Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00091

 

П.С-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02746 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШГА-д холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.С-ын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шуудангаас хүлээн авч мэдсэн. Төлбөр төлөгч П.С-ын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талууд харилцан тохиролцож 70 000 000 төгрөгөөр тогтоосон байхад НШГА-аас 50 хувь хямдруулан 35 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Мөн албадан дуудлага худалдаа 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт болох байтал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдлийг хүлээн авсан нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариу авах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг хаагдуулсан нь хууль зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу гомдолоо 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хариу ирүүлээгүй байна. Төлбөр төлөгч 2 дахь албадан дуудлага худалдаа хүртэлх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрнө. Иймд П.С-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр П.С-аас 11 000 000 төгрөг гаргуулж Х.Э-т олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан П.С-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод байрлах 616 м.кв талбайтай газар, 35 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохирсон үнэ болох 70 000 000 төгрөгийн 70 хувь болох 49 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуулийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувь болох 35 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах албадан дуудлага худалдааны мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар НШГА-д холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар шийдвэрээр П.С-аас 11 000 000 төгрөгийг гаргуулж Х.Э-т олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй ажиллагаа болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, Сурагчийн 45 дугаар гудамж, 450 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаан оруулах тухай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөрн шуудангаас хүлээн авч, мэдсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талууд 70 000 000 төгрөгөөр тогтоосон байхад НШГА-аас 50 хувь буюу 35 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр оруулах мэдэгдлээ боломжит хугацаа буюу 14 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад 7 хоногийн өмнө мэдэгдсэн нь нэг талыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, хариу авах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг хаагдуулсан ажиллагаа хийсэн нь хууль зөрчиж явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хариу ирээгүй тул дахин гомдол гаргах боломжгүй болсон.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /хуучин/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч П.С нь хариуцагч НШГА-д холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

НШГА нь П.С-аас 11 000 000 төгрөг гаргуулж Х.Э-т олгосон тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45-450 тоот хаягт байрлах 616 м.кв газар, мөн хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  битүүмжлэх, хураах, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулсан үйл баримт тогтоогдсон талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй. /хх-30-40/

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн дурдаж буй төлбөр төлөгч, төлбөр авагч талуудыг үнэлгээний талаар тохиролцуулах ажиллагаа явуулаагүй, орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхгүй. 

Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч П.С орон сууцны үнийн санал ирүүлэхийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн, өмчлөгч 70 000 000 төгрөгөөр, төлбөр авагч Х.Э нэхэмжлэгчийн үнийн саналыг зөвшөөрсөн хүсэлт ирүүлсэн байна. /хх 67-68/ Иймд үнийн талаар талуудыг тохиролцуулах ажиллагааг хийгээгүй гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг харилцан тохиролцсон гэж үзнэ.

 Тухайн орон сууцны үнийг 70 000 000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг зохих хувиар бууруулсан ажиллагааг шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.

Дээрх үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн өөрийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хуулийн” гэсний дараа “/2002 он/” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА