Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0298

 

 

 

 

 

 

 2021         05           12                                     128/ШШ2021/0298

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 311 дүгээр анги,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: “Стар ложистик ресурс” ХХК, “Платиниум ланд” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тусгай хэрэгцээний газарт давхцуулан олгосон ашигт малтмалын ашиглалтын МV-017286 дугаар “Стар ложистик ресурс” ХХК, МV-017369 дугаар “Платиниум ланд” ХХК-ниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх, С.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр, гуравдагч этгээд “Стар ложистик ресурс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ, гуравдагч этгээд  “Платиниум ланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: “...Маргаан бүхий газар нь Газрын тухай хуульд заасны дагуу улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах газар юм. Энэ нь Улсын Их хурлын тогтоолуудаар тухайн газар нь тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаа. Энэ газарт гэтэл хариуцагчийн шийдвэрээр 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 60.36 гектар газрыг “Стар ложисик ресурс” ХХК-д, мөн  2013 оны 08 дугаар сарын  350 дугаар  шийдвэрээр  “Платиниум ланд”

ХХК-д олгосон нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 9.2 болон 4.5-т заасан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газраас бусад хэсэгт ашигт малтмал хайх эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан байдаг. Гэтэл тусгай хэрэгцээний газарт хамаарах газарт дээрх нэр бүхий 2 хуулийн этгээдэд газар олгосон нь тус хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг мөн адил Засгийн газар нь хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Газрын тухай хуулийн 17.1.3-т заасан зүйл заалтуудыг хариуцагчийн шийдвэр нь зөрчсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Энэ асуудлын хүрээнд хариуцагчид манай зүгээс хэд хэдэн удаа албан бичгээр хандсан байдаг. Хариуд нь гуравдагч этгээд нарт газар олгосон гэж ирсэн. Нийтдээ давхцуулсан олгосон гэх 7 зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэхэд зөвшөөрөл нь хүчинтэй 2 байгууллага байна гэсэн байдаг. Хууль бусаар олгосон байгаа энэ хууль бус зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Захиргааны хэргийн шүүхэд хандан зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах боломжтой гэх албан бичгийн хүрээнд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичгээр хариу тайлбар өгсөн байгаа. Тухайн бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-аар гэж тодруулж байна. Энэ тодруулсантай холбоотойгоор тайлбар хэлье.

Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 гэж хэлэх шиг болсон. Үүнийг нь би хуулиас хайгаад олохгүй байна. Сая нэлээд хэдэн хуулийн зүйл заалт зөрчсөн тухай хэлж байна. Энэ бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд хамаарахгүй болов уу.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар илт хууль бус гэж байна. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг ба үүнийхээ дагуу шийдвэр гаргасан байдаг. Энэ тусгай зөвшөөрөл нь 2008 онд олгогдсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө ашиглалтын өргөдөл гаргах эрхтэй. Энэ эрх нь давуу эрхтэй байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсээд хуульд нийцэж байсан учир ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа.

Иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй. Өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгч нь хээрийн судалгааны буудлагын зориулалтаар олгогдсон талбай нь Төв аймгийн Алтанбулаг сумын даргын 01/242 гэсэн захирамжаар 60 жилийн хугацаагаар олгосон байдаг. Тусгай хэрэгцээнд хэрэв авч байгаа бол хуульд заасны дагуу 14 хоногийн дотор манайд бүртгүүлэх үүрэгтэй. Тухайн Засаг даргын захирамж нь 2013 оны 11 сарын 06-ны өдөр Геологи Уул уурхайн газрын кадастрын хэлтсийн цахим системд бүртгэгдсэн байдаг. Иймд 350 дугаар захиргааны акт нь 2013 оны 08 дугаар сард гарсан шийдвэр байна. Энэ хээрийн буудлагын талбай нь нууцын зэрэглэлтэй гэдэг агуулгаар манай мэдээллийн санд ямар нэгэн бүртгэл байдаггүй. Ийм учир үүнийг мэдэх боломж байгаагүй. Засгийн газар, Батлан хамгаалах яамны сайдууд тогтоолд оролцох ёстой. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.3-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд манай шийдвэр нь илт хууль бус актын ямар ч шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”гэжээ. 

Гуравдагч этгээд “Платиниум ланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт Платинум ланд ХХК гуравдагч этгээдээр татагдан оролцсон.

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.  Манай компани 2013 онд “Стар ложистик ресурс” ХХК-ний ашиглалтын MY-017286 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн шилжүүлэн авч MY-017369 тоот тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр хуульчлагдсан байна. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт шийдвэр гаргасан байгууллага нөхөн олговор төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар заасан болно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу манай компанид MY-017369 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар шийдвэр нь хууль зөрчөөгүй, Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь илт хууль бусд тооцох үндэслэлгүй тул Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Манай хувьд журмын дагуу олгогдсон талбай байх ба хуулийн дагуу төлбөрөө төлөөд явдаг учир ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа байр суурьгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд “Стар Ложистик ресурс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар илт хууль бус гэж тогтоож байгаа дээр тайлбар хэлье.

Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд бүхэлд нь шилжүүлэх эрх хэмжээ нь хариуцагчид олгогдсон байх тул хуулиар олгогдсон эрх юм. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т зааснаар илт хууль бус гэж байгаад хэлэхэд сүүлд авагдсан нотлох баримтаар Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар авсан гэж байна. Гэтэл Засаг захиргааны Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3.З заалтад сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаар тусгасан байх бөгөөд газар нутгийн тусгай хэсгийг орон нутгийн хэрэгцээнд авах санал боловсруулна гэж байдаг. Шийдвэр гарах гэсэн зүйл байдаггүй. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байх ёстой байтал Засаг даргын захирамж нь өөрт олгогдоогүй байдлаар авсан нь хууль бус гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гаргах эрхтэй байна. Эхлээд өөр хуулийн этгээдэд үүсээд дараа нь манайд ирсэн үйл баримт байгаа. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа 47.1.3 болон 47.1.6-т заасан шилжүүлсэн нь илт хууль бус гэхээр үндэслэлгүй болоод байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Сум дүүргийн Засаг даргын захирамжаар хэзээ ч лиценз авах боломжгүй байна.” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид Монгол Улсын Их Хурлын 1994 оны мн/89, 2000 оны мн/87, 2010 оны мн/27, 2019 оны мн/101 дүгээр тогтоолуудаар тусгай хэрэгцээний газрыг олгожээ.

Харин Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1261 дүгээр шийдвэрээр 22354Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Төв аймгийн Алтанбулаг сумын Налгар нэртэй 878 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ти Эн Энд Юу” ХХК-д олгож, 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 536,14 га талбайд “Ти Эн энд Юу” ХХК-д олгожээ.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр “Ти Эн энд юу” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаад Төв аймгийн Алтанбулаг сумын Налгар нэртэй 299.04 гектар бүхий MV-017032 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Налгар нэртэй 153.19 гектар талбайг дээрх компаниас “Стар ложестик ресурс” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр тоот тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр MV-017286 дугаар тусгай зөвшөөрлийг “Стар ложестик ресурс” ХХК-д 2042 он дуустал хугацаагаар олгожээ.

 Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар “Тусгай зөвшөөрөл хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэх тухай” тушаалд “... “Стар ложестик ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Налгар нэртэй 153.19 гектар бүхий MV-017286 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Налгар нэртэй 92.81 гектар талбайг дээрх компаниас “Платинумланд” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, 60.38 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017369 дүгээр тусгай зөвшөөрлийг “Платинумланд” ХХК-д 2042 он дуустал хугацаагаар тус тус олгожээ.

Нэхэмжлэгчээс “тусгай хамгаалалтай газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус” гэж, хариуцагчаас “сумын Засаг даргын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээд нараас “хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлөө авсан” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “”тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 171820 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” хэлнэ, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд хуулийн 17.1.3-д “энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд хуулийн 16.1.3-д “улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар” гэж тус тус заажээ.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн байршил, түүний хэмжээ нь маш нууцын зэрэглэлд хамаарч тухайн мэдээлэл нь төрийн захиргааны байгууллагын /газрын алба, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс/  мэдээллийн санд бүртгэгддэггүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “мэдээлэл бүртгэгддэггүй, бүртгэх талаар саналыг одоо л уламжилж байгаа” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас нэхэмжлэгчийн газар, гуравдагч этгээд нарын тусгай зөвшөөрлүүдийн хамаарах газрууд бүхэлдээ эсхүл хэсэгчлэн давхцаж байгаа эсэхийг тодруулах боломжгүй байх бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд байршиж буй газар нь Монгол Улсын Их Хурлын 2000 оны мн/87 дугаар тогтоолд хамааралтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мн/38 тоот албан бичиг,  Батлан хамгаалах яамны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мн/45 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан маш нууц зэрэглэлийн баримтуудаар тогтоогдож байна.

Харин Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хамааруулж, хээрийн сургалтын буудлагын талбай нэртэйгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, нэгж талбарын дугаар олгосон нь хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Учир нь батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад газар ашиглуулах, эзэмшүүлэх онцгой эрх зөвхөн Улсын Их Хуралд байх бөгөөд тухайн мэдээлэл маш нууцын зэрэглэлд хамаарахаар байхад сумын Засаг даргын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, нэгж талбарын дугаар олгосон нь хуульд нийцээгүй байна.

Хэдийгээр дээрх нэгж талбарын дугаараар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хамаарал бүхий газар нь давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/2876, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/933 тоот албан бичгүүдээр тогтоогдож байгаа хэдий ч уг үйл баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.7-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заажээ.

Хуулиар тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон байх бөгөөд нэхэмжлэгч нь 1986 онд байгуулагдсан, Монгол Улсын Их Хурлын 1994 оны мн/89, 2000 оны мн/87 тогтоолуудаар газрыг тусгай хэрэгцээнд авсан, гуравдагч этгээд нарт 2008 оноос ашигт малтмалын зөвшөөрөл эзэмших эрх үүссэн зэргээс дүгнэхэд тухайн газарт нэхэмжлэгчийн газар ашиглах эрх түрүүлж үүссэн гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны актуудыг нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Учир нь тус шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглосон, тусгай хэрэгцээнээс гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад хариуцагчаас гуравдагч этгээд нарт маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гэж үзэхээр байна.

Харин гуравдагч этгээд нар нь 2008 оноос тухайн газарт ашигт малтмал хайх, улмаар ашиглах зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн хэдий ч газрын хэвлийг хөндөөгүй бөгөөд тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дань хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д тус тус баримтлан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын МV-017286 дугаар “Стар ложистик ресурс” ХХК, МV-017369 дугаар “Платиниум ланд” ХХК-ниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий газартай давхцаж буй хэмжээгээр илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ