Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2018/00073/И |
Дугаар | 119 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ударгалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8-р хороо, “О” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р баг, “Ё” ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 427200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц
Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “О” ХХК-ий гүйцэтгэх захирал М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 сарын 1-ний өдөр “О” ХХК нь “Ё” ХХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож ХГ/2016/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр “О” ХХК нь “Т” ХК болон “Ё” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 тоот Ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн Тавантолгой тосгоны нутаг дэвсгэрт кемп түрээслэхийн сацуу иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаас ажил гүйцэтгэхэд шаардагдах экскаватор, өөрөө буулгагч машин, түлшний автомашин болон явуулын засварын цех зэрэг тоног төхөөрөмж, машин механикмыг түрээслэн авч хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Эхний санхүүжилтээр нийт 139400000 төгрөгийн хөрөнгө оруулсан байдаг. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргүүлсэн зардал 4000000 төгрөг, “Х” ХХК-с “Кобелко-480” маркын экскаваторын түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 40000000 төгрөг, экскаваторын тээврийн хөлс 7000000 төгрөг, кемпийн түрээс 5000000 төгрөг, засварын цехийн түрээсийн төлбөр 5000000 төгрөг, түлшний машин 5500000 төгрөг, түлш 13900000 төгрөг, бусад зардал 59000000 төгрөгийг тус тус зарцуулсан нь баримтаар тогтоогдоно. Одоогийн байдлаар “О” ХХК нь их хэмжээний өртэй болоод байна. Бид графикын дагуу нийт 106,600 м3 хөрс хуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан ба “Ёлын домог” ХХК нь сар бүр “Т” ХК-тай хөрс хуулалтын акт үйлдэн, тахеометрийн аргаар хэмжилт явуулж, ажлаа бүрэн хүлээлцсэн байдаг. Улмаар “Ё” ХХК нь “Т” ХХК-иас хөрс хуулалтын ажлын төлбөрийг 100 хувь шилжүүлэн авчээ. Гэтэл гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу манай компанид 2016 оны 12 сарын төлбөр нийт 61600000 төгрөг, 2017 оны 1 сарын төлбөрт 247200000 төгрөг, 2 сарын төлбөрт 118400000 төгрөг, нийт 427200000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Иймд 427200000 төгрөгийг “Ё” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ё” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О” ХХК-ий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаний гүйцэтгэх захирал Б.М-тай 2016 оны 12 сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 3.8-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу “О” ХХК нь 1 сарын хугацаанд 250000 метр кубээс доошгүй хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Гэрээ байгуулснаас хойш “О” ХХК нь 2016 оны 12 сар 22-ны өдрийн байдлаар 15000 метр куб хөрс хуулалт, 2017 оны 1 сарыын 26-ны өдрийн байдлаар 61800 метр куб хэмжээтэй хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн нь талууд ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд тогтоогдсон. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу “О” ХХК нь 2016 оны 12 сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сарын 26-ны өдөр гэхэд нийт 500000 метр куб хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсан нь 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой үүргийг 15.36 хувьд хүрч байсан. “О” ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас манай компани болон “Т” ХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд шууд хүндрэл учирч, цаашилбал тус гэрээ цуцлагдах хүртэл үр дагавар бий болсон. Иймээс манай компаниас “О” ХХК-д гэрээнд заасан хэмжээгээр ажлаа гүйцэтгэхийг шаардаж бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажлын гүйцэтгэл гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй тул 2017 оны 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-т гэрээг цуцлах хүртэлх хугацааны хийж гүйцэтгэлээр 61800 метр куб хөрс хуулалтын төлбөрийг 2017 оны 2 сарын 14-ний өдөр олгож дуусгасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ огт төлбөр аваагүй мэтээр бичсэн нь худал бөгөөд 2017 оны 1 сарын 25-нд олгох ёстой 61600000 төгрөгөөс зээлээр олгосон түлшний төлбөрийг хасч 33321320 төгрөгийг, 2017 оны 2 сарын 14-нд 247200000 төгрөгийг тус тус бүрэн олгосон. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2-р сарын төлбөр гэх 118000000 төгрөгийг “О” ХХК-д олгох үүрэгтэй бөгөөд тус компаниар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 308800000 төгрөгийг бид бүрэн төлж барагдуулсан гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё” ХХК нь ямар нэгэн байдлаар бэлнээр болон бэлэн бусаар төлбөр тооцоо хийгээгүй. Би “О”ХХК-ий нягтлан бодогчоор ажилладаг байгаа. Гэрээг цуцлах тухай манай байгууллагад мэдэгдсэн зүйл байхгүй. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээс болж өр төлбөрт орсон байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343.1-т заасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Гэрээний дагуу ажлаа хийгээд өгсөн. Хөрс хуулах үүргийг авч “Ё” ХХК-ий туслан гүйцэтгэгчээр ажиллаж, зохих ажлуудыг гүйцэтгэж өгсөн. Ийм учраас хөрс хуулсан зардлаа гэрээнд тохирсон 1 м3-ийг нь 4000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байгаа. Төлсөн гэж ярьдаг боловч “Ё” ХХК “О” ХХК-нд төлөөгүй, НӨАТ падаан байхгүй төлсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй байгаа. Нэхэмжлэлд дурдсан 427200000 төгрөгийг “Ё” ХХК гаргуулж “О” ХХК-нд олгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “О” ХХК нь “Ё” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 427200000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “О” ХХК, хариуцагч “Ё” ХХК нар нь 2016 оны 12 сарын 1-ний өдөр ХГ/2016/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “О” ХХК нь “Т” ХК, “Ё” ХХК-ий хооронд 2016 оны 3 сарын 3-ны өдөр байгуулсан №ХГ/2016/009 /1-р хавтас 13-14-рт/ тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх, гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлөхөөр тохиролцжээ.
“О” ХХК нь 2016 оны 11 сарын 28-аас 2016 оны12 сарын 22-ны өдрийн хооронд 15400 м.куб /2-р хавтас 14-рт/, 2016 оны 12 сарын 22-оос 2017 оны 1 сарын 27-ны өдрийн хооронд 61800 м.куб /2-р хавтас 15-рт/, 2017 оны 1 сарын 27-оос 2017 оны 2 сарын 21-ний хооронд 29000 м.куб /2-р хавтас 16-рт/ хөрс хуулсан ба үүнийг “Ёлын домог” ХХК-аас “Т” ХК хүлээн авч, хөрс хуулалтын ажлын хөлс нийт 499140000 төгрөгийг /2-р хавтас 18-19-рт/ “Т” ХК нь “Ё” ХХК-д төлсөн болох нь нотлогдож байна.
“О” ХХК, “Ё” ХХК-ий хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний /1-р хавтас 11-12-рт/ дөрөвдүгээр зүйлд зааснаар “4.1.Б талын /нэхэмжлэгч “О” ХХК/ тухайн сард хийж хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг бодохдоо сар бүрийн эцэст маркшейдерийн хэмжилт, ачсан хөрсний хэмжээгээр хийсэн ажлыг дүгнэн 1 м.куб хөрсөнд 4000 /дөрвөн мянган/ төгрөг төлнө. Энэхүү үнэнд НӨАТ багтсан болно. 4.2.Сар бүрийн эцэст ажлын тооцоог хийж, тооцоо нийлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор Т ХК-аас А талтай /Ё ХХК/ байгуулсан №ХГ/2016/006 тоот ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн тооцоог “А” талын дансанд шилжүүлнэ. 4.3.Дансанд орж ирсэн төлбөрийг хуваарилахдаа 1 м.кубд ногдох 4700 төгрөгийг “А” талд 700 төгрөг, “Б” талд 4000 төгрөг ногдохоор хуваарилна. 4.4.”А” тал 4700 төгрөгт ногдох НӨАТ-ын зохих бичилтээ “Т” ХК-д бичиж өгнө. “Б” тал 4000 төгрөгт ногдох НӨАТ-ын зохих бичилтээ “А” талд бичиж өгнө гэж заажээ. Гэрээний энэхүү заалтаас харахад нэхэмжлэгч “О” ХХК-ий гүйцэтгэсэн ажил буюу хуулсан хөрсний 1 м.куб тутамд 4000 төгрөгөөр тооцож хариуцагч “Ё” ХХК нь төлбөрийг төлөх ёстой байна.
Хариуцагч “Ё” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 427200000 төгрөгийг төлөх ёсгүй. Гэрээг 2017 оны 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон цуцалж “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөр 308800000 төгрөгийг нэхэмжлэгч “О” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.М-т дансаар шилжүүлэн өгсөн талаар тайлбарыг ирүүлжээ. Хэрэгт цугларсан баримтаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болох нь тогтоогдохгүй байх тул нийт гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэж үзэж төлбөрийг тооцов. Гэрээний /1-р хавтас 11-рт/ 1.2-д “Гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлнө” гэж заасан байна. Мөн гэрээний 4.3-т /1-р хавтас 11-р хуудас ар тал/ “Дансанд орж ирсэн төлбөрийг хуваарилахдаа 1 м.кубд ногдох 4700 төгрөгийг “А” талд 700 төгрөг, “Б” талд 4000 төгрөг ногдохоор хуваарилна” гэж зааснаас харахад гэрээний “Б “тал болох “Опен девелопмэнт” ХХК-д гэрээний төлбөрийг хуваарилж төлнө гэж ойлгохоор байх ба “О” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.М-т /хувь хүнд/ гэрээний төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцоогүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:14.4.1.аж ахуйн бүх ажил, гүйлгээ; 14.4.2.бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага; 14.4.3.бүх өр төлбөр; 14.4.4.аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр; 14.4.5.бүх орлого; 14.4.6.бүх зардал; 14.4.7.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс” гэж заажээ. Эндээс харахад аж ахуйн нэгжийн бүх орлого нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэгдэж байх ёстой бөгөөд “О” ХХК-ий нягтлан бодох бүртгэлд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөр бүртгэгдээгүй, компанийн дансаар болон бэлнээр төлбөр төлөгдөөгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбарлаж байх бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгч талын энэхүү тайлбарыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч нь “О” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.М-ын дансанд төлбөрийг төлж барагдуулсан гээд ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /2-р хавтас 41-43-рт/ ирүүлжээ. Энэхүү хуулгыг ирүүлсэн данс нь харилцагч иргэн Н.Б /2-р хавтас 41-рт/-ы харилцах данс, харилцагч иргэн Б.М-ийн хугацаагүй хадгаламжийн данс /2-р хавтас 42-43-рт/ байх бөгөөд данснаас Б.М-ын дансанд мөнгийг агуулгыг бичилгүйгээр шилжүүлсэн байна. Ийнхүү ХААН банкны харилцагч иргэдийн хувийн данснаас мөн харилцагч иргэний хувийн дансанд ямар нэгэн агуулгагүйгээр мөнгө шилжүүлсэн байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрийг төлсөн эсэх, хувь хүн хоорондын ямар нэгэн тооцооны мөнгийг шилжүүлсэн гэдгийг ялгаж салгах боломжгүй нөхцөл байдал бий болгожээ. Иймд гэрээний төлбөрийг нэхэмжлэгч “О” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.М-т дансаар шилжүүлэн төлсөн гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй боломжгүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан, 201716010085 дугаартай эрүүгийн хэрэгт Н.Б-ы гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 120-121, 127-128-рт/, Б.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 129-130-рт/, Б.Мэнд-Амарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 131-135-рт/-т гэрээний төлбөрийг төлсөн, авсан, түүгээр “О” ХХК-ий бусдад төлөх төлбөрийг төлсөн гэж мэдүүлж байх боловч энэ нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байх тул зохигчийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.1.5, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ё” ХХК-иас 427200000 /дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан “О” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2293950 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ё” ХХК-иас 2293950 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У