Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар М.Одгэрэл,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Нд холбогдох эрүүгийн 2234002170221 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Н.Н

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол хаад” нэртэй амралтын газарт 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад нийт 5.356.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Н.Н нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол хаад” нэртэй амралтын газарт 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад нийт 5.356.500 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 тал/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 тал/,

-Хохирогч Ж.Жамбалын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зарын дагуу Н.Н, Э.Оюунцэцэг нарыг “Монгол Хаад” жуулчны баазад ажиллуулахаар ажилд аваад 1 сарын хүн тус бүр 600.000 төгрөгийн цалинтай байр хоолыг бааз даахаар ажилд авсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр П.Хорлоо ажлаар Япон улс явах болоод би амралтын газарт Н.Н, Оюунцэцэг нарыг үлдээгээд өглөө 10 цагийн орчимд явсан. Тэгээд би Улаанбаатар хот ороод явж байхад өглөө 10 цагийн орчимд явсан. Тэгээд би Улаанбаатар хот ороод явж байхад манай ажилтан Оюунцэцэг залгаад та ажил дээр хурдан ирээрэй шалгахгүй бол ариун цэврийн өрөөний вакум хаалганы шил хагарсан байна. Н.Н ажлаа хаяад явчихсан гэхээр нь би нисэх орж эхнэр Хорлоог суулгаж өгөөд орой ажил дээр ирээд юмаа бүртгээд “хөргөгчнөөс 2 ширхэг пиво, миний өөрийн гараар хийсэн цул бүрэн хэт хутганы тоног, цэвэр мөнгөн иж бүрэн гаанс, мөнгөөр хийсэн сангийн войпер, 60 см урттай цэвэр мөнгөн гинж, утас нь сүлжмэл зэрэг зүйлс алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Гэрч Б.Энхтуяагийн өгсөн “...Н.Н бол миний том хүү маань байгаа юм. Хүү маань 1993 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн хүү маань 2011 онд Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуульд компьютерын оператор эх бэлтгэгч мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш гэр бүл зохиогоогүй манай хүү 2018 онд Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд явсан тэгээд Улаанбаатар хотод БЗД-ийн 17 дугаар хорооны дэргэд байрлах нийтийн байр түрээсэлж амьдарч байсан . Одоо тэр байранд нь би охиноо асраад байж байгаа. Манай охин удахгүй төрөх гэж байгаа. Манай хүү нөхөр бид хоёрт хаашаа явж ямар ажил төрөл хийж байгаагаа ч хэлдэггүй хамт байж байгаад л гэнэт л 3 яваад өгдөг. Тэгээд хэзээ хойно энд тэнд явж байна тийм ажил хийж байгаа гэж утсаар заримдаа ярьдаг. Би Н.Нг Эрдэнэ суманд амралтын газар ажилд орсон гэж мэдээгүй. Надад ч тэр тухай хэлээгүй. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр над руу “гэрийн түлхүүр дэлгүүрт үлдээсэн” гээд чат бичсэн байсан. Түүнээс хойш би утас руу нь залгахад авахгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 13 билүү 14-ны орой санаж байна. Над руу утсаар залгаад согтуу “ээжээ би хүний юм хулгай хийж зараад архи уучихсан би тантай дахин уулзахгүй удахгүй цагдаад баригдах байх” гэж уйлаад яриад байсан. Манай хүү түрээсэлдэг байрандаа нэг охинтой хамт амьдардаг байсан. Тэр охин нь ч хаана байгааг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

-Гэрч Э.Оюунцэцэгийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зарын дагуу хамтран амьдрагч Н.Н гэх хүнтэй ажил хийхээр “Монгол Хаад” жуулчны баазад замын унаагаар ирээд 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө Н.Н согтуу байсан. Би амрагч нарын хоносон гэрийг цэвэрлээд байж байсан чинь Н.Н цүнхтэй хувцас үүрээд засмал зам руу явж байхаар нь би хаашаа явах гэж байгаа талаар нь асуухад би чамаас юу ч авахгүй саллаа гэхээр нь би араас нь яваад гүйцээгүй. Н.Н хар өнгийн жижиг машинд суугаад явсан. Би буцаад ажил дээрээ ирээд ариун цэврийн өрөөнд орсон чинь ресторан руу ордог хаалганы цонхыг хагалаад хүн орсон байхаар нь би амралтын газрын захирал Жамбал ах руу залгаад Н.Н ажлаа орхиод явсан. Ариун цэврийн өрөөний цонх хагарсан байгаа талаар хэлэхэд би яваад очье гэсэн. Дарга ирээд эд зүйлээ бүртгэсэн чинь зарим эд зүйл нь алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

-Шүүгдэгч Н.Нгийн сэжигтнээр өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөөний 10 цагийн үед “Монгол Хаад” амралтын газар ажил дээрээ байж байхдаа найз охин Оюунцэцэгтэй муудалцаж уурандаа амралтын газрын 00-ийн өрөөний цонхыг нь хага цохиж хүлээн авалтын заал руу нэвтэрч ороод зааланд ширээн дээр байсан мөнгөн гаанс 1 ширхэг, хэт хутганы тоног болох 2 ширхэг гинж, цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн эдлэл зэргийг хулгайлж аваад замын унаанд дайгдаж суугаад Налайх дээр буугаад такси бариад Улаанбаатар хот орсон. Тэгээд Цайз-16 дээр байдаг Итгэлт байхаа нэрийг нь тодорхой санахгүй байна. Тийм нэртэй ломбардад хэт хутганы тоног болох 2 ширхэг гинжийг 300.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд шууд кино үйлдвэр дээр байдаг зочид буудалд өрөө аваад тэгээд караоке ороод ганцаараа 1 шил том 0.75 хараа архи, хоёр шилтэй пиво авч ганцаараа уугаад нэг мэдэхэд согтсон гудамжинд хөл нүцгэн унтаж байсан. Тэгээд сэрээд авсан зочид буудалдаа ороод унтаж амарсан. Тэгээд өглөө буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ны өглөө буудлаасаа гараад үлдсэн мөнгөн гаансаа нөгөө ломбарддаа 250.000 төгрөгөөр тавиад Сансар орж буудай гэх нэртэй буудалд орж ганцаараа архи авч уусан. Тэгээд тэр буудалдаа байж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдахдаа цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн эдлэлийг хураалгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

-Эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-38 тал/,

-Хохирогч Ж.Жамбалын өмчлөлийн эд хөрөнгүүдийн шинж байдлын асуулга /хх-ийн 43-47 тал/,

-Шүүгдэгч Н.Нгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 4 13-ны өглөөний 10 цагийн үед “Монгол Хаад” амралтын газар ажил дээрээ байж байхдаа найз охин Оюунцэцэгтэй муудалцаж уурандаа амралтын газрын 00-ийн өрөөний цонхыг нь хага цохиж хүлээн авалтын заал руу нэвтэрч ороод зааланд ширээн дээр байсан мөнгөн гаанс 1 ширхэг, хэт хутганы тоног болох 2 ширхэг гинж, цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн эдлэл зэргийг хулгайлж аваад замын унаанд дайгдаж суугаад Налайх дээр буугаад такси бариад Улаанбаатар хот орсон. Тэгээд Цайз-16 дээр байдаг Итгэлт байхаа нэрийг нь тодорхой санахгүй байна. Тийм нэртэй ломбардад хэт хутганы тоног болох 2 ширхэг гинжийг 300.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд шууд кино үйлдвэр дээр байдаг зочид буудалд өрөө аваад тэгээд караоке ороод ганцаараа 1 шил том 0.75 хараа архи, хоёр шилтэй пиво авч ганцаараа уугаад нэг мэдэхэд согтсон гудамжинд хөл нүцгэн унтаж байсан. Тэгээд сэрээд авсан зочид буудалдаа ороод унтаж амарсан. Тэгээд өглөө буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ны өглөө буудлаасаа гараад үлдсэн мөнгөн гаансаа нөгөө ломбарддаа 250.000 төгрөгөөр тавиад Сансар орж буудай гэх нэртэй буудалд орж ганцаараа архи авч уусан. Тэгээд тэр буудалдаа байж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдахдаа цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн эдлэлийг хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

-шүүгдэгч Н.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/ болон шүүгдэгч Н.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол хаад” нэртэй амралтын газарт 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад нийт 5.356.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Н.Н нь гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Учир нь шүүгдэгч Н.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, 5 гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Н нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Прокуророос шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах...” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Н.Нгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

 

Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн 6 үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

 

Шүүгдэгч Н.Н Н.Н нь хохирогч Ж.Жамбалын Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол хаад” нэртэй амралтын газарт 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад нийт 5.356.500 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал харагдаж байна.

 

Тэрээр шүүгдэгч Н.Н нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Ж.Жамбалд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Н нь бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Одгэрэлээс: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хорих ялыг оногдуулж, хорих ялыг энэ хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих эдлүүлэх ” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Нгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт 7 хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Жамбалын эд хөрөнгөд 5.356.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүх хуралдааны товыг хохирогч Ж.Жамбалд мэдэгдэхэд шүүгдэгчээс эд зүйлээ биет байдлаар нь буцаан хүлээн авсан. Харин үнэлгээний зардал 50.000 төгрөг, вакум хаалганы шилний мөнгө 150.000 төгрөг, бензины зардал 160.000 төгрөгийг барагдуулбал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан үнэлгээний зардлын 50.000 төгрөг, вакум хаалганы шилний үнэ 150.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Н.Нгаас гаргуулж, хохирогч Ж.Жамбалд олгож шийдвэрлэснийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан 200.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзсэн.

 

Харин хохирогч Ж.Жамбал нь шатахууны үнэ болох 160.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Нг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

Эрүүгийн 2234002170221 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Н 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Нг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Жамбал нь шатахууны үнэ болох 160.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА