Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/299

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                Хэргийн индекс:166/2022/0138/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч В.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.П-д холбогдох эрүүгийн 2118003900028 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1965 оны 03 дугаар 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ********************** ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ***************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, В.П-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.В.П- нь ***************************************** нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ***************** зээл авсан иргэн Ж.Ж.М-г Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан зээлийн төлөлт хийгээгүй хэвийн бус төлөлттэй гэх мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр **********************************нягтлан бодогчийн албан өрөөнд ***************** 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Авто угаалгын газрын инженерийн шугам сүлжээ, дээвэр” хийх төсөл бичиж 10,000,000 төгрөгийн зээл авсан Ж.М-гийн Монгол банк дахь мэдээллийн санд хэвийн бус зээлдэгчийн мэдээллийг өөрчлүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 350,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Мөн ********************************** 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлын байр нэмэгдүүлэх” зорилготой төсөл боловсруулж 10,000,000 төгрөгийн зээл авсан Дэчинноровын Д.Ү- нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр **********************************нягтлан бодогчийн албан өрөөнд зээлийн төлбөр болох 5,0 сая төгрөгийг В.В.П-д бэлнээр өгсөн боловч В.В.П- нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон Д.Д.Ү-гийн бэлнээр өгсөн зээлийн төлбөр болох 5,0 сая төгрөгийн зээлийг хаалгүй, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *****************100190********* дугаартай дансанд төлсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.В.П- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 1985 онд Санхүүгийн техникумыг төсвийн нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд Монгол Улсын их сургуульд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр суралцан 1990 онд Нийтийн аж ахуйн үйлдвэрийн томилолтоор Дархан-Уур аймгийн Орон сууц өмчлөлийн газарт томилогдон ажиллаж байгаад 1997 онд жирэмсэн болж байсан. Тэгээд 1999 онд Дархан-Уул аймгийн *****************нягтлан бодогчоор ажилд орсон. Улмаар тус байгууллагад *****************төлөөлөгч, бүртгэлийн мэргэжилтэн, 2014 оноос эхлэн *****************нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Тухайн үед *****************нь надад *****************нягтлан бодогчоор ажиллах санал тавихад нь би татгалзах хариу өгсөн ч танаас өөр туршлагатай хүн байхгүй тул ажиллах саналыг удаа дараа тавьсны эцэс би зөвшөөрсөн юм. Би *****************төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ давхар *****************нягтлан бодогч ажлын үүрэг гүйцэтгэдэг байсан.

Энэ *****************нь Монгол Улсын засгийн газраас 900.000.000 төгрөгийн төсөвтэй эхлээд зээлийн эргэн төлөлтөөр 2020 онд 1 тэр бум гаруй төгрөгийн төсөв бүрдсэн байдаг. Улмаар ажлын ачаалал нэмэгдсэн тул би зөвхөн тус сангийн нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгэдэг болсон. Би сарын 789.000 төгрөгийн үндсэн цалин авдаг. Би ажлынхаа үүргийг ёс журмаар нь гүйцэтгэж байсан. Ийм том асуудалд орно гэж бодоогүй ажлаа хийж байтал нэг өдөр Авлигатай тэмцэх газраас надтай холбогдоход би үнэхээр шокийн байдалд орсон.

Манай *****************нь хяналтын, сонгон шалгаруулалтын гэсэн хоёр зөвлөлтэй байдаг. Тэгээд зээл олгох тухай бүх материал хянагдаж, засаг даргын шийдвэр гарсны дараа иргэдтэй зээлийн эргэн төлөлтийн графикийг тохиролцон зээлийг нь олгодог. Би зээл авсан хүмүүст эргэн төлөлтийг нь зохих журмаар нь шаарддаг. Ж.Ж.М- нь 2020 онд манай ***************** зээл авсан. Тухайн үед би харилцахад их төвөгтэй байсан ч сар тус бүр эргэн төлөлтийнх талаар тайлбарлаж явуулсан. Тэгээд эхний 3 сар эргэн төлөөд дараагийн төлөлтөө огт хийхгүй байсан. Улмаар би Ж.М-тэй байнга холбогдож шаардлага тавьдаг байсан тул сүүлдээ миний хоолойг сонсоод Ж.М- биш өөр хүн байна гэх мэт сонин, хачин хариулт өгдөг болсон. Тэгээд тайлангийн мэдээг дараа сарын 05-ны өдрийн доторх явуулах ёстой тул би 08 дугаар сарын 31-ний өдөр явуулсан. Тэгтэл дараа сарын 07-ны өдөр Ж.М- би 3.000.000 төгрөг тушаасан тул зээлийн хэвийн бус төлөвийг засаж өгнө үү гэж хэлсэн. Надад тэгэх ямар ч боломж байхгүй шүү дээ гэхэд Ж.М- бухимдаад гараад явсан. Тэгээд төрийн албаны ойн арга хэмжээний үеэр над руу залгаад төвөг болно гэж бодоод би 250.000 төгрөг өгчих, 2,3 хүн хуваагаад авна гэж хэлсэн. Үүний дараа холбоо байхгүй болсон бөгөөд удалгүй авлигатай тэмцэх газраас та хүнээс мөнгө нэхсэн байна гэж хэлсэн. Би тэр хүнд дансны дугаараа өгөөгүй, нэрээ хэлээгүй байхад ийм асуудалд холбогдсондоо маш их цочирдсон байдаг. Дараа нь авлигатай тэмцэх газарт очиж уулзах үед надад ялын тухай ярихад нь би бусад хүмүүсээс санаа зовж, амьдрах хүсэлгүй болсон. Өөрийгөө үнэнч шударгаар ажилладаг гэсэн мөртлөө хүмүүсийн нүүрийг харахаас маш их санаа зовсон.

Надад маш их тус хүргэсэн эгч маань 5.000.000 төгрөг зээлэх боломж байна уу? гэж асуухад нь Д.Ү-г мөнгө тушаах гэж байсныг нь санаад түүнээс зээлээ төлөх боломж байна уу гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд би бэлэн мөнгө авсан тухай бичиг баримт үйлдэж авсан. Хэрвээ луйвар хийх байсан бол ямар ч баримт үйлдэхгүй шүү дээ. Улмаар би 10 дугаар сард Д.Ү- руу холбогдоод эгч нь чамаас авсан 5.000.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд нь хийсэн шүү, баярласан гэдгээ илэрхийлсэн. Тэгэхэд Д.Ү- эгчээ танай байгууллагаас ярихаар нь би таны бичиж өгсөн баримтыг өгсөн шүү гэж хариулах үед нь би чиний буруу байхгүй, баримт үйлдсэн юм чинь битгий санаа зовоорой гэж хэлсэн. Дараа нь Д.Ү-гийн өгсөн мэдүүлэг нь өөр зүйл ярьсныг нь би үнэхээр ойлгоогүй.

Манай ***************** газрын их хөрөнгө эргэлддэг хэсэг нь *****************байдаг тул засаг даргын орлогч П.И зориуд намайг энэ албан тушаалаас хасах гээд Ж.М-тэй хуйвалдаж, ярианы бичлэг хийсэн гэж хардаж байна.

Намайг 30-аад жил төрийн албанд чин шударгаар ажилласан гэж миний гэр бүл, хамт олон бусад хүмүүс бахархалтай бодож явдаг. Гэтэл би өнөөдөр өөрийн гэнэн зан, сул үгнээсээ болоод гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр их ичиж, сэтгэл зүйн хувьд хямралд орсон. Би удахгүй тэтгэвэртээ тогтоолгоод төрийн албанд зүтгэсэн тэтгэмж болох 20 гаруй сая төгрөгөө авна гээд маш их төлөвлөсөн ч энэ бүгд талаар болох гэж байгаад үнэхээр харамсаж байна гэв.

 

Эрүүгийн 2218000940289 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ж.Ж.М-гийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 4 дүгээр багт байрлах Төрийн банкны зээлийн эдийн засагч ********* /*********/ гэж хүнээс 20,000,000 төгрөгийн бизнесийн барьцаат зээл хүссэн юм. Тэгэхэд ********* эдийн засагч миний зээлийн материалыг судалж үзээд Монгол банкнаас зээлийн мэдээлэл авахад Дархан сумын ***************** зээлийн хоцрогдолтой хэвийн бус гэсэн мэдээлэлтэй байна. Иймд та уг зээлийн мэдээллийг хэвийн болгохын тулд төлөөгүй хугацааны төлөлтөө хийж мэдээллээ засуулж ир гэж хэлсэн. би Дархан сумын *****************зээлийн төлөөгүй хугацааны төлбөр дээрээ 1-2 сая төгрөг нэмээд нийт 3 сая төгрөгийн төлөлт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийгээд Дархан сумын *****************нягтлан бодогч В.В.П- дээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр очоод “Би Төрийн банкнаас зээл авах гэхэд намайг Монгол банканд хэвийн бус мэдээлэлд бүртгэсэн байна би өөрийн авсан зээлдээ 3,0 сая төгрөг төлчихлөө гээд баримтаа үзүүлэхэд В.В.П- “мэдээллийн сангаас шалгаад төлсөн байна мөнгө нь орсон байна” гэж хэлсэн. В.В.П- Монгол банкны мэдээллийн сангаас таны хэвийн бус зээлдэгч гэх мэдээллийг засахад их төвөгтэй, та 350,000 төгрөг /мөнгө гэж гараа имрээд/ гэж гараараа үйлдэл үзүүлээд хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад 250000 төгрөг байна илүү мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. В.В.П- бага байна наад мөнгө чинь хүрэхгүй чи битгий уурлаарай, миний дээр 2 хүн байгаа наад мөнгийг чинь хуваана гэж хэлж байсан. Тэгээд би хүлээгээд *****************үүдэнд хүлээж байгаад В.В.П-тэй уулзахад 1 дэх өдөр хүрээд ир гээд явуулсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Дархан ***************** газар В.В.П-тэй очиж уулзахад “цаад хүн маань утсаа авахгүй байна хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байгаад өдөр 15 цагийн үед очиход В.В.П- ажил дээрээ байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 17-19/,

 

Гэрч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...В.В.П- нь 20 гаран жил ажиллаж байгаа байх. В.В.П- нь бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс *****************нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2021 оны 10 дугаар сарны 17-ны өдөр Засаг дарга Т.Тулгаа намайг өрөөндөө дуудаад Ж.М- гэж иргэнээс гомдол гаргасан. Гомдолдоо “В.П-гээс *****************зээлийн төлөлт хэвийн гэх бичиг хийлгэж авах гэтэл В.П- мөнгө нэхсэн” гэх утгатай гомдол гаргасан байсан. Мөн В.П-тэй утсаар ярьж байгаа В.П-гийн мөнгө нэхэж байгаа ярианы бичлэг хийсэн байсан. Тэгээд Засаг дарга Т.Тулгаа, Засаг даргын орлогч П.П.И бид гурав ярилцаад Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэхээр шийдсэн. Мөн Д.Ү- гэж иргэнээс бэлэн мөнгөний баримт үйлдэн 5,000,000 төгрөг бэлнээр авсан байсан. Уг бэлэн мөнгөний баримт дээр манай байгууллагын бус өөр байгууллагын тамга дарсан байсан. Энэ бүх асуудлаар В.В.П-тэй уулзаж тодруулж асуухад ямар нэгэн тайлбар өгөөгүй. Уг хүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаагүй байгаа болохоор манай байгууллагаас арга хэмжээ аваагүй байна” гэх мэдүүлэг /1-р хх 13-14/,

Гэрч Б.Л- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс...” Ж.Ж.М- гэж зээлдэгч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш миний гар утас руу 3 удаа залгаж надтай ярьсан. Ярихдаа “Би зээлээ төлсөн, миний зээлийн ангилал хэвийн байх ёстой, хэвийн бус байгаад байна, энэ ангилалд оруулаад өгөөч ээ та нар чинь яасан чирэгдэл учруулдаг юм бэ иргэдэд гэж их бухимдалтай ярьж байсан. энэ журам чинь ямар дэс дараалалтай хэн уг мэдээллийг сольж оруулахыг хэлээд өг” гэж хэлсэн. Би хариу тайлбар утсаар өгсөн.

“...Ж.Ж.М- гэж хүнтэй утсаар ярьж дуусаад тэр өдөртөө Дархан сумын *****************нягтлан бодогч В.В.П- рүү утсаар залгаж Ж.Ж.М- гэж хүний надтай ярьсан талаар хэлээд уг хүний мэдээллийг над руу явуулаарай би шалгаж үзье гэхэд за гэж хэлсэн. Уг өдрөөс 5 өдрийн дараа В.В.П- рүү утсаар залгаад Ж.М-гийн мэдээллийг шивж оруулаач ээ яагаад шивж оруулахгүй байгаа юм бэ гэхэд В.В.П- би шивэх гээд амжихгүй байна, 7 сард зээл авсан 60 зээлдэгчийн мэдээллийг шивж байна 11 сарын 05-аас өмнө хугацаандаа мэдээллээ явуулна гэж хэлж байсан. Тэгээд Ж.М-гийн мэдээллийг 2021 оны 10 сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн ахлах мэргэжилтэн У- В.П- эгчтэй утсаар ярьж хэлсэн байсан. Тэгээд В.В.П- эгч Ж.М-гийн мэдээллийг 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад явуулсан байсан. Би Ж.М-гийн мэдээллийг хүлээн авч Улаанбаатар хот Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дундын файлд мэдээллийг нь оруулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 30-32/,

 

Гэрч Б.*********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Ж.М- гэж хүнийг танина. Манай Төрийн банкны “Хуучин Дархан тооцооны төв” -ийн зээлдэгч Дайкагийн Д.О- гэж эмэгтэйн нөхөр Жуковын Ж.М- гэж хүн байдгийг мэднэ. 2021 оны 10 сарын эхээр Д.Д.О- нь бизнесийн бичил зээл буюу 20,0 сая төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргаж хамтран зээлдэгчээр Ж.Ж.М- хамт ирж уулзсан. Зээл гарах боломжтой судлахын тулд зээлийн материалыг нь бүрдүүлж авсан. ... зээлийн материалыг хүлээн авч танилцахад бүх материалыг бүрэн бэлдэж ирүүлсэн байсан. Зээлийн шаардлага хангасан байсан гэтэл уг материалыг зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх явцад хамтран зээлдэгч Ж.Ж.М-гийн нэр дээр Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаагаар “жижиг дунд”-аас авсан зээл нь эргэлзээтэй ангилалд шилжсэн байсан. Тэгээд уг зээлийг олгохоос татгалзсан. ... Тэгээд би Ж.Ж.М-д дээрх Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаагаар “жижиг дунд”-аас авсан зээлийн үлдэгдэл 10,0 сая төгрөг, эргэлзээтэй ангилалд бүртгэгдсэн шалтгаанаас болж зээл олгохоос татгалзсан гэдгийг тайлбарлаж хэлсэн. Ж.Ж.М- 4-5 хоногийн дараа 10,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн төлөлтөө хийгээд 6,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй болгоод ирсэн. Тэгтэл Монгол банкны мэдээллийн санд “эргэлзээтэй” ангилал нь хэвээрээ байсан. Гол нь уг “эргэлзээтэй” гэх мэдээллийг засуулах хэрэгтэй гэдгийг тайлбарлан хэлж өгөхөд Ж.Ж.М- хаана хэнтэй очиж уулзах бэ гэж асуухад нь би Жижиг дундын зээл авсан зээлийн мэргэжилтэнтэй очиж уулз гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 21-22/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****************төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн нарийн бичгийн даргыг би хийдэг байсан. Манай зөвлөл нь 23 гишүүнтэй, жилд 1 удаа төсөл сонгон шалгаруулдаг. Зөвлөлийн шалгаруулсан төсөл хэрэгжүүлэгчдийн зээлийн гэрээг Засаг дарга, иргэн хоёрын хооронд байгуулагддаг. Шалгарсан төслийн материал, зээлийн гэрээ нь *****************нягтлан бодогч В.В.П- рүү шилждэг. ...Дархан суманд талхны цех ажиллуулдаг 2020 онд ***************** зээл авч байсан Д.Ү- гэж эмэгтэй танай нягтлан В.В.П-д зээлээ хаая гэхэд бэлнээр авч ирээд өгчих гээд бэлнээр 5,0 сая төгрөг авсан гэж хэлсэн. Сэжигтэй санагдаад чамд хэллээ шүү гэж хэлсэн. Тэгээд би *****************төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн дарга П.П.Ит энэ асуудлын талаар хэлсэн. Тэгээд П.П.И уг зээлийн мэдээллийг харах эрхтэй нягтлангаар шалгуулахад Д.Ү- гэж зээлдэгчийн 5 сард зээл хаахаар бэлнээр өгсөн мөнгө нь зээлдээ төлөгдөөгүй байсан гэж П.П.И дарга хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 24-25/,

 

Гэрч Д.Д.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***************** авсан зээлээ хаахын тулд мэргэжилтэн Б утсаар ярьж зөвлөгөө авахад Б үлдэгдэл зээлээ нягтлан бодогчоос асуугаарай, зээлээ хааж болно гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нягтлан В.П-тэй утсаар яриад би өөрийн зээлээ хаах гэж байгаа юм зээлийн үлдэгдлээ мэдэх гэсэн юм гэхэд В.П- “үлдэгдэл чинь тэд/санахгүй байна/ байна” гэж хэлж өгсөн. Тэгээд удалгүй В.П- нягтлан өөрөө миний утас руу залгаад чиний зээлээ хаах мөнгө чинь бэлэн байгаа юм уу, хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би бэлэн 5,0 сая төгрөг байна Хаан банкны үүдэнд зогсож байна гэхэд В.П- “би үдээс хойш гадуур ажилтай учраас одоо ирээд байгаа бэлэн 5,0 сая төгрөгөө тушаагаач, манай санхүүд бэлэн мөнгө хэрэг болоод би банк руу гарч чадахгүй байна” гэж хэлсэн тэгэхээр нь би 5,0 сая төгрөгийг бэлнээр В.П-д өгсөн. 5,0 сая төгрөг өгөхдөө баримт өг гэж нэхэхэд В.П- их бүдэг тамга тэмдэгтэй баримт дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд би үлдэгдэл 2,234,685 төгрөгийг В.П-гээс заалгаж байгаад интернэт банкаар зээлийн төлөлтөө хийж зээлээ хаагаад Зээлийн барьцаа болох үлд хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан. ...Би В.П- нягтлан бодогчийн надад бичиж өгсөн бүдэг тамгатай бэлэн мөнгө хүлээн авсан баримт сэжигтэй, эргэлзээтэй санагдаад мэргэжилтэн Бт утсаар энэ асуудлын талаар хэлсэн. ...2021 оны 09 сард Дархан сумын Засаг даргын орлогч П.И гэж хүн над руу утсаар залгаж зээл авсан уу, хэзээ зээлээ хаасан бэ, 5,0 сая төгрөг бэлнээр өгсөн гэх баримт байна уу гэж асуусан. Тэгээд би зээлийн гэрээ болон 5,0 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримтаа П.И гэж хүний туслахад үлдээгээд явсан. Өнөөдрөөс 20 орчим хоногийн өмнө 2021 оны 10 сарын сүүлээр *****************нягтлан бодогч В.П- над руу утсаар залгаж “Эгчид нь мөнгөний шаардлага гараад чиний өгсөн 5,0 төгрөгийг ашиглах шаардлага гарсан юм. Тэр мөнгийг эгч нь эргээд хийчихсэн. Намайг энэ газарт олон ажил ажилласан болохоор зайлуулах шалтгаан хайж байна. Би өөр данс руу андуурч хийсэн байсан мөнгөө буцааж аваад *****************данс руу шилжүүлсэн юм гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би завгүй байна гээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /1-р хх 27-28/,

 

Гэрч Б.П.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Ж.М- гэх хүнээс 2021 оны 10 дугаар сарын сүүлээр В.В.П-д холбогдуулан гомдол ирүүлсэн. Гомдолтой нь танилцахад “зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт, зээлийн мэдээллийн санд ангилал өөрчлүүлэх хүсэлт гаргахад В.В.П- нь 300,000 төгрөг нэхээд байна.” гэсэн утгатай гомдол гаргасан. Ж.Ж.М-д ямар нэгэн баримт байна уу гэхэд “байхгүй, гэхдээ надаас сая мөнгө нэхлээ шүү дээ" гэж хэлэхээр нь Авлигатай тэмцэх газарт хандаж болно гэдгийг зөвлөөд явуулсан. ...4-5 хоногийн дараа Ж.Ж.М- нь В.В.П-тэй утсаар ярьж байгаа бичлэгээ хийгээд хүрээд ирсэн. Тэр бичлэгийг үзэхэд В.В.П- нь “...надаас гадна 2 хүн байдаг, хонь авахгүй, мөнгийг нь авна...” гэж ярьсан байсан. Уг асуудал гарснаас болж иргэдээс Сум хөгжүүлэх сантай холбоотой ирүүлсэн гомдол хүсэлтийг шалгахад Д.Ү- гэж эмэгтэйгээс “зээлийн төлбөр бэлнээр авч болдог юм уу” гэх гомдол ирүүлсэн байсан. Тэгээд би Д.Ү- гэх хүнээс болсон явдлын талаар утсаар ярьж тодруулан асуухад “...***************** авсан зээлээ хаасан, төлсөн баримтуудаа аваад хүрээд ирээч...” гэж хэлэхэд намайг ажил дээр байхгүй байхад нарийн бичигт үлдээгээд явсан байсан. Тэгээд Д.Ү-гаас ирүүлсэн баримттай танилцахад манай байгууллагын биш хаанахын байгууллагын тамга гэдэг нь мэдэгдэхгүй тамга, тэмдгээр баталгаажуулсан бэлэн мөнгөний орлогын баримт дээр 5.0 сая төгрөг гэж бичээд В.В.П- гарын үсгээ зурсан байсан. Энэ нь 2021 оны 05 дугаар сард Д.Ү-гаас зээлийн төлөлтийн 5,0 сая төгрөгийг бэлнээр авсан атлаа зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, хувьдаа авсан байсан. Д.Ү-гийн зээл төлөгдсөн эсэхийг 2021 оны 10 сард шалгахад В.В.П-д бэлнээр өгсөн 5,0 сая төгрөг нь төлөгдөөгүй байсан. Энэ талаар В.В.П-тэй Засаг даргын өрөөнд дуудаж уулзан дээрх Ж.М- гэж хүний гар утсан дээрээ хийсэн бичлэг болон Д.Ү- гэж хүнд өгсөн хаанах нь мэдэгдэхгүй тамгатай баримт бичиж өгөн бэлэн 5,0 сая төгрөг авсан талаар асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 161-162/,

 

Д.Д.Ү-гаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бэлэн 5,0 сая төгрөг авсан “Бэлэн мөнгөний орлогын баримт” /1-р хх 119/,

 

Д.Д.Ү-, ***************нарын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №2020/03 дугаартай ***************** олгох зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн график /1-р хх 120-130/,

 

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай В.В.П-г ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт /1-р хх 132-136/,

 

Ж.Ж.М-, ***************нарын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №2020/31 дугаартай ***************** олгох зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн график /1-р хх 143-149/,

 

Шүүгдэгч В.В.П-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1-р хх 108-114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 199/  зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч В.В.П- нь “Дархан-Уул аймгийн **********************************эрх бүхий албан тушаалтаны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ***************** зээл авсан хохирогч Ж.Ж.М-гийн “Монгол банк” дахь мэдээллийн санд хэвийн бус зээлдэгчийн мэдээллийг өөрчлүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 350,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан”,

Мөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ********************************** 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлын байр нэмэгдүүлэх” зорилготой төсөл боловсруулж 10,000,000 төгрөгийн зээл авсан Дэчинноровын Д.Ү-гийн зээл хаахаар бэлэн авч явсан мөнгөнөөс “манай санхүүд бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж ойлгуулан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон Д.Д.Ү-гийн зээлийн төлбөр болох 5000000 төгрөгийг авч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” үйл баримт тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад эсхүл өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлэх, шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг үл харгалзан, хээл хахууль өгөхийг шаардсанаар бүрдэл төгсдөг.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б- “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулааuүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.В.П-гийн үйлдэл нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч зүрхний хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдөж, эмчилгээ байнга хийгдэж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ...”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь хасах, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж, нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ...” В.В.П-гийн хувьд төрийн албанд 30 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд өөрийнхөө хөдөлмөрийг тодорхой хэмжээгээр төрөөс үнэлүүлсэн бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарах болсон хүн юм. Мөн түүний эрүүл мэндийн тухайд зүрхний хагалгаанд 2 удаа орсон байдаг. Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчим, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч В.В.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж  нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолохоор  шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээхээр, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч В.П-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Шүүгдэгч В.В.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч В.В.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж  нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч В.В.П- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.В.П-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс тоолсугай.

 

            6.Шүүгдэгч В.В.П- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.В.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.В.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ