Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0767/Э |
Дугаар | 2022/ШЦТ/797 |
Огноо | 2022-08-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/797
2022 8 08 2022/ШЦТ/797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0767/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Э.Билгүүн,
хохирогч Х.Б
шүүгдэгч С.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 2209000001054 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цэргийн командлагч мэргэжилтэй, ... ахлах тогоочоор ажилладаг, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.Э /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ... гэх амралтын орчимд байрлах өөрийн гэртээ хохирогч Х.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогч Х.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон, мөн гараараа түүний баруун эрхий хурууг мушгиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд шарх, баруун эрхий хурууны бүрэн бус мултрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёрт уг нь маргалдах шалтгаан байгаагүй. Надад торгуулийн ял оноож өгнө үү. Би группт байдаг, харвасны улмаас хөдөлмөрийн чадвар алдсан.” гэв.
Хохирогч Х.Б мэдүүлэхдээ: “Бид хоёр тухайн өдөр сүртэй маргалдаагүй бөгөөд зүгээр байж байгаад зодоон цохион болсон. Би С.Э-д цохиулчхаад гараад явсан. Надад санал гомдол байхгүй. Надад С.Э-с хохирол 576.100 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 30 минутад ажил тарсан юм. Гэтэл манай ахлах тогооч С.Э намайг 3 хоногийн өмнөөс манай зуслан дээр очмоор байна надад чамтай ярих зүйл байна гэсэн. Ингээд ярьсан ёсоор би ... байдаг гэрт нь очсон юм. Гэтэл 1 ширхэг 0.75 литрийн архи гаргаж ирсэн, түүнээс 2-3 удаа уусан, ингээд байж байхад ямар нэгэн шалтгаангүй шууд нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би гараараа хамгаалсан чинь баруун гарын эрхий хуруунаас бариад мушгисан, тэгэхээр нь би мулталж аваад хашааг нь давж зугтаагаад автобусанд суугаад өөрийгөө салгаж авсан, ингээд автобусны жолооч эхнэрийг минь дуудаад эхнэр цагдаад хандсан юм..., ямар нэгэн маргах шалтгаан болоогүй..., ...гараараа нүүр рүү цохисон, тэгээд гараараа нүүрээ хамгаалсан чинь хуруу бариад мушгисан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дахь тал)
Хохирогч Х.Б-н дахин өгсөн: “…Намайг гэрт сууж байхад эхний нэг шил архийг хувааж уугаад зүгээр байсан, би гар утсаа гаргаж ирээд автобус ирж байна, энэ автобусанд амжаад сууна гэж хэлээд сууж байтал ширээний нөгөө талд сууж байгаад шууд миний нүүр рүү гараараа цохисон, тэгэхээр нь би сандраад юу болж байна ахаа гэж хэлээд хувцсаа ч авч амжилгүй гараад гүйсэн, тэгтэл араас гарч ирээд намайг хашаанаас гарахаас өмнө тэврээд авсан тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ? Тоглоод байгаа юм уу? гэж хэлсэн, тэгтэл чамайг одоо ална гэж хэлсэн тэгэхээр нь би одоо юу болж байна гээд дийлдэхгүй миний баруун гарын эрхий хурууг баруун гараар барьж аваад хойш нь мушгиж дараад зүүн гараараа нүүр лүү цохиод хэлж байсан үг нь одоо чамайг энд дуусгана гэж хэлээд байсан, би гараа мулталж авч чадахгүй нэлээн хэд цохиулаад ноцолдож байгаад гараа салгаж авахад миний эрхий хуруу хойшоо нугарсан, гэмтсэн цус гарсан байсан, тэгээд хашааны хаалга руу гүйтэл дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь хашааг нь даваад зугтсан..., ...Эхлээд нэг шил архи авсан байсан, түүнийг нь хувааж уусан, тэгээд дараа нь би явах гэтэл дахиад нэг юм ууя гээд байсан, тэгээд гараад нэг шил архи авч ирээд түүнээсээ надад нэг хийж өгсөн харин өөрөө 2-3 удаа татсан тэгээд л намайг зодож эхэлсэн..., ...Тийм зүйл байхгүй би энэ хүнийг урд өмнө танихгүй, би энэ байгууллагад ажиллаад 10 гаруй жил болж байна ажлаа хөнгөлөх гээд даргатайгаа яриад энэ хүнд ахлах тогоочийн ажлаа өгөөд өөрөө зүгээр тогооч болсон намайг зодсоны маргааш нь өнжөөд нөгөөдөр над руу 95136000 гэсэн дугаараас залгаад яасан бэ? миний дүү гэсэн. Тэгэхээр нь та юу яриад байгаа юм бэ? Гар хөл гэмтээсэн гэж хэлсэн. Тэгтэл ах нь архи уухаараа ингээд байдаг юм юу ч мэдэхгүй байна, одоо энэ архийг ёстой больё хоёулаа уулзъя цагдаа шүүх гээд яах юм бэ? Гэх хэлсэн тэгэхээр нь цагдаа ирээд мэдүүлэг аваад явсан гэж хэлсэн. Тэр хүнийг ярьсны үдээс хойш нь эгч нь гэдэг эмэгтэй хүн гад руу залгаад би танай гадаа ирсэн байна уулзъя гээд байсан тэгэхээр нь би тантай уулзах зүйл байхгүй гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
Гэрч С.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө хагас сайн өдөр байсан над руу 10 цагийн орчим залгаад өчигдөр манай ажлын газрын тогооч архи ууя гэхээр нь би ажлын цагаар уугаад яах юм бэ? Орой ажил тарахаар больё гэж хэлээд орой гэртээ дагуулж ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд дахиж нэг архи авч уусан. Тэгээд унтсан өглөө босоод ирсэн, тэгтэл нөгөө залуу нь баахан залгасан байсан. Тэгээд ярьтал та намайг зодсон ирж уулз гэж хэлсэн. Би ажилтай болохоороо ажлаа орхиод очиж чадахгүй байна. Та очоод уулзаад өгөөч гэж хэлсэн, тэгээд би тэр залуугийн гар утас руу нь залгаад утсаа авахгүй болохоор нь С.Э-н ажил дээр нь очоод гэрийн хаягийг нь зуруулж аваад Хайлаастын нэг гудамжинд очоод нэлээд хэдэн айлын хаалгыг тогшсон тэгтэл хүн гарч ирэхгүй байсан утас руу нь залгаад байтал утсаа авсан. Би манай дүү намайг чамтай уулзаад ир гэж хэлсэн эгч нь чамтай уулзах гэсэн юм гэтэл, би гэртээ байхгүй байна гэсэн, тэгэхээр нь би хаана байна би яваад очъё гэтэл Гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгвэл миний дүү наанаа байж бай эгч нь унаатай явж байна яваад очъё гэж хэлсэн, тэгтэл би гараад явсан байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би байгаа газарт чинь очъё гэж хэлсэн, тэгтэл байгаа газраа зааж өгөхгүй байсан. Тэгэхээр нь эгч нь энэ хол газар зориод ирсэн юм чинь чамайг хүлээгээд байж байя гэж хэлтэл би эхнэртэйгээ гадуур явж байна, мөд очихгүй үдээс хойш би эргээд холбогдъё гэж хэлсэн, тэгээд дахиж яриагүй..., ...Асуусан тэгтэл нөгөө хүн бид хоёр архи уугаад муудалцаад би гараад явах гэтэл танай хашааны хаалга цоожтой байсан. Би хашаа давж явсан танай дүү миний хурууг хугалсан гэж хэлсэн..., ... Гараараа хугалсан би цусаа гоожуулаад санзайн автобусанд суугаад явсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
Гэрч С.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тухайн өдрийн орой 21 цагийн үед утсаар залгаад хаана байгаа талаар нь асуухад би Санзайн эцэс дээр айлд байна автобус харж байна, ирэхээр нь суулаа гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа над руу манай нөхөр өөрөө залгаад би хүнд зодуулчихлаа гар хуруу хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хаана байна гэж асуутал би автобус ирэхээр нь автобусанд суучихлаа гэж хэлсэн. Тэгээд хажууд нь автобусанд сууж байгаа хүн нөхрийгөө ирж ав гараас нь цус гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтай явж байгаад Шарга морьтын эцэс дээр автобусыг нь хүлээж байгаад ирэхээр нь нөхрөө буулгаж аваад машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед манай нөхөр яасан юм бэ? гэж асуутал манай ажлын хүн бид хоёр маргалдаад намайг явуулахгүй гээд байсан. Тэгээд миний гараас зуураад байсан. Би хашаа давж зугтаж гараад автобусанд суусан гэж хэлсэн. Чи энэ талаараа цагдаад хэлсэн үү гэж асуухад үгүй гэж хэлэхээр нь би явж байх замдаа цагдаад мэдэгдсэн, тэгээд гэмтлийн эмнэлэгт очиход үзээд цус гарсан яс гарсан байсан гээд шууд боолтын өрөөнд оруулж боогоод зургаа авхуулаад ир гэж хэлсэн, тэгээд зургаа авхуулаад очиход хугарсан биш мултарсан байна гэж хэлээд тэгээд оёдол тавьж өгсөн..., ...Маргалдсан гэж хэлээгүй би гэрт нь байж байгаад автобус харж байгаад автобус ирлээ гэж хэлээд гарах гэтэл явуулахгүй гарыг нь мушгисан гэсэн, тэгээд тэр айлд хүрэм цүнхээ үлдээгээд зугтаж гарсан гэж хэлсэн. Бид нар эмнэлгээс ирээд гэртээ байж байтал өглөө 07 цаг өнгөрч байхад нөгөө С.Э гэх хүн утсаар залгаад юу болсон бэ? Яасан гэж асуусан тэгэхээр, манай нөхөр утсаа чанга яригч дээр тавьсан байсан тэгтэл, өнөө хүн яана аа би харин архи уухаараа ингэх гээд байдаг болсон байна. Ах нь чамайг хохиролгүй болгоно гээд байсан. Тэгтэл өдөр 14-15 цагийн орчим нэг эмэгтэй хүн утсаар залгаад эгч нь С.Э-н эгч байна. Танай гудамжинд байна, гараад ир юу болсон уулзъя гээд байсан, тэгэхээр нь бид нар гараад явсан байна эмнэлгээр явж байна цагдаад мэдэгдсэн байгаа тэр журмаараа явна биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №6511 дугаартай: “...Х.Б-н биед баруун гарын эрхий хуруунд шарх, баруун эрхий хурууны бүрэн бус мултрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд байрлах ... гэх амралтын орчимд байрлах өөрийн гэртээ хамт ажилладаг хохирогч Х.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь цохих, баруун эрхий хурууг мушгиж дарах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруунд шарх, баруун эрхий хурууны бүрэн бус мултрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Э-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр бусадтай зүй бус харьцсан, биеэ барих чадваргүй, ухамсаргүй, дээрэнгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Х.Б нь шүүх хуралдааны үеэр “Надад санал гомдол байхгүй. Надад учирсан хохирол эмчилгээний 576.100 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч С.Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Х.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Э-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Э-д 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч С.Э-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Х.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Э-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохиролд 576.100 төгрөгийг төлсөн, өөр бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР