| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0766/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/796 |
| Огноо | 2022-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/796
2022 8 08 2022/ШЦТ/796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0766/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
хохирогч Ч.Д,
шүүгдэгч Ч.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн 2209000001091 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ... тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, .... тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 зүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялыг бүрэн эдэлж дууссан, Ч.Т /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үүрээр 5 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... баарны гадна иргэн Ч.Д-тэй үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 4 лааз пиво уусан байсан. Болсон явдлыг сайн санахгүй байна. Надад хохирлын талаар хэлээгүй, намайг хохирогчтой өөртэй нь утсаар ярь гэж хэлсэн. Тэгээд надад цагдаагаас өгсөн дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан.” гэв.
Хохирогч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 5 дугаар сарын 11-ний үүрийн 4 цагийн үед бааранд байж байгаад найзын хамт тамхи татаж байхад энэ залуу бид нар дээр ирээд чи яагаад зөөгчид тип өгөөд байгаа юм бэ чи тийм баян юм уу гэж хэлээд дайраад байсан. Тэгээд би өөрөө зөөгч байсан тул өгсөн гэж хэлэхэд хоёулаа үзье гээд намайг өөр найзуудын хамт тойрч зогссон. Удалгүй нэг найз нь намайг цохьсны дараа Ч.Т миний нүүр рүү өшиглөж унагаагаад намайг зодож эхэлсэн. Мөн Түц рүү орсны дараа намайг нүүр нүдгүй цохиж миний нүднээс цус гарсан. Ингээд дэлгүүрийн худалдагч Ч.Т-г хөөж гаргаад удалгүй эргүүлийн цагдаа нар ирж Ч.Т-г хөөж барьж авсан. Энэ үед бас Ч.Т над руу би чамайг ална гэж хэлсэн. Түүнчлэн Ч.Т надтай нэг ч холбоо бариагүй гэдгийг хэлмээр байна. Би одоо нийт 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд миний пиджак бас бугуйн цаг, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн мөнгө, таксины мөнгө, ажилдаа яваагүй хугацааны мөнгө, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байгаа. Намайг гэмтлийн эмч компьютер томографид харуулаарай гэсэн боловч би санхүүгийн боломжгүй байгаа тул харуулж, үзүүлж чадаагүй.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би болсон үйл явдлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үүрээр 5 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарнаас гараад баарны тамхины цэг дээр найз Дөлгөөний хамтаар тамхи татаж байхад Ч.Т /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ надтай яриа өдөж байгаад эр хүн шиг зодолдох уу гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би ... баарны нарийн гудмаар гарч талбайн урд талын автобусны буудал дээр очиход араас дагаад явж байгаад Ч.Т намайг өшиглөж унагааж, миний дээр гарч суугаад намайг 4-5 удаа цохиж багалзуурдаж, толгой болон бие руу цохиж зодож миний зүүн нүд рүү өшиглөж гэмтэл учруулж миний толгой руу өшиглөж байсан. Манай найз Дөлгөөн, Түц-ний хүмүүс салгаагүй бол тэр залуу надад хүнд гэмтэл учруулах байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 7025 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алиманд цус хурсан, зүүн дээд, доод зовхи, дотор буланд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Баруун хөмсөгний дээр 1.5x0.4см, 1х0.3см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хамрын нуруу тэмтрэхэд эмзэглэлтэй, амьсгал зүүн талд бага зэрэг саадтай, эрүүний зүүн талд тэмтрэхэд эмзэглэлтэй. Баруун чихний гэдсэнд 1х0.2см улаан өнгийн зулгаралттай, баруун хөхлөг сэртэн орчимд 3х2см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Хоёр далны дунд хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэг онош: Тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Толгойн КТГ-д: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй, хамар ясны хуучин хугаралтай, тэрхины эдэд голомтод өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн.. гэжээ. Дүгнэлт: Ч.Д-н биед зүүн нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун чамархайд бус хуралт, дух, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” (хавтаст хэргийн 15-16 дахь тал) гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ч.Т нь согтуугаар 2022.05.10-наас 11-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... бааранд хохирогч Ч.Д-тэй үл ялих зүйлээр шалтаглан зориуд хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг баарны гадаа зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун чамархайд бус хуралт, дух, баруун чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ч.Т-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсан, өөрт нь хамааралгүй үл ялих зүйлээр шалтаглан зориуд хэрүүл маргаан үүсгэн үүссэн маргааныг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, дээрэнгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ч.Д нь шүүх хуралдааны үеэр “Би одоо нийт 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд миний пиджак бас бугуйн цаг, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн мөнгө, таксины мөнгө, ажилдаа яваагүй хугацааны мөнгө, цаашид гаргах эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байгаа. Намайг гэмтлийн эмч компьютер томографид харуулаарай гэсэн боловч би санхүүгийн боломжгүй байгаа тул харуулж, үзүүлж чадаагүй” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Т нь шүзүх хуралдаан дээр хохирогчоос нэхэмжилсэн уг 2.100.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хохирогчтой харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан тул үүнийг шүүхийн шийдвэрт баталгаажуулах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Ч.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ч.Т-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Т-д 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Т-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч Сэлэнгэ аймгийн Мандал суманд иргэний бүртгэлийн үндсэн хаягтай байх боловч нийслэл Улдаанбаатар хотод ирэн очин ажиллаж амьдардаг байдлыг харгалзан хууль сахиулах, ялын хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй дээрх байгууллагуудад шүүгдэгчид оногдуулсан ялын хэрэгжилтийг хамтран хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-г 02 /хоёр/ сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд оногдуулсан ялын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ч.Т нь хохирогч Ч.Д-д хохиролд 2.100.000 төгрөгийг 2022.8.08-ны өдрөөс 2022.10.15-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулахаар хохирогч Ч.Д-тэй шүүх хуралдаан дээр Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг баталгаажуулсугай.
6. Шүүгдэгч Ч.Т нь дээрх Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд түүнээс үл маргах журмаар 2.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д олгох болохыг дурдсугай.
7. Хохирогч Ч.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ч.Т-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР