Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар      2022/ШЦТ/1045    

 

  2022        07          04                                 2022/ШЦТ/1045      

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Н-т холбогдох эрүүгийн 2206 00000 2143 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Төмөр замын 3-4 тоотод хохирогч Б.Б-ийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохих, аягаар толгойн тус газарт цохих зэргээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

- Иргэн Д.Ц-аас 2022 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 00 цаг 50 минутад гаргасан “хамт ажилладаг Батгэрэл гэх залуу хүнд зодуулсан байдалтай ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,

- Хохирогч Б.Б-ийн “Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын 3-2 тоот гэр рүүгээ харих гээд явж байхад найз Алтаншагай залгаад гэрт хүрээд ирээч гэхээр нь яваад очиход Алтаншагайгийн эхнэр хүүхдээс гадна 2 танихгүй залуу архи уугаад сууж байсан. Би ууж байсан архинаас нь уугаад ...танихгүй 2 залуугийн өндөр шар залуу нь намайг өмнө муудаж байсан хүнтэйгээ андуураад хэрүүл хийж байгаад гэнэт миний нүүр рүү цохиод эхлэхээр нь би тэр залуутай зууралдаж байтал тухайн залуу миний толгой руу аягаар цохиж толгой хагалсан. Тэгтэл Алтаншагай бид нарыг салгаад тэнд байсан хүмүүсийг гэрээс гаргасан. Миний толгойноос цус гараад толгой эргээд байхаар нь би тэднийхээс гараад зугтааж машин гэрэл харагдахаар нь гэрлийг чиглэж гүйж очоод ухаан алдсан. Тэгээд удалгүй сэргэсэн. Миний толгой хагарсан, маш их өвдөнө. Миний биед учирсан гэмтлийг Алтаншагайгийн гэрт байсан өндөр шар залуу буюу Н учруулсан. Би нэрийг нь мэдэхгүй боловч Хонхорт амьдардаг гэдгийг нь мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

- Гэрч Д.Ц-ын “2022 оны 05 дугаар сарын 24-ний 22:00 цагийн үед Хонхорын автобусны буудлаас хүү Дөлгөөнийг тосоод гэр рүүгээ буцаж байхад гэнэт хашааны цаанаас нэг хүн гүйж гарч ирээд ухаан алдаад унасан. Би бууж очиход надтай хамт төмөр замд замчнаар ажилладаг Батгэрэл гэх залуу байсан. Батгэрэлийн толгойн орой хэсгээс цус гарсан байдалтай ухаангүй байхаар нь өөрийнхөө машинаар Хонхорын түргэн тусламжид хүргээд ээжид нь утсаар мэдэгдсэн. ...юу болсон талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

- Гэрч Л.А-ийн “Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын 3-4 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт хамаатны ах нар болох Н, О нар 17:00 цагийн үед ирээд 0,5 литрийн савлагаатай архи хувааж уусан. Ахиж 0,75 литрийн архи ууж байхдаа өөрийн найз Б-ийг дуудаад удалгүй ирж ууж байсан архинаас уусан. Тэгтэл Н ах Б-г өмнө нь муудалцаж байсан хүнтэйгээ андуураад маргалдаж эхэлсэн. Тэр 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд байж байхад Н Б рүү дайраад байхаар нь би салгах гэхэд салахгүй байсан. Тэгтэл Н Б-н толгой руу аягаар цохисон. Дараа нь би арай хийж салгасан. Би ухаан ороод Батгэрэлийг хайхад тэр хавиар байхгүй байхаар нь Б-н гэрт очиход хүнгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7698 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: дагзны дунд дээд хэсэгт ташуу байрлалтай зах ирмэг тэгш бус мэс заслын олон оёдол бүхий, завьжны баруун хэсэгт 1.5x1см зузаан цагаан шаргал өнгөр тогтсон, ангайж хонхойсон шархтай, шархны эргэн тойрон хавдсан. Доод уруул баруун хэсэгт 2x1.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, доод уруулын баруун хэсэгт 1х1см, 1x0.2см, эрүүний баруун урд хэсэгт 1x0.8см, баруун чамархайн урд дунд хэсэгт 0.6x0.5см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

2022.05.24-ний ГССҮТ-ийн үзлэгт: онош: толгойн ил шарх гэжээ.

2022.05.25-ныны Гранд мед эмнэлгийн толгойн КТГ-д: ..хамрын таславч зүүн тал руу бага зэрэг муруйсан.

1. Б.Б-н биед дагзны хуйх, завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, эрүү баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/,

- Яллагдагч *******-н “...би Батгэрэл гэх залууг өөр хүнтэй андуураад зодож, биед нь гэмтэл учруулах болсон. Миний биед ямар нэгэн шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тухайн үед нилээн согтуу байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн найз нөхдийн харилцаа байхгүй. ..Би Б-н толгойг архи ууж байсан аягаараа цохиж хагалсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/ зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Төмөр замын 3-4 тоотод хохирогч Б.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохих, аягаар толгойн тус газарт цохих зэргээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7698 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: дагзны дунд дээд хэсэгт ташуу байрлалтай зах ирмэг тэгш бус мэс заслын олон оёдол бүхий, завьжны баруун хэсэгт 1.5x1 см зузаан цагаан шаргал өнгөр тогтсон, ангайж хонхойсон шархтай, шархны эргэн тойрон хавдсан. Доод уруул баруун хэсэгт 2x1.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, доод уруулын баруун хэсэгт 1х1см, 1x0.2см, эрүүний баруун урд хэсэгт 1x0.8см, баруун чамархайн урд дунд хэсэгт 0.6x0.5см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

2022.05.24-ний ГССҮТ-ийн үзлэгт: онош: толгойн ил шарх гэжээ.

2022.05.25-ныны Гранд мед эмнэлгийн толгойн КТГ-д: ..хамрын таславч зүүн тал руу бага зэрэг муруйсан.

1. Б.Б-ийн биед дагзны хуйх, завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, эрүү баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Б-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг сонсгосон ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Б нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ