Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Ж.А-ийн нэхэмжлэлтэй,

 “Ү  и ” ХХК-д холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал 1032780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ү

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие “Ү и ” ХХК-ны барьж ашиглалтанд оруулсан 12 айлын орон сууцны барилгын 1 давхарын 02 тоот 49.18 м2  бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар  тус компанитай 2016 оны 05 сарын 22-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан билээ.  Худалдан авахаар тохиролцсон байрны 1м2-ын үнэ нь 1050000 төгрөг ба  нийт 51639000 төгрөгийг Захиалгын гэрээний 2.4 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу “Ү и”  ХХК-ны 5450500311 тоот дансанд шилжүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч компани нь НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт “ Албан татвар суутган төлөгч нь  бараа, ажил үйлчилгээ борлуулсан тухай бүр  төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно “ гэж заасны дагуу худалдан авагч талд төлбөрийн баримт олгох хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд  бидний зүгээс байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаас хойш  өнөөг хүртэл төлбөрийн баримтыг гаргуулахаар  тус компаны удирдлагад  хандсан боловч  шийдвэрлэж өгөхгүй удааширсаар байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн  худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг  буцаан олгох хууль журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба  “Ү и ”   ХХК нь төлбөрийн баримт гаргаж өгөөгүйгээс бид татварын урамшууллаа авч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд “Ү и ” ХХК-аас байр худалдан авахад төлсөн 51639000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 % болох 1032780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ““Ү и ” ХХК-ий захирал Б.Н  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан хариу тайлбар гаргаж байна. Манай компани нь Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 12 айлын орон сууц барин 2016.08.10-нд ашиглалтанд оруулсан. Тус орон сууцнаас нэхэмжлэгч Ж.А  нь 49.18 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 1050000 төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан нь үнэн бөгөөд худалдан авах гэрээг 2016.05.22-ны өдөр хийж, урьдчилгаа төлбөр болох 15491700 төгрөгийг төлж үлдэгдэл төлөх ёстой 70 хувь буюу 36147300 төгрөгийг 2016.08.31-ний өдөр төлж дууссан. Манай компани 2016.09.01-нээс албан ёсоор НӨАТ төлөгч компани болсон. Иймд нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжилсэн 51639000 төгрөгний 2 хувь буюу 1032780 төгрөгийг гаргаж өгөх хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ү  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 6 сараас эхлээд байрны урьдчилгаа төлбөрөө төлөөд явсан. Үлдэгдэлээ төлбөрөө банкны зээл авч төлсөн. Банкны зээл 2016.09.01-ний өдөр гарсан тул “Ү и ”  компанид шилжүүлсэн байгаа. Энэ баримт нь байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу олгогдох ёстой байсан 032780 төгрөгийг нэхэмжилж байна.  Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсноос хойш нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоно гэсэн үг байхгүй тул хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа олгох ёстой байсан. Энэ баримтаа өгөөгүйгээс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалаа авч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай Ё.А  гэдэг хүн нь 2016.05.22-ны өдөр байр худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ байрны төлбөрийн урьдчилгаа 30 хувийг өгөөд,  үлдэгдэл 70 хувийг 2016.08.30-ны үед төлсөн байдаг. Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн гэрчилгээг 2016.08.31-нд гаргасан байгаа. 2016.01.01-нээс Татварын Ерөнхий хууль мөрдөгдөж эхлэн  татвар ногдох орлого 50 саяд хүрсэн тохиолдолд НӨАТ төлөгч болно. Энэ тохиолдол  татварын алба гэрчилгээжүүлдэг. Нэхэмжлэгч тал 2016.08.30-нд төлбөр тооцоо дууссан тул Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016.08.31-нд гаргаж өгсөн байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгч байна гэдэг нь төлбөр тооцоо дууссаны илэрхийлэл. Манай компани 2016.09.01-нээс нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.А  нь “Ү и ”  ХХК-нд холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал 1032780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.А  нь “Ү и ”  ХХК-тай 2016 оны 5 сарын 22-ны өдөр 2 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж, гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгчээс 2016 оны 6 сарын 22-нд 4000000 төгрөгийг,  2017 оны 7 сарын 4-нд 4000000 төгрөгийг, 2016 оны 8 сарын 15-нд 7000000 төгрөгийг, 2016 оны 8 сарын 22-нд 372000 төгрөгийг, 2016 оны 9 сарын 1-нд 35700000 төгрөгийг “Ү и ”  ХХК-ний 5450500311 тоот дансанд төлсөн  болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн /хх-7, 8, 21,22 24-р тал/  банкны  мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч талаас төлбөр тооцоо дууссан тул Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 8 сарын 31-ний өдөр гаргаж өгсөн, манай компани 2016 сарын 9 сарын 1-нөөс НӨАТ төлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж  байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж заасан бөгөөд  Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 3 сарын 5-ны өдрийн 08/203 дугаартай  “тус хэлтэст бүртгэлтэй 3430898 тоот регистрийн дугаартай “Ү и ” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 1-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн болно” гэсэн тодорхойлолтоор “Ү и ” ХХК нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т "нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг”; 10 дугаар зүйлийн 10.1-т “Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус заасны дагуу 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалд авах ёстой байсан 1032780 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэргийн 8,21,22,24-р талд авагдсан  банкны  мөнгөн шилжүүлгийн баримтаар 2016 оны 6 сарын 22-ноос 8 сарын 22-ны хооронд худалдаж авсан байрны төлбөрт нийт 15372000 төгрөгийг “Ү и ”  ХХК-нд шилжүүлсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19, 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар “Ү и ”  ХХК нь 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг худалдан авагчид өгөх үүрэгтэй байх бөгөөд 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчээс байрны төлбөрт төлсөн 15372000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг өгөх үүрэггүй байна.

Хариуцагч талаас 2016 оны 8 сарын 31-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч тал байрны төлбөрөө бүрэн төлж дууссан тул “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ”-г гаргаж өгсөн гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Ё.А-ээс 2016 оны 9 сарын 1-ний өдөр “Ү и ”  ХХК-ний 5450500311 тоот дансанд байрны үнийн үлдэгдэл 35700000 төгрөг шилжүүлсэн баримтыг үгүйсгэх, өөрийн гаргасан тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

“Ү и ”  ХХК нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2.5-т зааснаар  “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар албан татвар төлөх” , Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэсэн хуулийн заалт, үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойш буюу  2016 оны 9 сарын 1-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн байрны төлбөрт төлсөн 35700000 төгрөгт ногдох төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг нэхэмжлэгчид өгөөгүйгээс нэхэмжлэгч Ж.А  нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалаа авч чадалгүй хохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд  нэхэмжлэгчээс байрны төлбөрт 2016 оны 9 сарын 1-ний өдөр төлсөн 35700000 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас худалдан авагчид буцаан олгох урамшуулал болох 714000 төгрөгийг хариуцагч “Ү и ”  ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 318780 төгрөгөд холбогдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219  дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Ү и ”  ХХК-иас 714000 /долоон зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 318780 / гурван зуун арван найман мянга долоон зуун наян/ төгрөгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29337 /хорин есөн мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21686 / хорин нэгэн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.У