Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.У даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Х банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Ш.О-д холбогдох зээл, зээлийн хүү 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 4-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12  сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З

Хариуцагч Ш.О

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Гэрч Д.Ө

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х банкны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.О  нь Х банкны Дундговь салбараас 2016 оны 11 сарын 4-ний өдөр “Тэтгэврийн зээлийн гэрээ” байгуулан 2176011.37 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлсэн. Зээлээс нийт 216000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээг авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд үндсэн зээл 1992180,00 төгрөг, зээлийн хүү 358592,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33305,46 төгрөг, нийт 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.О  нь Х  банкны Дундговь салбараас 2016 оны 11 сарын 4-ний өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 2176011.37 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлээс 183831,37 төгрөг, зээлийн хүү 32168,63 төгрөг, нийт 216000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй, хугацаа хэтэрсэн байгаа. Тийм учраас зээл, зээлийн хүү нийт 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б-ийн Б  гэдэг охин маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан. Охиныхоо тэтгэмжийн дэвтрийг барьцаалан зээл авсан. Би өөрөөр хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан юм байхгүй. Тэтгэмжийн дэвтрийг барьцаалж авсан учраас түүгээрээ зээлийн төлбөрийг төлүүлж авдаг юм. Өөр ярих зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х банкны Дундговь салбар нь Ш.О-т холбогдуулан зээл, зээлийн хүү 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Х банкны Дундговь салбар болон хариуцагч Ш.О  нар нь 2016 оны 11 сарын 4-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан байх ба хариуцагч Ш.О нь нэхэмжлэгч Х банкны Дундговь салбараас 2176011,37 төгрөгийг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь “гэрээг байгуулахдаа бусдын нөлөөнд орж байгуулаагүй” гэж тайлбарлаж байх тул талууд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь “банк өндөр настны тэтгэврийн зээл олгосон гэж байгаа ба би өндөр настны тэтгэвэр авдаггүй. Авсан зээл нийгмийн даатгалын сангаас орж ирсэн санхүүжилтээр төлөгдөх ёстой. Нэгэнт би өндөр настны тэтгэвэр авдаггүй учир энэ зээлийг төлөх ёсгүй” гэж маргаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2016 оны 11 сарын 4-ний өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээний тэргүү хэсэгт “Өндөр настны тэтгэвэр” хэсгийг сонгожээ. Тэтгэврийн зээлийн гэрээний энэхүү хэсгийг сонгосноор гагцхүү өндөр настны тэтгэвэр авагч этгээд л энэхүү зээлийг эргэн төлнө гэж ойлгож болохгүй бөгөөд гэрээний 3.2.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг сар бүр 5450567300 тоот харилцах дансандаа төвлөрүүлж, “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч нь энэхүү гэрээг байгуулж зээлийг авсан, хувийн хэрэгцээнд зарцуулсан, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн гэдэгтэй маргахгүй байх бөгөөд гагцхүү энэхүү зээлийг авах үндэслэл болсон тэтгэврийн санхүүжилт нийгмийн даатгалын сангаас олгогдохгүй болсон тул зээлийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. Гэрээнд нийгмийн даатгалын сангийн санхүүжилт зогссон тохиолдолд зээлдэгч зээлийг төлөх үүргээс чөлөөлөгдөх тухай талууд тохиролцоогүй бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн “6.1.Энэхүү гэрээний 4.1.2-т заасан дансдаас зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй тохиолдолд, банк нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлого, хөрөнгөөр хангуулна. 6.2.Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж тус тус заажээ. Эндээс харахад гэрээний үүргээ зээлдэгч зөвхөн нийгмийн даатгалын сангаас орж ирсэн санхүүжилтээр төлнө гэж зохицуулаагүй байх бөгөөд бусад орлого, хөрөнгөөр төлөхийг талууд харилцан тохиролцсон байна гэж үзнэ.

Иймд талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээг байгуулсан бөгөөд гэрээ ёсоор банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлийг харилцагчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь зээлийг аваагүй гэж маргахгүй байна. Харин зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.   

Нэхэмжлэгч Х банкны Дундговь салбар нь нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг гаргууулахаар нэхэмжлэл гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэгч  тал нь нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагаа бүрдүүлж өгөх үүрэгтэй байна. Ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гарсан зардлыг хариуцагч талаас нэхэмжлэх үндэслэлгүй байна. 

Мөн зээлийн гэрээний 1.1.4-т “зээлд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй” гэж заасан байх тул нэмэгдүүлсэн хүү 33305.46 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. Гэрээнд зээл төлөгдөөгүй тохиолдолд хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй тул гэрээний 1.2-т заасан “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь” хэсэгт талуудын харилцан тохиролцсон хүүгийн хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд  зээл олгосноос хойш 1 сарын төлөлт хийгдсэн талаар тайлбар гаргасныг үндэслэн 2016 оны 12 сарын 1-ний өдөр 216000 төгрөгийн төлөлт хийгдэж үндсэн зээл 1992180 төгрөг үлдсэн, түүнд тооцсон хүү 167717 төгрөг, нийт 2159897 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ш.О-ээс 2159897 /хоёр сая нэг зуун тавин есөн мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Дундговь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225681 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун наян нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53119 /тавин гурван мянга нэг зуун арван есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, харуицагч Ш.О-ээс 49508 /дөчин есөн мянга таван зуун найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.У