Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/642

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            09           29                                         2022/ШЦТ/642                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Д-д холбогдох эрүүгийн 21100 0000 0894 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “Боргил оргил хайрхан” ХХК-д галын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т-ийн Д /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 11 дүгээр гудамжны 144 тоотод хохирогч Ц.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Т.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Д-өөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хэргийн үйл баримт болон өөрийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчтой уулзсан. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй.

Хохирогч Ц.О-ын гэр нь манай гэрээс хоёр гудамжны цаана байдаг. Манай ээж Ц.О-аас архи нэхсэн гэж зодсон гэсэн. Гэхдээ хоорондоо тохиролцлоо гэж цагдаад гомдол мэдүүлэг гаргаагүй байсан. Хохирогч цаашид эмчилгээний зардал нэхэмжилбэл төлж барагдуулна.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 0000 0894 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.О-ын биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 05-06 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.О-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хххх гэртээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байж байхад манайхаас хоёр гудамжны цаана амьдардаг Т.Д гэх залуу ахынхаа хамт 23 цаг 45 орчим ороод ирсэн. Тэгснээ “чи манай ээжийг зоддог хэн бэ” гээд миний эрүү, толгой орчим цохисон. Би “цагдаа дуудлаа” гэхэд миний гар утсыг булааж аваад газарт шидэж хагалсан. Надад “маргааш бас орж ирнэ, чи гэртээ байж байгаарай” гэж хэлсэн.

Би ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Т.Д-ий ээж 70 орчим настай хүн байдаг. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт ирээд “архи авч өг” гээд гарахгүй байхаар нь би чирээд гэрээсээ гаргасан, гэхдээ цохиж зодсон зүйл байгаагүй. Тэгээд намайг зодсон гээд мөнгө нэхэхээр нь 190.000 төгрөг өгсөн. Өчигдөр Т.Дий эгч залгаад “гар утас авах гэсэн юм” гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд удаагүй Т.Д орж ирээд намайг зодчихсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Е-цийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний гэртээ байж байхад миний төрсөн дүү Т.Д нь эхнэр, найзынхаа хамт ирсэн. Ирэхдээ согтуу байсан ба “ээжийг хүн зодсон байна, ахын чинь араас явуулна гэж байна. Хамт тэр хүн дээр очиж уулзах уу” гэхээр нь би хамт тэр айл руу явсан. Манай дүү 3 жилийн өмнө нас барсан юм.

Тэр айл нь манай ээжийн гэрээс нэг гудамжны ард байдаг бөгөөд урагшаа харсан дотроо хоёр гэртэй хашаа байсан юм. Гэрт ороход 40 орчим насны цайвар шар царайтай, богино үстэй эрэгтэй хүн ганцаараа байсан. Дүү бид хоёр дотогш ороход Т.Д “миний ээжийг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлээд баруун гараараа нөгөө хүний зүүн шанаа руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би тэр дор нь болиулж тэврээд, гэрээс гарч явсан. Тэгээд дүү Т.Дийг гэрт нь оруулаад унтуулсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9265 дугаартай:

1. Ц.О-ын биед баруун доод хоёрдугаар шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 27-28 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Д-ий яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр над руу Ц.О гэдэг хүн залгаж “чамайг ахын чинь хойноос явуулна, чамайг захын бацаанаар зодуулна” гэж ярьсан. Маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай найз над дээр ирж, бид хоёр 2 литрийн савлагаатай хоёр ширхэг пиво уусан. Тэгээд манай найз гэртээ явсан ба би төрсөн ах Гэрэлт-Ертөнц ахад “ээжийг Ц.О гэх хүн зодсон байна” гэхэд “ямар хүн байдаг юм, очиж уулзъя” гэсэн. Ингээд ах бид хоёр хажуу талын хашаа болох Ц.О ахын гэрт очсон. Би гэрт нь ороход хаалгаа онгойлгож өгсөн бөгөөд би шууд хацар орчимд нь нэг удаа алгадсан. Энэ үед Г ах намайг барьж болиулаад, гэрт хүргэж өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 40 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Д-ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 11 дүгээр гудамжны 144 тоотод “манай ээжийг зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Ц.О-ын зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохиж, биед нь “...баруун доод хоёрдугаар шүдний булгарал, буйлны цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Ц.О-ын биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 05-06 дахь тал),

- хохирогч Ц.О-ын: “...Би Хххх гэртээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байж байхад манайхаас хоёр гудамжны цаана амьдардаг Т.Д гэх залуу ахынхаа хамт 23 цаг 45 орчим ороод ирсэн. Тэгснээ “чи манай ээжийг зоддог хэн бэ” гээд миний эрүү, толгой орчим цохисон. Би “цагдаа дуудлаа” гэхэд миний гар утсыг булааж аваад газарт шидэж хагалсан. Надад “маргааш бас орж ирнэ, чи гэртээ байж байгаарай” гэж хэлсэн.

Би ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Т.Дий ээж 70 орчим настай хүн байдаг. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт ирээд “архи авч өг” гээд гарахгүй байхаар нь би чирээд гэрээсээ гаргасан, гэхдээ цохиж зодсон зүйл байгаагүй. Тэгээд намайг зодсон гээд мөнгө нэхэхээр нь 190.000 төгрөг өгсөн. Өчигдөр Т.Д-ий эгч залгаад “гар утас авах гэсэн юм” гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд удаагүй Т.Д орж ирээд намайг зодчихсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09 дэх тал),

- гэрч Ш.Е-ийн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний гэртээ байж байхад миний төрсөн дүү Т.Д нь эхнэр, найзынхаа хамт ирсэн. Ирэхдээ согтуу байсан ба “ээжийг хүн зодсон байна, ахын чинь араас явуулна гэж байна. Хамт тэр хүн дээр очиж уулзах уу” гэхээр нь би хамт тэр айл руу явсан. Манай дүү 3 жилийн өмнө нас барсан юм.

Тэр айл нь манай ээжийн гэрээс нэг гудамжны ард байдаг бөгөөд урагшаа харсан дотроо хоёр гэртэй хашаа байсан юм. Гэрт ороход 40 орчим насны цайвар шар царайтай, богино үстэй эрэгтэй хүн ганцаараа байсан. Дүү бид хоёр дотогш ороход Т.Д “миний ээжийг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлээд баруун гараараа нөгөө хүний зүүн шанаа руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би тэр дор нь болиулж тэврээд, гэрээс гарч явсан. Тэгээд дүү Т.Д-ийг гэрт нь оруулаад унтуулсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9265 дугаартай:

1. Ц.О-ын биед баруун доод хоёрдугаар шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 27-28 дахь тал) болон шүүгдэгч Т.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Ц.О-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун доод хоёрдугаар шүдний булгарал, буйлны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Д түүний зүүн шанаа руу гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Д-ий дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ц.О-ын биед учирсан “...баруун доод хоёрдугаар шүдний булгарал, буйлны цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн нөхцөлд хохирогч Ц.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. 

 

Иймээс хохирол, уршигтай холбоотой гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 40 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Т.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Дд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О нь шаардлагатай гэж үзвэл гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт хамаарах баримт нотолгоог бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Т.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД