Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

            О.Э-д холбогдох 11719918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б

Хариуцагч О.Э

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.О , О.Э  нар нь 2009 оны намар хөнжлийн ар гэдэг газар ирж иргэн Ц.Н , Н.А , Н.Б , Н.Б , Н.Б , Ц.Т  нарын нийт 111 тооны адууг нэг адууг 150000 төгрөгөөр худалдан авсан. Адууны төлбөр 16625000 төгрөг болсон байна. Үүний дараа Д.О , Н.Э  нар нь 3 ширхэг мотоцикль өгсөн бөгөөд үүний дараа гурил 3 шуудай, будаа 5 шуудай, 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ нийт төлбөрөөс 5252000 төгрөгний төлбөрийг барагдуулсан юм. Анх төлбөрийн нөхцлийг тохирохдоо О.Э  төлж барагдуулахаар тохирсон байдаг боловч өгнө гэж шалтаг хэлсээр одоо төлөх хүн нь тодорхойгүй болсон. Иймд 11373000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 196918 төгрөг, унааны зардал 150000 төгрөг, нийт 11719918 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.О-тай харилцан тохиролцож наймаа хийхээр төлөвлөж байтал хадам ээж 2009 оны 10 сарын 17-нд нас барсан тул би явж үзээгүй. Харин Д.О-д 61300000 төгрөг өгч явуулсан. Д.О-д адуу өгсөн хүмүүс нь туувар даахгүй, эцэнхий, туранхай, туйлдаа хүртэл муудсан, өлдсөн адуу өгсөн учир замдаа 500 гаруй адууны талаас илүү хувь нь үхэж дөнгөж 200 гаруйхан адууг аваачсан бөгөөд мөнгийг нь өгөхгүй увуулж, цувуулсаар зарим мөнгийг нь огт авч чадаагүй. 2009 онд 9 сард явахад нь би хамт явсан. Би Д.О-тай гурил будаа, мөнгө төгрөг өгч тусалсан нь үнэн. Би наймаа хийгээгүй учир зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч надад адуу өгсөн гэдэг баримтаа гаргаад ир. Би бол энэ хүмүүсээс адуу худалдаж аваагүй. Д.О-д би мөнгө, мотоцикль  нийлээд 60 гаруй сая төгрөг өгсөн нь бол үнэн. Одоо би өөрөө мөнгө ч үгүй, юу ч үгүй болоод хохироод явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Э-ээс адууны үнэ 11373000 төгрөг, унааны зардал 150000 төгрөг, нийт 11523000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлд дурдсанаар адуу худалдах, худалдан авах гэрээг 2009 оны намар байгуулсан байна. Түүнээс хойш 2017 оны 1 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 7 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас төлбөрөө төлөх талаар шаардаж байсан боловч төлнө гээд шалтаг тоочсоор өнөөдрийг хүргэсэн, 2015 оны 12 сарын 29-нд эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан гэж дурдсан, мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “О.Э  нь өнгөрсөн хугацаанд төлөхгүй гэдэггүй, ах нь наад адууны наймаанаас чинь болоод өөрөө мөнгөгүй болж хохирчихоод хэцүү байна гэж тайлбарладаг. Нааш цааш явахдаа орж гараад гурил гэх мэт бага зэрэг зүйл өгөөд байсан учраас эрт нэхэмжлэлээ гаргахгүй байсан юм” гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгэж баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Эндээс харахад худалдан авсан адууны үнийг төлөх үүрэг хүлээсэн этгээд болох хариуцагч О.Э нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал харагдаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр эхлэн тоологдоно. Иймээс нэхэмжлэгч талын гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь “манай ах дүү нар нийлээд О.Э-д нийт 111 адуу худалдсан. Үнийн хагасыг нь өгөөд үлдэх мөнгийг нь өгөхгүй байна. Хэрэгт өгсөн гар бичмэл /хх-ийн 9-11-рт/, миний гаргаж буй тайлбараар Э  нь 11373000 төгрөгийг төлөх ёстой болох нь нотлогдож байгаа” гэж,

Хариуцагч нь “би уг адууг худалдаж аваагүй. Энэ хүмүүс О-тай наймаа хийсэн учир О-саа нэхэмжилж авах нь зүйтэй. Би энэ нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нийт 111 тооны адууны 82 адууг хариуцагч О.Э нь Д.О-ийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж авсан, үлдэх адууг Д.О мөн сумын нутагт очиж авсан гэх тайлбарыг талууд гаргаж байна. Ийнхүү адууг худалдан авахдаа хариуцагч О.Э-ийн мөнгөөр Д.О тгондаваа нь худалдан авсан гэх тайлбарыг талууд гаргаж байх тул талуудын хооронд байгуулсан адуу худалдах худалдан авах гэрээний худалдан авагч тал нь хариуцагч О.Э  байна гэж үзнэ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч нь хэнээс хэдэн тооны адууг ямар үнээр тохиролцон худалдаж авсан, үнийг төлсөн эсэх, одоо хэдэн төгрөг төлөх эсэх нь тогтоогдохгүй байна. Гэвч хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2009 оны намар Д.О  бид 2 хамт очиж 82 адуу авсан нь үнэн. Гэхдээ би мал мэдэхгүй учир үзэж харж аваагүй. Яг худалдаж авахыг нь Д.О  авсан. Түүний үнийн үлдэгдэл 5 сая төгрөгнөөс хэтрэхгүй мөнгийг Д.О  дахин очиж адуу авахдаа төлнө гэж явсан боловч өгөөгүй юм шиг байгаа юм. Сүүлд  очихдоо уг нь мөнгөтэй, бараатай, машин мотоцикльтой явсан. Яагаад нэг нь мөнгийг нь өгөөгүй, нэг нь аваагүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан А-д 9 сая орчим төгрөг төлөхөөр үлдлээ гэж Д.О  нэг удаа ярьж байсан” гэж тайлбарлаж байгааг үндэслэн 5 сая төгрөгийг хариуцагч О.Э-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс  үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч О.Э-ээс 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6523000 /зургаан сая таван зуун хорин гурван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196918 /нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-ээс 94918/ ерэн дөрвөн мянга есөн зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ