Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00585

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2020/0015 дугаар магадлалтай,

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот захирамжийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, М.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн үүрэгт ажилд 2006.01.06-ны өдрийн аймгийн Засаг даргын 12 тоот захирамжаар томилогдсон. 2013.06.20-ны өдрийн 9 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. *******ийг ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн Б/39 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнийг 2019.01.16-ны өдөр захирамжийг эх хувийг гардан авч ажил хүлээлцсэн. Аймгийн Засаг даргын 2018 оны Б/39 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн намайг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс Дорнод аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн Б/39 тоот захирамжийг хүчингүй болгох, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Аймгийн Засаг дарга Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх субъектив тодорхойлон сонсох ажиллагаа хийж тайлбар мэдээлэл гаргах эрхийг ханган тус шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс тус аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаргасан 178 дугаар тогтоолоор ... даргын болон түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах гүйцэтгэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017.12.31-ний дотор зохин байгуулж хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг даалгасан үүрэг чиглэлийг Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн байдаг. Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж дурдсан зөрчлийг арилгаагүй албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг ... холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байдаг. Мөн аймгийн Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийсэн Аймгийн боловсролын салбарын удирдлага, зохион байгуулалт, менежментийн араг хандлага гүйцэтгэлийн аудитын ДОР-ГАГ/2017-ГА/ тайлан дүгнэлтээр Шинэ хөгжил цогцолбор сургууль ...захирлуудыг 2006 онд аймгийн Засаг дарга түр орлон гүйцэтгэгчээр томилж одоог хүртэл сонгон шалгаруулалтыг зарлаагүй байгаа нь Төрийн албаны хууль, журмыг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам-ын 2-р зүйлийн 2.1.2-т зааснаар Төрийн албаны тухай хууль болон төрийн албаны зөвлөлийн шийдвэр, өгсөн үүргийн биелэлтийг хангах үүрэгтэй. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар-ын дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018.02.23-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Хэрлэн сумын 9-р багийн иргэн Ц.Борхүүхэн нь оролцон 80,1 оноогоор тэнцсэн байдаг. Түүнчлэн дээрх сонгон шалгаруулалттай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 1021 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын 8.1.3-т заалтын дагуу сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэний нэрийг дэвшүүлж дүгнэлтийн хамт эрх бүхий этгээдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулах... чиглэлийг өгсөн. Иймд эрх бүхий байгууллагын хуульд нийцсэн шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган аймгийн Засаг даргын Сургуулийг татан буулгаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2006 оны 12 дугаар захирамжаар түр томилогдон ажиллаж байгаа *******т сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилох гэж байгаатай холбогдуулан 2018.10.30-ны өдөр сургуулийн захирлын албан үүргээс чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлснийг 2018.10.31-ний өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч ******* нь дээрх сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2018/0029 магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сонгон шалгаруулалт хууль ёсны явагдсан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон. Мөн аймгийн Засаг дарга түүний Тамгын газар нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах захиргааны байгууллага юм. Иймд өөрийн санаачилгаар буюу хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг үндэслэн шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлүүлдэг хууль зүйн зохицуулалттай учир Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга Б/39 дугаар захирамжийг гаргасан. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Боргилын Шүрэнчимэгийг Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 16,226,503 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг, 1,676,166 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 16,226,503 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239,083 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2020/0015 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 201/МА2020/0015 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд тухайн хэргийн материалд байхгүй материалыг байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт ...******* нь ...Шинэ хөгжил цогцолбор сургуулийг шинээр байгуулж захирлаар томилогдсон ба 2013.06.20-ны өдрийн 09 тоот хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд, хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнээс хойш тасралтгүй 12 жил ажиллаж уг хугацаанд жил бүрийн үр дүнгийн гэрээг хангалттай гэж үнэлэгдэн урамшуулал олгон ажиллаж байжээ гэж дүгнэлт хийсэн нь хууль бус бөгөөд тус шүүхийн шийдвэрийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад зааснаар шүүхийн аливаа шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хууль зүйн шаардлагад нийцэхгүй байна. Мөн Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар дүгнэлт хийлгүйгээр гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж шүүхээр хэрэг маргааны хянан хэлэлцэхэд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хурлыг 2020.05.25-ны өдөр хийсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм. Учир нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн зүгээс Хэрлэн сумын 9 дүгээр багийн иргэн *******ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга хариуцагчтай иргэний хэргийн шүүх хурлыг 2020.05.25-ны өдөр хийхээр товлон зарласантай холбогдуулан тухайн хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсэг Дорнод аймагт ажиллахтай холбогдуулан сумдад ажиллаж байгаа, миний бие биеийн эрүүл мэндийн байдлын улмаас гэрээр эмчлүүлж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтын дагуу шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч хариуцагч нарт мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг 2020.05.25-ны өдрийн 09 цагт хийж зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэргийн оролцогч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зарчмыг ноцтойгоор зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалтын дагуу хэрэг маргааныг шүүхээр хянан хэлэлцэхэд өөрсдийн биеэр оролцохын тулд тухайн цаг үед хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бичгээр хүргүүлсэн. Гэтэл Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралд оролцох тухай бичгээр хүсэлт ирүүлээгүй гэх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, илтэд нэг талыг барьсан шийдвэрийг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 201/МА2020/0015 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан түүний 2018.12.10-ны өдрийн Б/39 тоот захирамжийг хүчингүй болгох, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 16,226,503 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн Б/39 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсэг болон 1,676,166 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2006.01.06-ны өдрийн 12 дугаар захирамжаар Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлаар түр томилогдсон, ажил олгогчтой 2013.06.20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байна.

Ажил олгогч нь ажилтан *******ийг 2018.12.10-ны өдрийн Б/39 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд энэ захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болох нэг үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдол байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлан явуулах, эсхүл нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөхийг шаардсан эрх бүхий байгууллагын шаардлага хэрэгт авагдаагүй байх тул ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар шүүхэд нотолж чадаагүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан гэрээг дуусгавар болгох урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн нь зөв юм.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ийг түр ажлын байранд /албан тушаалд/ ажиллаж байгаа гэж сонгон шалгаруулалтыг зарласан Боловсрол, соёл, урлагийн газрын шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй, сул орон тоо гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор тогтоосон байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн захирамжийн үндэслэлийг хуульд нийцээгүй гэж дүгнэж, *******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл зөв байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймээс ..давж заалдах шатны шүүх гомдолд заагаагүй үндэслэлээр хянасан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн 2020.05.25-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралд оролцуулаагүй буюу хариуцагч нарт мэдэгдэлгүйгээр хурал хийсэн ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэргийн оролцогч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй, шүүхээс зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд тэрээр биечлэн оролцох тухай илэрхийлээгүй, шүүх хурлын бэлтгэл хангах үүргээ өөрөө биелүүлээгүй байна. Мөн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн М.Нямсүрэнгийн эмнэлгийн магадлагааны хуулбар нь баримтын шаардлага хангаагүй байна.

Иймээс ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2020/0015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ******* хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД