| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0289/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/305 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагчаар Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б.Год холбогдох эрүүгийн 2234000000310 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 14 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Элсэт хүзүүвч” гэх газарт нутаглаж байсан иргэн Т.Батсуурийн гэрт үеэл ах Т.Гантулгатай “...чи муу миний адууг үгүй хийсэн...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гараар цохих, нуруу, шилбэ рүү нь хөлөөрөө ашиглах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Г нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Гын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 14 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Элсэт хүзүүвч” гэх газарт нутаглаж байсан иргэн Т.Батсуурийн гэрт үеэл ах Т.Гантулгатай “...чи муу миний адууг үгүй хийсэн...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гараар цохих, нуруу, шилбэ рүү нь хөлөөрөө ашиглах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/
- Хохирогч Т.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
- Гэрч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
- Гэрч Т.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, - Гэрч Ц.Энхчимэгийн мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
- Гэрч П.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,
- Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г нь 2022 оны 07 дугаар сар07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 54 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 140 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 59 тал/ 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Год холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааныг товыг хохирогч Т.Гантулгад мэдэгдсэн боловч “гомдолтой эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн байх тул хавтаст хэргийн 54 дугаар хуудаст авагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА