Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

Хохирогч П.Х,

Шүүгдэгч М.Эан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Эд холбогдох эрүүгийн 2234000000286 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермер жолооч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Төв засварын үйлдвэрт хайлах цехийн хэвчин ажилтай, ам бүл 4, тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.Э,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Эан нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бөөр” гэх газарт П.Хтай “...манай зуслангийн газарт буулаа...” хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Эан нь “Тухайн өдөр ээжийг нүүлгэж, П.Х ахын бууцанд буусан. Тэгэхэд П.Х ах ирээд хоорондоо маргасан” гэв.

 

Хохирогч П.Х нь “Бид 20 жил саахалт айл байна. Залуу хүн ойлгож авах хэрэгтэй. Намайг нэг биш 3 удаа дайрч байна. Би ороод суухад миний 2 цээж рүү өшиглөсөн. Хүмүүс шуугилдаад барьж авахад шууд мөргөсөн. Миний ломбодуулсан шүд унасан. Тэгээд бужигнаан болж өнгөрсөн. Гэртээ ирээд энэ хүнийг надаас уучлалт гуйх байх гэхэд 2 өдөр харахад ирээгүй байна. Би өргөдөл өгөхдөө гомдолтой байна гэж бичээгүй. Би энэ хүнтэй учраа олмоор байна. Бид 20 жил саахалт айл явсан гэж бичсэн. Тэгээд янз бүрийн юм яриад байхаар нь цагдаад өргөдөлдөө гомдолтой байна гэж бичсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч М.Эан нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бөөр” гэх газарт П.Хтай “...манай зуслангийн газарт буулаа...” хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 1 тал/,

-Хохирогч П.Хын өгсөн “... Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Бөөр бүүргэнт гэх газарт мал маллаж жилийн 4 улиралд зуслан намаржаа гэж малаа бэлчээж амьдардаг юм. Энэ зун байгалийн өвсний гарц муу байхаар нь хэсэг жаахан сэргээж байгаад хуучин зусландаа бууна гэж бодоод байж байтал 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед манай хуучин гэрийн буурин дээр айл буусан байхаар нь би эхнэр Туяатай хамт мотоцикльтой очтол Лхасүрэн эгчийн гэр байсан. Би гэрт нь ороод баруун талын орон дээр суугаад Лхасүрэн эгчид та манай гэрийн буурин дээр буусан байна манайх энэ жил шинэ гэр барьж хүү чинь тусдаа гарах гээд бууриа сэргээж байхад та манай гэр барих газар яагаад буусан бэ гэж асуутал гаднаас түүний хүү М.Э гэх махлаг бор залуу гэрийн тавчиктай орж ирээд миний цээж рүү баруун хөлөөрөө 2-3 удаа намайг өшиглөж орон дээр гэдэргээ хараад савж унатал өшиглөөд би орон дээр нь хэвтэж байтал намайг дахиад чи муу ямар ширүүн манай гэрт орж ирж байгаа юм гээд намайг дахиад цамцны мөрөн дээрээс 2 гараараа татаж байгаад намайг дахиад миний нүүр хэсэг рүү 1 удаа мөргөтөл миний үүдэн шүд унасан тэгсэн тэдний гэрт байсан хүмүүс М.Э гэх залууг боль гээд надаас салгаж авсан тэгтэл манай эхнэр Туяа тэдний гэрийн гадаа байж байгаад Лхасүрэн эгчийн гэрт орж та нар наад хүнээ алаа ал гэж яасан гэж зодож байгаа бэ гээд орилтол М.Эан гэх хүнийг хамт гэр барьж байсан ах эгч нар хориод би гэрээс нь гараад мотоциклоо асаагаад эхнэртэйгээ хамт явах гэж байтал миний араас нөгөө гэрт байсан хүмүүс гарч ирсэн. Би та нар 20 жил айл саахалт байсан байж манай гэрийн буурин дээр ирж буугаад сүүлдээ хүүхэд нь 3 хүртэл намайг зодлоо гэж хэлтэл М.Э гэх залуу гэр дотроосоо алнаа ална чамайг гээд орилоод байхаар нь би эхнэр Туяатай хамт гэр рүүгээ яваад тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-6 тал/,

-Гэрч К.Урангуагийн өгсөн “... Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хадам эгч Лхасүрэн эгчийн гэрийг Аргалант сумын баруун талын Бага хангай гэх газраас нүүлгэж Бөөр гэх газар буулгаж гэрээ 13 цагийн үед бариад тохижуулж дуусаад бүгдээрээ явах болцгоож гэр барьсан хүмүүс гарах гэж байтал гадаа мотоциклийг дуу гараад тэгсэн удалгүй гэрт Хишигбаатар орж ирээд муусайн гуйлгачингууд зуслангийн миний буурин дээр буулаа гээд би энд олон жил зуссан наад гэрээ аваад нүү гэж хэлээд омогдоод байсан тэгсэн манай хадам эгчийн хүү болох М.Э та дандаа яах гэж ингэж байдаг юм танд өмчлөөд өгсөн юм уу гэж хэлтэл би энэ газар гэрээ барьж хүүхдийнхээ хуримыг хийх гэж байгаа юм гэж хэлээд М.Э та тэгвэл гэр бараа барихаас өмнө хэлж болохгүй байсан юм уу гэж хэлээд тэгсэн Хишигбаатар босоод иртэл М.Э өөдөөс нь хальт түлхээд буцаагаад гэрийн баруун орны хаалган талын өнцөг рүү түлхсэн Хишигбаатар буцаад орон дээрээ суутал гэрийн үүдний гаднаас Хишигбаатарын эхнэр зодуул наадуулдаа зодуул зодуул гээд орилоод байхаар нь гэрт байсан би М.Эы төрсөн ах Элбэгбаяр бид хоёр М.Эыг салгаад тэгсэн Хишигбаатар гэрээс гараад эхнэрээ мотоцикль дээрээ сундлаад явсан тэрнээс өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11 тал/,

-Гэрч Б.Туяагийн өгсөн “...Би нөхөр Хишигбаатарын хамт хөдөө Бөөр гэх газар мал маллаж амьдардаг юм. Энэ жил манай хүү эхнэр аваад тусдаа гарна гэхээр нь бид хоёр урд өмнө зусаж байсан газрыг түрхэн зуур хэд хоног байгалийн гарцаараа өнгө засаг хүүгийнхээ гэрийг тэнд барьж өгье гэж ярилцаад зуслангийн гэрийн бууринаасаа урдхан талд буусан юм. Тэгсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр малдаа яваад иртэл манай нөгөө гэрийн буурин дээр айл буусан байхаар нь би нөхөр Хишигбаатарын хамт очоод тэгтэл Лхасүрэн гэх эгчийн гэр буусан байсан. Манай нөхөр Хишигбаатарт гэрт нь орсон би гадаа нь байж байтал гэр дотор нь хүмүүс маргалдаж чанга дуугараад орилоод байхаар нь би гэрт нь ортол манай нөхөр Хишигбаатарыг Лхасүрэн гэх эгчийн хүү махлаг бор залуу зууралдаж мөргөж байсан. Би айж сандарсандаа намайг ч гэсэн алчих наад хүнээ ч алчих гээд орилсон тэгсэн гэрт нь байсан нэг эмэгтэй салгаад би нөхрөө аваад гэрээс нь гарч ирээд гэр рүүгээ явцгаасан. Гэртээ очоод хартал манай нөхрийн зүүн талын цээжний хэсэгтээ хөхөрч улайсан байсан нэг шүд нь унасан үүдэн нэг шүд нь нилээн хөдөлсөн байсан тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 тал/,

-Шүүгдэгч М.Эаны сэжигтнээр өгсөн “...Манай ээжийн гэр Төв аймгийн Аргалант суманд байдаг юм. Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгаас Ээжийн гэрийг зусланд гаргахаар ирээд гэрээ нүүлгэж Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Бөөр гэх газар гэрээ бариад дуусаж байтал Хишигбаатар гэх саахалт айлын ах манай гэрт орж ирээд үгийн зөрүүгүй муусайн гуйлгачид яахаараа манай эрийн буурин дээр ирж буудаг юм гэж хэлтэл би энэ газрыг өмчлөөд авсан юм гээд Хишигбаатар агсраад босоод ирэхээр нь би өөдөөс нь уурлаад чиний газар гэж юу байдаг юм гээд би зүүн гараараа хоолой руу нь түлхээд ор руу суулгасан тэгсэн дахиад миний өөдөөс босож ирээд чи муу яасан даварсан бацаан бэ гээд над руу дайраад байсан. Тэгсэн эхнэр нь бололтой нэг эгч гэрийн үүднээс Хишгээ наадхандаа зодуулчих зодуулчих гээд орилоод байсан 4 тэгэхээр би за за гээд больсон. Манай эгч ах нар намайг боль гэхээр нь би маргалдахаа болиод байж байтал Хишигбаатар манай гэрээс гараад эхнэрээ мотоцикль дээрээ сундалдаад явсан. Би тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нөгөө маргаан болсон Хишигбаатар гэх хүний эзэмшилдээ авсан гээд байгаа газраас ээжийнхээ гэрийг нүүлгээд хуучин зусаж байсан газраа буулгаж өгөөд явсан. Тэгсэн намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 7558 дугаартай “...П.Хын биед баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 19-20 тал/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 29 тал/,

-Шүүгдэгч М.Эаны яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг нь зөвшөөрөхгүй байна...Надаас Хишигбаатар нь эмчилгээний зардал мөнгө гэж нэхэмжлээгүй тул би хохирлыг мөнгө гэж төлөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Эан нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бөөр” гэх газарт П.Хтай “...манай зуслангийн газарт буулаа...” хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Прокуророос шүүгдэгч М.Эаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч М.Эаны холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч М.Эан нь хохирогч П.Хыг зуслангийн газарт буусны улмаас уур нь хүрч зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Эан нь хохирогч П.Хыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойн тус газарт нь данхаар цохиж, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч М.Эан нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.Эан нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч М.Эаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Х.Оюунцэцэгээс “шүүгдэгч М.Эаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар 3 сарын хугацаанд төлж барагдуулах саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч М.Эаныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Эаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Эанд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч М.Эанд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Эаны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар

Шүүгдэгч М.Эаны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Хын биед баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч П.Х нь шүүгдэгч М.Эанаас мөрдөн байцаалт шатанд эмчилгээний зардалд 280.000 төгрөг, бензиний зардалд 351.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Хохирогч П.Хын хэрэгт авагдсан хохирлын баримтаас 631.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч М.Эанаас гаргуулж, хохирогч П.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийн нь нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Эанаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, Эрүүгийн 2234000000286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Эан нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Эд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эанаас 631.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Хт олгож, хохирогч П.Х нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 2234000000286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Эан нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Эгд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА