Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

-хохирогч Ч.Цогжаргал,

-шүүгдэгч А.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн 2234004780396 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Усан бэлчир” гэх газар “...Цогжаргал нь Ганпүрэвтэй унтсан...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Цогжаргалтай маргалдаж, зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.А нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ч.Цогжаргал нь мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гүүгээ саагаад явж байсан чинь н.Ганпүрэв над руу “та бид хоёрыг унтаж, хэвтсэн гэж н.Сарангэрэлд хэлсэн байна, н.Сарангэрэл хэрүүл хийгээд байна, хоёулаа очиж учраа олъё” гэсэн. Тэгээд би гүүгээ сааж дуусчхаад явж очоод, та юу яриад байгаа юм гэсэн чинь л чи гэгээн цагаан өдөр унтаж хэвтээ биз дээ, би нүдээрээ харсан юм аа ярьж байна гээд л амнаас нь бараг цагаан хөөс гарах шахаад л өөдөөс хашхичаад байсан. Би өөрөө хадамтайгаа амьдардаг, нөхөр хүүхэдтэй хүн юу гэж жоохон хүүхэдтэй унтахав дээ. н.Сарангэрэл энэ 2 нийлээд намайг илбээд байна гэж ойлгож байгаа. Миний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна. А.А эгч н.Сарангэрэлтэй надаас илүү байгаагүй. Зүв зүгээр байж байгаад л намайг гүжирдээд, намайг ядарч байна уу, үгүй юу гэж хэлдэг байснаа гэнэт л дуугаа хураагаад, сэлбэлзээд л, намайг байдалд хийгээд байгаа. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ, адилхан талхныхаа мөнгийг олж ядаж байгаа хүмүүс. Намайг гүтгээд, миний нэр хүндэд халдаад, ажлын хүмүүст намайг хүнтэй амьтантай унтаж, хэвтэж явдаг амьтан болгоод байгаад л гомдолтой байна. Уг нь бид 2 бүр гэр бүлийн найзууд байсан. Нөхөр нь хүртэл машины ард нуугдаж явсан гэж худлаа хэлсэн байна лээ. Одоо манай нөхрийг ч дарамтлаад, арай дэндүү муухай халдаж байгаа. Нөхөр нь эхнэрээ сайхан залаад явах байтал ардаас нь дандаа буруу хөөргөдөг, энэ нь дандаа онгирч хөөрч хүн амьтан цохиж явдаг. Нэг хөөрхий хөгшин хүнийг хүртэл би барна, эдэлнэ ч гэх шиг хачин хачин юм яриад байсан. Одоо надаас уучлалт ч гуйхгүй явж байгаа” гэв.

            Шүүгдэгч А.А нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Усан бэлчир” гэх газар “...Цогжаргал нь Ганпүрэвтэй унтсан...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Цогжаргалтай маргалдаж, зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Хохирогч Ч.Цогжаргалын мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
  • Гэрч Б.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Шүүгдэгч А.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
  • Гэрч С.Ганпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
  • Гэрч А.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
  • Гэрч Г.Сүрэндэлэгийн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
  • Шүүгдэгч А.Аын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 372 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,
  • Шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 59 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 183 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-61 тал/ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ч.Цогжаргал нь “хөнгөн гэмтэл учраас хохирол гэх юм гараагүй, нэхэмжлэхгүй” гэсэн байх тул хавтаст хэргийн 59 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч А.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА