Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/788

 

2022           8             04                                    2022/ШЦТ/788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0743/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

улсын яллагч Б.Чинзориг,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

шүүгдэгч  Д.М, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2203001680256 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл байхгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.М /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн зам, “Баянбогд” хүнсний дэлгүүрийн урд замд “Хонда Инсайт” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би даатгалын мөнгийг цувуулаад 1 жилийн дотор төлөх саналтай байна.” гэв.

Хавтаст хэргээс:

2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал)

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “... Уг бичлэг 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичлэг байв. Бичлэгийн 20 цаг 34 минут 12 секундэд дэлгэцийн зүүн хэсгээс буюу зорчих хэсгийн урд талаас явган зорчигч гарч ирж байгаа нь автомашины гэрэлд харагдаж байна.../…бичлэгийн 20 цаг 34 минут 20 секундэд явган зорчигч усны тэрэг чирсэн байдалтай зорчих хэсгээр зам хөндлөн гарч байхад баруун гар талаас автомашин ирээд мөргөөд газарт унагаж байгаа дүрслэгдэж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 19 цагийн орчимд гэрээсээ гараад дэлгүүр ороод нүүрс худалдаж авах гээд цэнхэр өнгөтэй төмөр усны тэрэг түрээд явж байгаад шороон зам дуусаад асфальтан зам гарч ирэхээр нь машин ирж байна уу гэж 2 тийш харж байгаад тэргээ чирээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байтал гэнэт баруун гар талаас нэг машин хурдтай орж ирээд намайг мөргөөд унагасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

Гэрч Л.Бэхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…орой 20 цагийн орчимд Бэлх гэх газраас Сонгинохайрхан дүүргийн Тахилт гэх газар руу буцаад явж байсан. Тэгээд бид хэд явж байтал гэнэт тоормос гишгэхээр нь би жолоочийн эсрэг талын урд сандлын дэрийг толгойгоороо мөргөсөн. Тэгээд би гайхаад юу болсон бэ гээд машинаасаа буугаад хартал нэг хүн газарт уначихсан машин зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрч Г.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тус өдрийн орой 20 цагийн орчимд эмээ, ээж, ах, 2 насанд хүрээгүй хүүхэд болон манай нөхөр Д.М бид хэд гараад явж байтал манай нөхөр гэнэт тоормос гишгээд хүн мөргөчихлөө гэж хэлээд машинаа зогсоогоод машинаасаа буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-78 дахь тал)

Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №5224

Дүгнэлт

  1. Б.Б-ын биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуянд цус хуралт, баруун сарвуу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй                                                       

Дүгэнлт гаргасан Шинжээч эмч Б.Сэргэлэн /хх-ийн 75-76 дахь тал/

Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэм буруугийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны оройн 20 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн зам, Баянбогд хүнсний дэлгүүрийн урд замд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч эхнэр Г.А-н эзэмшлийн Хонда Инсайт маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Баясгалангийн Б.Б-г мөргөж түүний эрүүл мэндэд баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуянд цус хуралт, баруун сарвуу, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.М нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Б нь эмчилгээний зардлын баримттай 431.475 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал гээд шүүгдэгчээс нийт 4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд, уг 4 сая төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дотор буюу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хохирогч Б.Б, шүүгдэгч Д.М нар нь шүүх хуралдаан дээр харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Мөн уг ослын улмаас хохирогч Б.Б-н эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1.947.000 төгрөгийг шүүгдэгч Д.М-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны 1009000200801 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх  зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.М-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Б-с  нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар өмгөөлөгчийн хамт хохирогч Б.Б-тэй Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг баталгаажуулсугай.

6. Шүүгдэгч Д.М нь дээрх Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд түүнээс үл маргах журмаар 4 сая төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгох болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Б.Б-н эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн зардал болох  1.947.000 /нэг сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.М-с гаргуулж ЭМДЕГ-ийн Төрийн сан банкны 1009000200801 дугаарын дансанд төлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР