Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                                С.Баянжаргал

Улсын яллагч                                              Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ш.Цэдэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч          Е.Дарийгаа

Хохирогчийн өмгөөлөгч                              С.Сувдаа

Иргэдийн төлөөлөгч                                    Д.Отгонбаяр

            Шүүгдэгч                                                            В.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Ванчигийн Цогтсайханд холбогдох 201618020129 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Халх, Улаанбаатар хотод 1977 оны 08 дугаар сарын 02-нд төрсөн 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Сайрын 03 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны дугаар 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсгүүдэд зааснаар 03 жил 10 хоногийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж  01 жилийн хугацаагаар  хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны дугаар 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг  оногдуулж уг ялыг тэнсэж  01 жилийн хугацаагаар  хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Ванчигийн Цогтсайхан /РД:ЧД77080275/ 

Шүүгдэгч В.Цогтсайхан нь  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хараа голын эрэг дээр иргэн Ж.Халамханыг “ямааны хулгайч” гэж хэлсэнээс болж хувийн таарамжгүй харьцаа үүсэн маргасны улмаас 18 цаг 56 минутын орчим Хараагийн 5 дугаар гудамжинд сайжруулсан шороон төв зам дээр Ж.Халамханы толгойн тус газарт хашааны шон хийх гэж байсан 2 метр 10 сантметрийн урттай модоор толгойн тус газарт цохиж амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Цогтсайхан мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 17-нд би гэрээсээ гараад харахад манай үхэр ирж байсан. Тэгэхээр нь би голын эргээр тугалаа хайгаад явж байтал Дарханбаатар дуудаад нэг шил юм байна. Хань болоод суугаач гэсэн. Тэгээд 2-лаа архиа ууж дуусгаад сууж байтал Наранхүү ирэхээр нь яасан морьгүй юм бэ гэхэд Дарханбаатар надад 2500 төгрөг байгаа, нэрмэл авъя гэсэн. Тэгээд бид 3 хойшоо хонхор ороод нэг нэрмэл аваад гол дээр сэрүүхэн сайхан ууя гээд очтол нэг хүн атиралдан хэвтэж байсан. Би энэ манай ямааг авдаг нөхөр байна гээд цаашаагаа 10-аад алхмын цаана суусан. Тэгээд сууж байтал талийгаач гал байна уу гээд хүрээд ирсэн. Гал байхгүй гээд явуулсан. Бид хэд архиа уучихаад би харих гээд нөгөө хоёроосоо салаад явсан. Дэлгүүрийн гадаа явж байтал талийгаач хойноос хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Агсалын хашаанд ороод нуугдсан. Агсал ирээд хэнээс нуугдаад байгаа юм гэхээр нь би Дарийгаагийн нөхрөөс нуугдаж байна гэхэд намайг хашааныхаа арын хаалгаар гаргасан.  Тэгээд гарч иртэл талийгаач амандаа бувтнаад араас гүйгээд би зугтсан. Тэгтэл Мөнхбат, Батжаргал нартай таарсан. Тэнд би зодуулах нь гээд байж байтал хойноос хүрээд ирэхээр нь би айсандаа мод аваад цохичихсон. Унахаар нь би зүүн гараас нь татаад босгох гэсэн босохгүй байсан. Хажууд хүмүүс хүн алчихлаа гээд бахираад байхаар нь айсандаа эмнэлэг рүү гүйсэн. Замдаа Энхжаргал эмчтэй таараад би хүн цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очих гэснээ айгаад гэр лүүгээ очсон. Гэртээ ирээд удаагүй байхад Батгэрэл цагдаа ирсэн. Түүнээс би цагдаагаас зугтаагаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Дарийгаа мэдүүлэхдээ: Би 2016  оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байсан. Үхрээ сааж байхад хүн ирээд танай хүн зам дээр унасан байна гэсэн. Би согтуу юм байгаа биз гэхэд нэг хүн том модоор танай хүнийг цохьсон гэсэн. Тэгтэл манай зээ ирээд өвөө хөдлөхгүй газар хэвтээд байна гэсэн. Би арай ч үгүй байлгүй, согтсон байх гээд очтол цагдаа нар ирсэн ойртуулахгүй байсан. Тэгтэл нэг хүн том модоор цохисон гэж хэлсэн. Манай хүн хөдлөхгүй хэвтээд байсан. Ийм л юм болсон байсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Дарийгаа мэдүүлэхдээ: талийгаач Ж.Халамхан маань 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өглөө 09 цагт “Хандгайн бүргэд” ХХК-ийн хөрөө рамм руу буюу өөрийн ажил руу явсан. Орой 19 цагийн орчим би төрсөн охиныхоо гэр лүү орох гээд явж байхад Ерлик машинтайгаа явж байгаад намайг дуудахаар нь очиход Ерлик “Дарийгаа эгчээ Бек /Ж.Халамхан/ ах тэнд хэвтэж байна шүү гэхээр нь би архиа уучихсан согтуу байгаа юм уу гэж асуухад “үгүй ээ хүн аймаар модоор цохиод унагаачихлаа” гэхээр нь очиход Батгэрэл цагдаа “цаашаа байж бай” гэж хэлээд байхаар нь очиж уулзаагүй. Тэгэхэд манай нөхөр Ж.Халамхан ерөөсөө хөдлөхгүй газар хэвтээд байсан гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнхөө мэдүүлэхдээ: …2016 оны 06 дугаар сарын 17ны өдөр 18 цаг өнгөрч байхад  Хараагийн хэсэгт Батжаргал ахад туслаад хашааны шонгийн нүх ухаж өгөөд байж байтал ертөнцийн зүгээр хойд хэсгээс В.Цогтсайхан гүйж ирсэн хойноос нь талийгаач Ж.Халамхан гүйчихсэн ирж явсан. Би В.Цогтсайханаас яагаад байгаа юм бэ гэж асуухад хөгшин чинь хасгийн хонхорт зодуулах гээд байна. Одоо та хоёрын хажууд халхын нутагт ороод ирлээ, энэ муу хасагийг цохиод хаячихъя гэж яриад газарт зоох гэж байсан 2 ширхэг шонгийн хатаж хөхөрсөн нарийн шонгийн мод байсныг В.Цогтсайхан хоёр гараараа барьж байгаад Ж.Халамханыг цохих гээд далайтал Ж.Халамхан цаашаа хараад хайрган зам эргээд зугтаахад араас хөөж толгой ар дагз хэсэгт цохисон. Цохих үед “дан” гэж дуугарсан, Ж.Халамхан шууд зам дээр дээшээ хараад унасан… В.Цогтсайхан Батжаргал ах бид хоёрын хажууд ирэхдээ архи уучихсан халамцуу байсан, Ж.Халамхан бас уучихсан халамцуу байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Батжаргал мэдүүлэхдээ: …орой 18-19 цагийн хооронд Бямбаагийн хашааны шонгийн модны нүх ухаж байхад В.Цогтсайхан гүйчихсэн, араас нь араас нь манай нутгийн Бек гэж дууддаг Ж.Халамхан гүйж ирж яваа харагдсан. В.Цогтсайхан согтуу байсан ба араас нь Ж.Халамхан гүйж ирээд маргалдаад зодолдох гээд байсан. Тэгээд гайгүй юм шиг болохоор нь Мөнхөө бид хоёр шонгийн нүхээ ухаж байтал В.Цогтсайхан газарт суулгах гэж байсан 2 метрийн урттай хөхөрч хатсан хуурай нарс модоор Ж.Халамханы толгойруу цохиод зам дээр унагаачихаад өөрөө баруун урд гэрийнхээ зүг рүү зугтаагаад явчихсан. Мөнхөө бид хоёрыг хажууд нь байтал Бямбаа, Эрлэг /А.Ерлик/ хоёр хүрч ирээд Эрлэг цагдаа Батгэрэлийг дуудаад цагдаа ирэхдээ эмч дагуулж ирээд үзээд нас барсан байна гэж хэлсэн. Хэрэг яг 19 цагийн орчим болсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бямбаа мэдүүлэхдээ: …орой 19 цагийн орчим гэрийнхээ хашаа руу ороод хүрз авчихаад Батжаргал ах, Мөнхөө ах хоёр луу гараад явж байх замд тэр хоёрын цаана нэг залуу газарт уначихсан Цогтоо /В.Цогтсайхан/ баруун урд зүг рүү миний өөдөөс гүйж байхаар нь би хөөе чи зогсооч, буцаад оч, хүн алчихсан юм бишүү гэж хэлэхэд юу ч дуугарахгүй миний хажуугаар улаан цайм баруун урагшаа гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө залуугийн  артерийн судсыг дарахад цохилж байх шиг байсан ба Батжаргал. Мөнхөө ах хоёроос юу болсон талаар асуухад “Цогтоо сая энэ модоор цохиод унагаачихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Дарханбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим Хараа голын эрэг дээр архи уугаад сууж байхад В.Цогтсайхан ирээд архиа хувааж уугаад дахин архи уухаар Хонхор ороод архи аваад дахин Хараа голын эрэг дээр ирэхэд голын эрэг дээр нэг казак хүн хажуу тийшээ атирчихсан унтаж байхыг В.Цогтсайхан харчихаад “өө энэ ямааны хулгайч хэвтэж байна, гэрийн гаднаас ямаа хулгайлж байсан юм” гэж хэлэхээр нь би орхи гэж хэлээд цааш яваад архи ууж байхад нөгөө согтуу казак босож ирээд гал асуухаар нь байхгүй гэж хэлээд цааш явуулсан, өөрөөр хэрэлдэж маргаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч эмч Я.Энхжаргал мэдүүлэхдээ: …Би 2016 оны 06 дугаар сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад Түнхэлийн эрүүл мэндийн төвөөс гэрлүүгээ харих гээд явж байхад хамаатны залуу В.Цогтсайхан Хараагийн хэсгээс гүйж яваад намайг хараад зогсоод уйлчихсан, чичирч салгалаад согтуу явж байхаар нь юу болсон  талаар асуухад “би хүн цохиод унагаачихлаа, та очоод үзээд өгөөч” гэж хэлэхээр нь юу яриад байнаа, үнэн яриад байгаа юм уу, юугаар цохисон юм бэ гэхэд “би модоор цохиод унагаачихсан” гэж хэлээд цаашаа гүйгээд явчихсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч А.Ерлик мэдүүлэхдээ: …Орой 19 цагийн орчим гэрийнхээ хашаа руу явж байх замд Батжаргал ах, Мөнхөө хоёр хашааны шон ухаж байсан, тэр хоёрыг хажууд В.Цогтсайхан, Ж.Халамхан хоёр нэлээн согтуу В.Цогтсайхан нь Ж.Халамханыг гараараа цохих гээд онохгүй хий цохиод байсан, би яг тэр хэдийн хажуугаар зөрж өнгөрч байх үед В.Цогтсайхан  Ж.Халамханыг хашааны шонгийн модоор цохих гээд мөрөн дээрээ шонгийн модыг тавьж байгаа харагдсан, шонгийн мод нь гарнаас нь мултарч мөрөн дээр нь унаад ирэхэд В.Цогтсайхан мөрөөрөө хүч өгөөд Ж.Халамханы толгой руу цохиход шууд хойшоо зам дээр унаад босож ирэхгүй байсан. Ингээд эмч, цагдаа дуудъяа гээд явган Батгэрэл цагдаад очиж болсон хэргийн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹24 дугаартай  …Талийгаачийн Ж.Халамханы цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавлын орой, турк эмээлээс ухархайн дээд хана, нугасны сувгаас дагз чиглэлтэй  шугаман хугарал, тархины баруун талын бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорхи  тархмал цус харвалт, толгойн хуйханд цус хуралт, доод уруул баруун эгэм, баруун зүүн гарын тохой, цээж, зүүн шуу,шилбэнд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт. /хх-ийн 36-37, 41-44-р хуулас/, Согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний ¹5419 дугаартай дүгнэлт. /хх-ийн 55-р хуудас/ болон яллагдагч В.Цогтсайхан нь өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-106/, хохирогч Ж.Жаламханы оршуулгын зардал, учирсан хохиролын баримтууд /хх-ийн 107/, цэргийн алба хаасан тухай үнэмлэх /хх-ийн 108/, В.Цогтсайханы төрсний гэрчилгээ /хх-ийн 109/, сэжигтэн яллагдагчаар татсан тогтоолууд зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч В.Цогтсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хараа голын эрэг дээр иргэн Ж.Халамханыг “ямааны хулгайч” гэж хэлсэнээс болж хувийн таарамжгүй харьцаа үүсэн маргасны улмаас 18 цаг 56 минутын орчим Хараагийн 5 дугаар гудамжинд сайжруулсан шороон төв зам дээр Ж.Халамханы толгойн тус газарт хашааны шон хийх гэж байсан 2,10 метрийн урттай хашааны шон модоор толгойн тус газарт цохиж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь..... шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹24 дугаартай “… Талийгаачийн Ж.Халамханы цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавлын орой, турк эмээлээс ухархайн дээд хана, нугасны сувгаас дагз чиглэлтэй  шугаман хугарал, тархины баруун талын бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорхи  тархмал цус харвалт, толгойн хуйханд цус хуралт, доод уруул баруун эгэм, баруун зүүн гарын тохой, цээж, зүүн шуу,шилбэнд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт. /хх-ийн 36-37, 41-44-р хуудас/ В.Цогтсайхан нь өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг  зэрэг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж үзлээ.  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас В.Цогтсайханд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр  зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй  хэргийн зүйлчлэл тохирсон  тул хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч В.Цогтсайханы  цусанд 2.6 промиль спиртийн алкоголь илэрч, согтолтын дунд зэргийн согтолттой, 47 настай хохирогч Ж.Халамхан нь 3.4 промиль буюу хүнд  зэргийн согтолттой /ХХ-37/ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч В.Цогтсайхан нь ууж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.Б.Цогтсайхан нь хохирогчийн оршуулгын зардалд 4500000 төгрөгийг төлсөн.

Шүүгдэгч В.Цогтсайхан нь  хувийн байдлын хувьд өмнө нь  2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 03 жил 10 хоногийн хорих оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны дугаар 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж  01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, энэ гэмт хэргийг үйлдэхэд түүний хянан харгалзах хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг журамлаж ял оногдуулах үндэслэлгүй байна. В.Цогтсайханы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүлйин 17.1.4-д зааснаар онц хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа хэргийг согтуугаар үйлдсэн, удаа дараа танхай болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн  зэргээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн 55 1 дүгээр зүйлийн 551 .1-д заасан  хуульд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, 2.10 метрийн урттай хашааны шон модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч талаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, төлөх төлбөргүйг, шүүгдэгчийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, тогтоолд тусгах В.Цогтсайханыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297. дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ванчигийн Цогтсайханыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2.  Шүүгдэгч В.Цогтсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан    В.Цогтсайханд оногдуулсан 10 /арван/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар В.Цогтсайханы 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  101 /нэг зуун нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.10 метрийн урттай хашааны шон модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.Цогтсайханд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,

7. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусад төлөх төлбөргүйг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй.

          10.Шийтгэх тогтоод гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж В.Цогтсайханыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                               Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                Б.ХЭРЛЭН

 

                                                                        Ж.ЭРДЭНЭБАТ