Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараашийг нураасан нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/1036/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараашийг нураасан нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар шийдвэрийн үндсэн зорилго болох “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг буруулах” зорилтын хүрээнд захирамжид дурдсан гараашнуудыг буулгаж байгаатай нэхэмжлэгчийн зүгээс эсэргүүцэж маргадаггүй.

            Мөн тухай газар дээр хууль бусаар баригдсан эсэх асуудал дээр ч маргаан гаргадаггүй. Гагцхүү тухайн газар дээр баригдсан гарааш нь өөрөө хууль ёсны бусдын өмчлөлийн хөрөнгө болохыг захиргааны байгууллага ч тэр, иргэд ч мэдэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд гараашийн газрын төлбөр төлсөн падаан, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албанд төлсөн газрын төлбөрийн падаанаар тус тус тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс хэдийгээр энэ нөхцөл байдлыг албан бичгээр тогтоогдсон хэмээн тайлбарладаг боловч шүүхийн шийдвэр гаргах түвшинд нотлох баримтыг үнэлж дүгнээгүй болно.

            Нийслэлийн Засаг дарга нь иргэдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлэх явцдаа буюу захиргааны үйл ажиллагаа явуулахад хүлээсэн үүрэг болох сонсох ажиллагаа явуулж эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдээс тайлбар мэдүүлэг, холбогдох баримт бичгийг хүлээн авах шаардлагатай байсан.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... Тухайн гарааш Б.Б-н өмч юм, үүнийг ямар нэг байдлаар сонсох ажиллагаа хийж мэдэгдэхгүйгээр нураасан үйл ажиллагаа нь хууль бус. Уг үйлдлээ тайлбарлахдаа тухайн газрын анхнаас нь эзэмших, ашиглах эрхгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өг гэхээр байхгүй гэдэг” гэх, “2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газрын төлбөр тодорхойлох актад иргэн Нанзад овогтой Мандухай гэж дурдагдсан байсан мөн регистрийн дугаарыг нь бичсэн байгаа. Б.Б-н мэдээлэл байгаагүй гэж бодоход гараашийг нураах талаарх сонсох ажиллагаа, мэдэгдлийг эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэдэг утгаараа Н.Мд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ямар нэг сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан байдаг.

            Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэх явцад болон хариуцагчийн гаргасан тайлбар мэдүүлэгт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг үгүйсгэж нотлох баримт болон хариу тайлбарыг гаргадаггүй.

            Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нь тухайн гараашийн доорх газрын эзэмших, ашиглах эрхийг зохих журмаар аваагүй буюу нэхэмжлэгч Б.Б болон иргэн Н.М нар хоорондоо худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухай гараашийг шилжүүлсэн энэ тохиолдол захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй баригдсан гараашийн эзэмшигч, ашиглагчийн хаяг, утасны дугаарыг олж сонсох ажиллагаа хийх бодит боломжгүй. Иймд сонсох ажиллагааг хуульд заасан журмаар хийгээгүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй” хэмээн шийдвэрлэсэн.

            Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”-т хуульчилж өгсөн.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд /Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд гараашийн газрын төлбөр төлсөн падаан, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албанд төлсөн газрын төлбөр/-аар захиргааны байгууллага нь тухайн гараашийн эзэмшил газарт ямар этгээд эзэмшиж ашиглаж байсан талаарх мэдээлэл байсан нь тогтоогдсон.

            Дээр дурдсан газрын төлбөр тодорхойлох актад дурдсанаар маргаанд яригдаад буй гараашинд төлбөр тооцож авч байсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна Харин Захиргааны байгууллага хуульд заасан үүргийнхээ хүрээнд аливаа үйл ажиллагааг явуулахдаа судалгаа шинжилгээг хийж хамгийн түрүүнд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг тодорхойлох, тэдгээрээс тайлбар авах үүрэгтэй. Гэтэл захиргааны байгууллага маргаанд яригдаад буй Чингэлтэй үүрэг, 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаартай гараашийн төлбөрийг ямар этгээд төлж байсан талаар судлаагүй болох нь харагдаж байна.

            Хэрвээ анхан шатны шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болох юм бол захиргааны байгууллага дээрх ажиллагааг хийлгүйгээр бусдын эзэмшлийн газрыг нураах тохиолдол үүсэхээр байна. Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулалгүй, нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг нурааж, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг зөрчиж байна. Дээрх ажиллагааг зайлшгүй хийх нь хууль хэрэглээг тогтооход зармын хувьд нийтлэг ач холбогдолтой болох юм.

            Нэхэмжлэгч нь Н.М-н төлбөр төлж байсан баримтуудаа үзүүлж байсан учраас тэдгээрийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр гарааш, түүний ширхэг тоосгыг хүртэл оруулан тооцож 9 000 000 төгрөгөөр үнэлэн худалдаж авсан түүнийгээ ч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар хэдийн нурааж, буулгасан гараашийг дахин бариулж, босгуулах нэгэнт боломжгүй болсон тул дээр дурдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-нд төлсөн 9 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг.

            Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Б-аас “нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараашийг нураасан нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэх авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсны дотор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 39 дүгээр цэцэрлэгийн урд талд байрлах 17 гарааш багтжээ.

2.3. Нэхэмжлэгч Б.Б-н хувьд дээрх дурдсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 39 дүгээр цэцэрлэгийн урд талд байрлах 17 гараашны баруун талаасаа №12 дугаар гараашийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу иргэн Н.М-аас шилжүүлэн авсан байх бөгөөд иргэн Н.М-аас Чингэлтэй дүүргийн газрын албатай “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ыг бичгээр байгуулж газрын төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б-н хувьд маргаан бүхий №12 дугаар гараашийг шилжүүлэн авснаас хойш газрын төлбөр төлөөгүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй байна.

2.4. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б маргаан бүхий гараашийг худалдан авсан хэдий ч газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй болох нь нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүнчлэн газрын төлбөр төлж, гарааш худалдсан авсан нь тухайн гараашийн доорх газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг аливаа байдлаар үүсгэх үндэслэл биш юм.

2.5. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-д “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан байна.

2.6. Нэгэнт нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа байдлаар шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн биелэлтийг хангаж, зөрчил арилгаж, газар чөлөөлсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хууль ёсны эрх хуулиар хамгаалагдах учиртай.

2.7. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэгэнт захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг гаргуулах боломжгүй.

2.8. Нөгөөтээгүүр, сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд тухайн гараашийн хаалга дээр холбогдох мэдэгдлийг байрлуулсан байх төдийгүй уг газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаагүйн улмаас тухайн гарааш ашиглагчийн талаарх мэдээлэл нь захиргааны байгууллагад хадгалагдах үндэслэлгүй тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

                      ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН