минутын үед Сүхбаатар дүүргийн ...замд “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.../... үедээ../… жолоодох”, мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Н, С.Т нарыг мөргөж, улмаар Т.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
2022оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дахь тал)
Ослын үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
Хохирогч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад офицерт очиж Т.Н-тэй уулзаад гэртээ харих зорилгоор бид хоёр автобусанд суугаад Рашааны 2 гэдэг буудал дээр буугаад автобус хөдлөөд явсан хойно явган хүний зохицуулдаггүй гарц дээр зогсож байгаад урдаасаа хойш чиглэлд би баруун гар талд нь Насаа зүүн гар талд нь алхаад зүүнээс баруун тийш явах урсгалыг хөндлөн гараад голын цагаан шугам дээр ирээд баруунаас зүүн тийш явах урсгал руу ороод 4 орчим алхаж байтал баруунаас зүүн тийш явж байсан “Тоёота Приус” маркийн автомашин ирж мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан бөгөөд нэг сэрэхэд түргэний тэрэг дотор байсан. Гарцаар гарч яваад мөргүүлсэн. Гэмтэл очиж үзүүлэхэд оёдол тавьсан бөгөөд хувийн Манал оточ гэдэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн…” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 22 дахь тал)
Хохирогч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Би 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цаг 48 минутын үед Баянзүрх дүүргийн Офицерын буудлаас найз С.Тийн хамтаар Монел 19-а гэсэн автобусанд суугаад 17-ын Рашаантын 2 дугаар буудал дээр бид 2 замын урд талын автобуснаас буугаад араар нь тойроод зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар баруун талаас машин байхгүй болохоор замаа гараад гол хэсгээс нь цаашаагаа 3,4 алхам явж байхад зүүн зүгээс нэлээн цаана нэг машин явж байгаа харагдсан тэр үед замын хойд талын шороон туслах замаас нэг машин гарч ирж байсан. Тэгтэл тэр туслах замаас гарч ирсэн машин зам руу ороогүй зогсож байсан. Бид 2 нөгөө цаанаас ирж явсан машин нилээн хол харагдахаар нь цаашаагаа явж байтал тэр машин аймар хурдтай ирээд бид хоёрыг шууд мөргөөд бид 2 зам дээр хоёулаа унасан... Савхан яс цуурсан өвдөг хэсэг бэртсэн 5-6 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 31 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч Г.Барбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Н.З-н өөрийнх нь машин...” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 46 дахь тал)
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8589 дугаартай: “Т.Нийн биед бүсэлхийн 3-р нугалмаас ууцны 1-р нугалмын түвшин дэх мөгөөрсөн цагаригийн урагдал, баруун шилбэний тахилзуур ясны бага зэргийн зөрөөтэй, далд хугарал, баруун өвдөгт шарх, зулгаралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал)
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8591 дугаартай: “С.Тийн биед дух, хамрын хянга, зүүн тохойд шарх, баруун тохой, өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал)
Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.Зын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Н.З нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 22 цаг 11 минутын үед Сүхбаатар дүүргийн ... замд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г.Б-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.../... үедээ../… жолоодох”, мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Т.Н-н эрүүл мэндэд бүсэлхийн 3-р нугалмаас ууцны 1-р нугалмын түвшин дэх мөгөөрсөн цагаригийн урагдал, баруун шилбэний тахилзуур ясны бага зэргийн зөрөөтэй, далд хугарал, баруун өвдөгт шарх, зулгаралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч С.Т-ийн эрүүл мэндэд дух, хамрын хянга, зүүн тохойд шарх, баруун тохой, өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Н.З нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Н.З-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анхаарал болгоомжгүй байдлын улмаас үйлджээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч С.Т нь: “...Жолооч Н.З нь эмчилгээ хийлгэж байх хугацаанд бүх зардлыг барагдуулсан бөгөөд цаашдын эмчилгээний зардалд 15,000,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд гомдол саналгүй болсон. Цаашид нэхэмжлэх санал гомдол байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 117 дахь тал)
Хохирогч Т.Н нь: “Жолооч Н.З нь эмчилгээ хийлгэж байх хугацаанд бүх зардлыг барагдуулсан бөгөөд цаашдын эмчилгээний зардалд 3.200.000 төгрөг бэлнээр өгсөн тул гомдол саналгүй болсон. Цаашид нэхэмжлэх санал гомдол байхгүй” (хавтаст хэргийн 118 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Н.З-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогч Т.Н, С.Т нар нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг түүнээс нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Н.З-н В ангиллын 784930 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.З-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.З-г тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Тэнсэгдсэн ялтан Н.З-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Н.З нь хохирогч Т.Н, С.Т нарт түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрт нийт 11.700.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Т.Н, С.Т нар нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР