| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0518/Э |
| Дугаар | 791 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 18.6.1., 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 791
Б.М, М.Н, Б.Бнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Г.Эрдэнэ,
шүүгдэгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Цолмон-Эрдэнэ,
шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Нарантуяа, Г.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 41 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраа, Б.Тэнгис, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүгдэгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Ж.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М, М.Н, Б.Бнарт холбогдох эрүүгийн 1802005170285 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.М, Б.Б, М.Н нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилсны дагуу М.Н, Б.Бнар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип-лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Билгүүн, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Билгүүн, М.Н нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Билгүүн, М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.М, Б.Билгүүн, Б.Нямдорж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мын цагдан хоригдсон 64 хоног, шүүгдэгч Б.Билгүүн, М.Н нарын цагдан хоригдсон 91 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг Сиди-г хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 давхарын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33.8 грамм жинтэй “Мөс”, цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг эд мөрийн баримтууд даавууг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.Мт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Б.Билгүүн, М.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Билгүүний 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.М, Б.Билгүүн, М.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Б.Билгүүн, М.Н нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг шүүх хуралдааны танхимд байсан оролцогч нарт уншиж сонсгосон болно.
Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.М, Б.Билгүүн, Нямдорж нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно" гэж заасны дагуу шийдвэрлэсэн талаараа тусгаагүй орхигдуулж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй мэт бичигдсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бгаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн буруутай үйлдлээс болж нийгмээс тусгаарлагдаж, охиныхоо ирээдүйд анхаарал тавьж чадахгүй, өсвөр насанд нь удаан хугацаагаар бусдын асрамжид үлдээж байгаадаа маш их харамсаж байна. Би өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хэргийн үйл явцад анхнаас нь саад учруулалгүй, гэм буруугаа хүлээн өөрийгөө илчилсэн билээ. Миний охин болох Б.Энхрийгийн эрх ашгийг шүүх харгалзаж үзэхийг хүсч байна. Хэдийгээр би гэмт хэрэгт холбогдсон боловч өрх толгойлсон эцгийн хувьд Б.Энхрийгийн тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, ирээдүйн баталгаа нь эцгийн үүрэгтэй салшгүй холбоотой. Онцгой нөхцөл байдлыг минь харгалзаж үзнэ үү. Дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, эцгийн болон иргэний үүргээ маш сайн биелүүлэн зөв амьдрах болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доош татаж, ял шийтгэл оногдуулах зарчмыг хэрэглэн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Билгүүний өмгөөлөгч Г.Сүхээ, Ж.Энхтуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил, 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж”, мөн зүйлийн 1.3-д “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" гэж заажээ.
Б.Билгүүний гэм буруугийн үйлдэлд анхан шатны шүүхээс дараах нөхцөл байдлуудад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжийг хэрэглээгүй гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж байна.
1. "Хориглосон ... сэтгэцэд нөлөөт бодис "Мөс" гэгчийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл хийгдсэн боловч Б.Билгүүний хувьд уг бодисыг худалдаж ашиг хонжоо олох зорилго агуулж байгаагүй, гэмт хэргийн санаатай үйлдлийг хийсэн боловч түүний хүсэл зоригоос гадуур таслан зогсоогдсоноор ямар нэгэн хор уршиг учраагүй.
2. Анхан шатны шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх... нөхцөл байдал тогтоогдсонгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Билгүүний ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх дараах нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", Б.Бнь М.Нид туслах, түүний орон сууцыг барьцаанаас суллаж, өр зээлийг барагдуулах зорилготойгоор уг хэрэгт оролцсоныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй.
3. Б.Билгүүний асрамжид 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрий байдаг ба Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар Б.Энхрийгийн эрх ашгийг шүүх анхааран үзэх ёстой байсан болов уу. Хэдийгээр Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн боловч өрх толгойлсон эцгийн хувьд Б.Энхрийгийн дэд эрх ашиг болох эцгээрээ тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, ирээдүйн баталгаа нь эцгийн үүрэгтэй салшгүй холбоотой онцгой нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болж байна.
4. Мөрдөгч нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг явуулж байхдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийг зөрчиж, эрүү шүүлт явуулсан боловч өөрийн үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байсан өөрийгөө илчилсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа нь ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.
5. Б.Бнь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор уршгийг ухамсарлан ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, энэ байдалдаа дүгнэлт хийж, өөрийн буруугаас нийгмээс тусгаарлагдаж, охиныхоо ирээдүйд санаа тавьж чадахгүй, эцгийн хараа хяналтад байх насанд нь удаан хугацаагаар бусдын асрамжид үлдээж байгаадаа маш их харамсаж байгаа байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ялын доод хэмжээнээс доош татаж, ял шийтгэл оногдуулах зарчмыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Мыг “гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил, 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулсан. Ингэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу 16.12-т заасан нотлох баримтыг ашигласан, мөн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, миний үйлчлүүлэгчийг ялтан болгоод байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.М нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авахаар Бүгд Найрамдах Хятад улс руу явсан буюу Монгол Улсын хилээр гарсан, орсон тухай баримт огт авагдаагүй, М.Ноос зээлж авсан мөнгийг өгөхийн тулд төрийн тээврийн хэрэгслийг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж түүнд өгөх өрийг өгч дуусгасан л үйлдэл харагддаг. Шүүгдэгч Б.Бнь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Бид 3 энэ гэмт хэргийг анхнаас нь ийм сэдэлтэй, ийм зүйлд үгсэн тохиролцоогүй, ... би шөнө 04 цагт цагдаад баригдаад өглөө 10 цаг хүртэл байцаагдсан, байцаалт өгмөөргүй байна гэхэд намайг зодсон, 4-н удаа цахилгаан бороохойгоор толгой дээрээс цохисон, мөн байцаагч нар хэдэн талаас дарамталсан ... 11 дүгээр сарын 14-өөс 18-ны хооронд Мандахбаяртай огт холбогдоогүй уулзаагүй гэж мэдүүлсэн.
Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... цагдаа нар намайг дахин дахин зодоод" та нар худлаа яриад байна" гэж зодсон, намайг “чи мэдүүлгээсээ буцах юм бол насаар чинь гаргахгүй, батлан даалтад насаар чинь гаргахгүй байж чадна" гэж дарамталсан, тухайн үед миний утас руу залгасан болохоор Б.Мыг зааж өгсөн, Билгүүн бид хоёрыг урагшаа явахыг Мандахбаяр мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл болгон дурдагдаад буй хэрэгт авагдсан мэдүүлгүүдээ бүрэн үгүйсгэсэн ба харин эсрэгээрээ М.Н, Б.Бнар нь сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-аас худалдан авсан болон Монгол Улсын хилээр оруулж ирсэн талаар Б.М нь огт мэдээгүй байсан болох нь нотлогддог юм. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоолгүй, хэрэгт авагдсан эрүү шүүлт, тулгалт дор авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн.
Мөн хэрэгт авагдсан "Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа" нь прокурорын хяналт зөвшөөрлийн дагуу явуулсан, магадлагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтас хэрэгт тусгуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчөөгүй хэмээн үзэж, нотлох баримтаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл, прокурор яллах талын нотлох баримт болгохоор тооцсон ажиллагаа байхад шүүх тус баримтыг тухайн яриа бичигдсэн Сиди бичлэгийг нягтлан сонсох гэх мэт шалгаж үнэлэлт өгөлгүй урьдаас хөдөлбөргүй үнэн мэтээр дүгнэсэн.
Дээрх бүгдийг дүгнэн үзэхэд, яллах дүгнэлтэд дурдагдсан миний үйлчлүүлэгч Б.М нь М.Н Б.Бнартай үгсэн тохиролцсон, бүлэглэн, тэдгээрийг удирдан зохион байгуулж хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр оруулж ирсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь бүрэн үгүйсгэгддэг ба огт нотлогдохгүй байхад шүүхээс гэмт буруутай гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан", "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал'' гэж заасныг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2. 36.6. 36.7 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т "шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасныг зөрчсөн, Шүүгдэгч Б.Билгүүн, М.Н нар нь шүүх хуралдаан дээр үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлсэн гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд зодуулж шоконд орсон байхдаа өгсөн мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгч Б.Мыг гэм буруутай байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н, Б.Бнар нь мэдүүлэгтээ “Бид 3 энэ гэмт хэргийг анхнаас нь сэдэлттэй ийм зүйл үгсэн тохиролцоогүй. Мандахбаяраас Нямдорж өрөндөө мөнгө авсан мөс захисан зүйл байхгүй. Мөн мэдүүлэг авахдаа зодож цохиж мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг. Мөн З хх-114 хуудсанд Нямдоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.М нь М.Н, Б.Бнартай бүлэглэн зохион байгуулж хар тамхи мансууруулах бодисыг борлуулах зорилгоор, Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.М, Б.Билгүүн, М.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн боловч тус тус оногдуулсан ялыг хэрхэн яаж эдлэх, нэмж нэгтгэх талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гэмт хэргийн шинжийг хангахгүй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Б.Мыг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэг нотлогдсон талаар тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Б.Мын хувьд гэмт хэрэгт оролцоогүй талаар удаа дараагийн мэдүүлгүүдийг тогтвортой мэдүүлж, өөрийнхөө гэм буруугүйг нотолдог. Зөвхөн Б.Билгүүн, М.Н нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэн Б.Мын хувь заяаг шийдвэрлэсэн нь буруу юм. Дээрх 2 хүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй, 2 хүний мэдүүлгийг дайчлан баривчлах өдөр шөнийн цагаар эрх чөлөөнд нь халдан зодож, айлган сүрдүүлж, дарамтлан байж авсан. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хурал дээр удаа дараа мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэнгүй. Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн талаар шүүх хангалттай нотлогдсон гэж үзсэн боловч ямар нотлох баримтаар, хэрхэн нотлогдсон талаар дүгнэлт хийгээгүй. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй Б.Мын “Тоёота Кроун” маркийн, 27-12 УНО улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тогтоол үйлдэн битүүмжилж буруу шийдвэр гаргасан. Одоо автомашин журмын хашаанд өдрийн 5.000 төгрөг, 1.000.000 гаруй төгрөгийн төлбөр үүссэн байна. Энэ төлбөрийг буруу шийдвэр гаргасан прокурор төлөх үү, эсхүл Б.М төлөх үү гэдэг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдууллаа. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Н нь барилгын үйл ажиллагаа явуулдаг "Хангал констракшн" ХХК-д ажилладаг /хх 2-236/ ба БНХАУ-руу барилгын материал татах зорилготой хааяа явдаг, мөн түүний дансаар /хх-2-241/ ажлын хөлс, барилгын материалын төлбөр байнга орж, гарч байдаг баримтууд хэрэгт авагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-руу барилгын материал авахаар явахдаа Хятад хэл мэддэг өөрийн багын найз Билгүүн рүү залгахад тэрээр урагшаа явж байна гэсэн, урд очоод хоорондоо уулзалдсан ба Нямдоржийн авах материал үнэтэй мөн татвар нь өсч, Монгол Улсад зарж байгаатай адил шахуу байхаар нь авахаа болиход түүний найз Билгүүн мөнгийг нь зээлсэн, түүнийг гадаад хүнтэй холбогдон "мөс" гэх бодисыг авсан, түүнээсээ хэрэглэсэн тухай нь мөн Монгол Улсад ирээд хаана нуусан зэргийг нь анх гэрчээр асуугдах үеэсээ эхлэн үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, зааж өгч мэдүүлсэн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг хийсэн ба тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээг ухамсарлан ойлгож хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба шүүхийн хэлэлцүүлэгт энэ байр суурь нь хэвээр байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
М.Н өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг огт хэрэглэж үзээгүй, сонирхдоггүй, эрхэлсэн тодорхой ажилтай, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 3 сартай хүүхэдтэй, хөгшин настай ээж, аавтай, түүнээс өөр байрны зээлийг нь төлөх хүн байхгүй, нийт 4 сар гаруй цагдан хоригдсон, Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дээрх хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял” оногдуулж, шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад ялыг нэмж нэгтгэх гэсэн нэг ч заалт байхгүй байсан. Шүүгдэгч М.Нийн эхний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хууль ёсны, үндэслэлтэй байсан гэж үзэж байгаа. Хавтас хэргийн материалтай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг прокурорт гаргасан. Гэтэл бусад хоёр шүүгдэгч ийм хүсэлт гаргаагүй тул боломжгүй болсон. М.Н дараа дараагийн мэдүүлэгтээ хэргийн талаар тодорхой ярьдаг. Гэхдээ багаасаа цуг өссөн, найз нөхөд тул хоёр шүүгдэгчийг яллах гээд мэдүүлэг өгдөггүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, өөрөө уг хэргийг илрүүлэхэд тус дэм болсон байдаг. Уг байдлыг харгалзаж үзнэ үү. Өөрөө гомдол гаргасан байсан боловч хорих ангийн нийгмийн ажилтан хугацаа хэтэрсэн байна гээд аваагүй байдаг. Энэ талаар гомдол гаргасан байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраа, Б.Тэнгис, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүгдэгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Билгүүн, М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь прокуророос шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, Б.Билгүүн, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг ялгамжтай зүйлчилсэн байхад анхан шатны шүүх тэдэнд тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хавтгайруулан оногдуулсан нь буруу болжээ.
Анхан шатны шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялгамжтай оногдуулах шаардлагатай.
Ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн ...ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэх юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болдог.
Шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг төрлийн ял оногдуулсан тохиолдолд дээрх хуулийн заалтад хамаарахгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, М.Н, Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаарын зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, тус бүрд нэг төрлийн буюу хорих ял оногдуулсан атлаа хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах буюу ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоогоогүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг төрлийн буюу хорих ял оногдуулсан тохиолдолд тус бүрийг хэрхэн эдлүүлэх тухай зохицуулалт алга.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэнтэй анхан шүүхийн шийтгэх тогтоол нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэжээ.
Иймээс анхан шатны шүүх хэд хэдэн үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан тохиолдолд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох шаардлагатай.
Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл улсын яллагчийн эсэргүүцэлд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ...гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн ...шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг шүүх хуралдааны танхимд байсан оролцогч нарт уншиж сонсгосон болно...” гэж дурьджээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх байдлын талаар тусгагдаагүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох учиртай.
Эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцүүлэн шийдвэрээ гаргаж байхыг онцгойлон анхаарвал зохино.
Шүүгдэгч Б.Билгүүн, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлүүдийг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд прокурорын бичсэн “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М, М.Н, Б.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М, М.Н, Б.Бнарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд хүргүүлэх хүртэл Б.М, М.Н, Б.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ