Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/715

 

 

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч н.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э ийн Б ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж  овогт Б ын Б ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н ийн Б  нарт холбогдох эрүүгийн 2123000100453 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ... тоотод түр оршин суух хаягтай, Дээд боловсролтой, нефтийн бүтээгдэхүүний хими технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ж  овогт Б ын Б  /РД:... /,

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...  тоотод оршин суух хаягтай, Дээд боловсролтой, Уул, уурхайн менежмент мэргэжилтэй, “... ” ХХК-д түлшний инженер ажилтай, Урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б  овогт Э ийн Б  /РД:... /,

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 25-н өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...  тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ч овогт Н ийн Б  /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б  нь “... ”  ХХК-ийн нефть хангамжийн инженер ажилтай Э.Б , шатахуун хангамж ба чанарын зохицуулагч ажилтай Б.Б  нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн тус компанид шатахуун нийлүүлэх гэрээ бүхий Баян-Өлгий аймагт үйл  ажиллагаа явуулдаг “... ” ХХК, ... ХХК, “” ХХК-с дизель түлш авч тус компанийн Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг уурхай руу тээвэрлэх явцдаа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн үйлдлээр 189.200 литр дизель түлшийг завшиж, нийт 249.197.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Н.Б ын өмгөөлөгч н.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч тууштай нэг мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа ухаарч 9 сард хууль бус үйлдлээ таслан зогсоосон байгаа. Хохирлын төлбөрийн өөрт ноогдох төлбөр болох 83.065.800 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Түлшийг одоогийн ханшаар бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ирээдүйд бий болох хохирлыг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү  ...” гэжээ.

шүүгдэгч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч Ц.Амар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “:..Гэм буруугийн хувьд тусгайлан гаргах саналгүй байна. Хохирлыг төлж барагдуулсан. Үйлдэл төгссөн хугацаагаар хохирол тооцно гэж байгаа. Хохирлын тооцоо гаргаж өгсөн. Энэ хохирлыг төлж барагдуулсан 88.066.000 төгрөгийг хувь тэнцүүлэн төлж барагдуулсан. Өмгөөллийн хөлс 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаатай холбоотой улсын яллагчийн тайлбартай адил саналтай байна. Өмгөөллийн зардал хохиролд тооцогдохгүй. 2017 онд батлагдсан 181 дугаартай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журмыг баталсан байдаг. Энэ журмын 6.6-д зааснаар өмгөөллийн хөлс хамаарахгүй байгаа хохирогчийн шинээр нэхэмжилсэн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хавтаст хэргийн 21-26 дугаар хуудаст авагдсан баримтаар 2020 оны 12 дугаар сараас хойш шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж эхэлсэн. Үүнтэй холбоотой өөрт оногдох хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг хохиролд тооцох эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Тухайн үед гарсан хохирол тогтоогдсон. Энэ нь хэргийн бодит хохирол юм. Хохирогчийн өмгөөлөгчийн шинээр нэхэмжилж байгаа хохирол, өмгөөллийн хөлс зэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Өмгөөллийн компанийн 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа баримтаа гаргаж байна. Манай компани Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг. Шүүгдэгч нар манай компанид 2015 оноос хойш ажиллаж байсан. Харин Б ын хувьд манай компанитай түлш тээвэрлэх ажлыг гэрээгээр хийж байсан. Манай компанийн захирал санхүүгийн шалгалт хийх зөвлөмж өгсөн. Манай компанид ирэх түлш хэмжээнийхээ дагуу ирээгүй. Шалгалт хийхэд түлш маш их хэмжээгээр зөрж байсан. 2020 оны 03 дугаар сараас 6 удаагийн үйлдлээр 189.200 литр түлш манай компанид орж ирэх байсан нь ирээгүй байсан. Үүнийг мэдээд шүүгдэгч нартай ярилцлага хийсэн. Тухайн үед шүүгдэгч нар түлш хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч бид хуулийн байгууллагад хандсан. Тухайн үед 249.197.200 төгрөгийн хохирол учирсан. Энэ хэрэг 2020 оны 3 дугаар сараас эхлэн үйлдэгдсэн бөгөөд өнөөдөр дизель түлшний үнэ өсөж 1 литр нь 3500 төгрөг болсон байна. Хэрэв энэ хэрэг үйлдэгдээгүй байсан бол манай компанид хохирол үүсэхгүй байсан. Тиймээс манай компани 189.200 литр түлшийг 3430 төгрөгийн ханшаар тооцоход тухайн үеийн түлшний ханшийг одоогийн ханшаар тооцвол 648.956.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 249.197.200 төгрөгийг шүүгдэгч нар төлж барагдуулсан тул хасаж үлдэгдэл 399.758.800 төгрөгийг шүүгдэгч тус бүрд хувааж нэг шүүгдэгчээс 133.933.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмгөөллийн хөлс 40.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Нэг шүүгдэгчээс 13.333.333 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай компани бол гадаадын хөрөнгө оруулалттай, Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж орон нутагт ажлын байр бий болгож, орон нутгийн иргэдийг ажилд авч ирсэн. Гэтэл ажилчид нь компанийнхаа эсрэг байдаг. Энэ нь компанийнхаа хөрөнгийг нь завших хулгайлах үйлдэл даамжирсаар гэмт хэрэгт холбогдож байна. Гэхдээ шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нь харагдаж байна. Иймд та нар энэ салбарынхаа хүмүүст ийм хэрэг хийж болохгүй, ямар хор уршигтай талаар цааш нь сануулж хэлж өгөхгүй бол нийгмийн нөхцөл байдлаас болж хууль бус үйлдэл их байдаг. Энэ асуудлыг цаашид анхаарах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдэх үндэстэй, хохирогчийн өмгөөллийн хөлс, түлшний өнөөдрийн ханшаар тооцсон үнийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо төлж гэм буруугаа хүлээж гэмшиж байгааг харгалзан үзнэ үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Шүүгдэгч Н.Б  нь “... ” ХХК-ийн нефть хангамжийн инженер ажилтай Э.Б , шатахуун хангамж ба чанарын зохицуулагч ажилтай Б.Б  нарт гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн тус компанид шатахуун нийлүүлэх гэрээ бүхий Баян-Өлгий аймагт үйл  ажиллагаа явуулдаг “... ” ХХК, ... ХХК, “... а” ХХК-с дизель түлш авч тус компанийн Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг уурхай руу тээвэрлэх явцдаа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн үйлдлээр 189.200 литр дизель түлшийг завшиж, нийт 249.197.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад “...  ” ХХК-ийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа хавсаргаж өгсөн баримтууд,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.А гийн өгсөн “...Миний бие “...” ” ХХК-д хуулийн хэлтсийн хуульч ажилтай бөгөөд манай компанийн Завхан аймаг Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний орд газарт түлшний хяналт хариуцсан нэр бүхий хүмүүс нь манай байгууллагад гэрээгээр түлш нийлүүлдэг газраас ирсэн түлшийг үйлдвэрийн бүсэд оруулалгүй хүлээн авсан мэт тэмдэглэл бүртгэлийг үйлдэж бусадтай бүлэглэн их хэмжээний хохирол учруулж байгууллагын эд хөрөнгийг завшсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 210-211/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.С гийн өгсөн “...Ерөнхий захирал Э 2020 оны 11 дүгээр сарын эхээр уурхай дээр ирээд “...Уурхай руу уурхай руу ирдэг түлш бүрэн ирэхгүй байна, шалган нэвтрүүлэхийн орсон гарсан бүртгэлийг шалгаадах гэж хэлсэн. Миний бие шалган нэвтрүүлэхийн бүртгэл, шатахуун түгээхийн харуулын бүртгэл, компанийн инженерүүдийн түлш хүлээн авсан баримт, нийлүүлэгч компаниас түлш нийлүүлсэн баримт зэргийг тулгаж үзэхэд 2020 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 6 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхийн орсон, гарсан бүртгэл зөрсөн. Дээрх 6 тээврийн хэрэгслийн хүлээж авсан түлшний баримт дээр Н.Б  гэж хүн түлш хүлээлгэж өгсөн мэтээр гарын үсэг зурсан байсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр уурхайг ахалж байсан Т бид 2 түлшний инженер Б , Б  нартай уулзаж тодруулж асуухад түлш нийлүүлсэн компаниас манайх уурхай руу явуулсан түлшийг уурхай руу оруулахгүйгээр Б  жолоочтой тохиролцоод хот руу аваачиж зардаг байсан. Мөн уурхай дээр нийлүүлэгч компаниас явуулсан түлшийг бүрэн хүлээж авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, санхүүгийн алба руу явуулдаг байсан гэж хэлснийг ярилцлагын тэмдэглэл болгож бичиж авсан. Мөн уурхай руу оруулаагүй түлшээ сарын сүүлээр санхүүгийн албатай хэрхэн тулгалт хийдэг байсан талаар асуухад түлшийг шатахуун түгээгүүрээс генетраторуудыг автоматаар шахаж цэнэглэх үед түлшний тоолуурыг хий гүйлгээд түлшийг шахсан мэтээр тоолуурыг хий гүйлгээд түлшийг шахсан мэтээр тоолуурыг тааруулдаг байсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл манай компанийн шатахуун хангамж, чанарын зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг Б , Б  нар нь түлш нийлүүлэгч компанийн жолооч Б той тохиролцож дээрх үйлдлийг хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Гантулгын өгсөн “...Манай “...” ХХК нь “... ” ХХК-тай 2020 оны 03 дугаар сараас эхлэн гэрээт хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ уурхайн түлшний агуулах, түгээгүүрийн аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  “... ” ХХК-с 6 удаагийн түлш буулгалтын талаарх бүртгэлийн мэдээллийг шалгуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 08 дугаар сарын 07-ны өдөр, 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ...Е, ...УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь түлш буулгаагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э ийн өгсөн “...Б , Б  нар нь манай байгууллагад түлшний нярваар ажиллаж байсан бөгөөд уурхайд түлш буулгахаар ирсэн машинуудыг ирж хүлээж аваад гүпэрлэж авч явдаг байсан. Б ыг бол танихгүй бөгөөд хууль бус зүйл санал болгож, нөлөөлөх гэж оролдсон зүйл байхгүй. Уурхай руу орж байгаа бүх түлшний машинуудыг дээрх хүмүүс шалган дээр ирж авч явдаг байсан. Хэзээ ямар дугаартай машинтай, хэн гэдэг жолоочоос түлш хүлээж авч байсныг одоо санахгүй байна. Түлш тээвэрлэж ирсэн бүх машинуудыг шалган дээрээс хүлээж авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ц ын өгсөн “...Би тус уурхайн түлшний няравын албан тушаалд 2020 оны 04 дүгээр сараас эхлэн ажилласан. Б , Б  нар нь өөрсдөө тооцоо баримтыг гаргаж, харин би түлш хэмжих зэрэгт нь тусалдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108/-р тал,

            “... ” ХХК-ийн түлшний агуулах, шатахуун түгээх станцын ажилтны ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 237-243/-р тал,

            “... ” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирлын тушаал, Б ийн Б ыг “түлшний хяналтын инженерийн ажил, албан тушаалд томилох тухай тушаал, шийдвэр /1-р хх-ийн 245/-р тал,

            “... ” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирлын тушаал, Э ийн Б ыг “түлшний хяналтын инженерийн ажил, албан тушаалд томилох тухай тушаал, шийдвэр /1-р хх-ийн 244/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б ын гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сараас эхлээд Б , Б  нарын хамт Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажлын байран дээрээ байхдаа тоглоомоор түлш илүү гаргаж, худалдан борлуулах талаар ярилцсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг хийгээд үзвэл яадаг бол гээд 03 дугаар сард анх хийж үзсэн. Ингээд эхний удаа Б ын машины багтаамж 30 орчим мянган литрийн багтаамжтай байсан шатахууныг компанид орлогоор авсанд тооцож Б од өгч явуулан худалдан борлуулаад ашиг гэж 10 орчим сая төгрөг авсан. Ингээд дээрх байдлаараа 09 сар хүртэл хийгээд дахин хийхээ болсон. Ойролцоогоор дээрх хугацаанд 6 удаа 180 орчим мянган литр түлшийг компанид нийлүүлсэн мэт болгож, түлшийг оруулалгүй цааш зарж борлуулсан. Н.Б  түлшийг зарж борлуулдаг байсан, яг хаана, хэнд зарж байсныг бол мэдэхгүй. Түлш зарсныхаа дараа мөнгө хувааж авдаг байсан бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Энэ хэрэгт Ерлан гэж жолооч ямар ч хамаагүй. Манай байгууллагад орлогоор авсан гэх Б ын паданыг Ерланд Б од өгөөрэй гэж өгөхдөө гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б ын гэрчээр өгсөн “...Би том аврын шатахуун, түлш тээврийн ...Е, ...УБҮ, ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшдэг. Миний хувьд “...” ” ХХК-ийн ажилтан биш бөгөөд тухайн компанид түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн нэр бүхий компанитай гэрээ хийж тээвэрлэлтийг нь хариуцдаг байсан. 2019 оноос эхлэн Баян-Өлгий аймагт байрлах “... ” ХХК, “... ” ХХК, “...  ” ХХК зэрэг түлш импортлогч газруудаас авч “...” ” ХХК-д хүргэж өгдөг байсан. Ингэхдээ өөрийн эзэмшлийн дээрх тээврийн хэрэгслүүдээр явж байсан. 2020 оны 02 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг “...” ” ХХК-ийн ачаа буулгалтын хэсэгт Б , Б  нартай ярилцаж байхад “...Тэр хоёрын зүгээс түлш гаргавал яах уу гэж ярьж байсан, эхлээд тоглоом, шоглоомоор ярьж байсан. Дараа нь 2020 оны 03 дугаар сард намайг ачаа ачаад очиж байхад над руу Б  залгаад “...Та наад ачаа зарчих...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би болох юм уу гэж асуухад “...Та асуудалгүй бол бид 2 асуудалгүй...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтай түлшээ Улаанбаатар хотод ДЦС-4 урд байрладаг, том оврын машин зогсдог хэсэгт очоод зардаг байсан. Түлш зарсан мөнгөө бид 3 тэнцүү хувааж авсан. Би Б , Б  нарыг ажлаасаа бууж ирэхэд нь уулзаад бэлэн мөнгө өгдөг байсан. Нийт 6 удаа дээрх байдлаар 180.000 орчим литр түлш худалдаж, хүн бүр 50-60 орчим сая төгрөг авсан байх. Э  гэх хүн нь миний авах ёстой түлшний паданыг надад авчирч өгдөг байсан. Тэрнээс биш энэ хэрэгт ямар ч хамааралгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б ын өгсөн “...Өнгөрсөн оны 03 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд Б , Б  нартай ярилцаж тохиролцоод “...  ” ХХК-д түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн компаниас нийлүүлж буй ачааг компанийн буулгах хэсэгт буулгахгүйгээр хүлээн авснаар бүртгэлд оруулдаг. Улмаар тухайн ачааг жолооч Б  өөр газар худалдан борлуулж мөнгийг нь бид 3 хувааж авдаг байсан. Ингэхдээ түлш худалдсан мөнгөө бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/-р тал,

            “...  ” ХХК-ийн “... ” ХХК, “... а” ХХК, “...” ХХК, ... ХХК-иудтай байгуулсан түлш нийлүүлэх тухай гэрээ /2-р хх-ийн 147-171/-р тал,

            Н.Б ын “...  ” ХХК, “... ” ХХК, “...” ХХК, “... ” ХХК-иудтай байгуулсан шатахуун тээвэрлэлтийн гэрээ /2-р хх-ийн 173-186/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б ын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, асуух болон ойлгомжгүй зүйл байхгүй, би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-116/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б ын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, асуух болон ойлгомжгүй зүйл байхгүй, би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б ын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, асуух болон ойлгомжгүй зүйл байхгүй, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн түлшийг ДЦС 4-ийн урд байрладаг том оврын машин зогсдог хэсэгт очиж зардаг байсан. Нэг литрийг нь 900-1100 төгрөгийг хооронд зардаг байсан. Учирсан хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-142/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.

Шүүгдэгч “... ”  ХХК-ийн нефть хангамжийн инженер ажилтай Э.Б , шатахуун хангамж ба чанарын зохицуулагч ажилтай Б.Б  нарт гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн тус компанид шатахуун нийлүүлэх гэрээ бүхий Баян-Өлгий аймагт үйл  ажиллагаа явуулдаг “... ” ХХК, ... ХХК, “... а” ХХК-с дизель түлш авч тус компанийн Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг уурхай руу тээвэрлэх явцдаа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн үйлдлээр 189.200 литр дизель түлшийг завшиж, нийт 249.197.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Б , Б.Б  нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б , Б.Б  нар нь бүлэглэн “... ”  ХХК-ийн уурхайд хэрэглэх түлшийг тээвэрлэлтийн явцад жолооч шүүгдэгч Н.Б той бүлэглэж захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг олох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр дур мэдэн зарж борлуулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Б , Н.Б , Б.Б  нар нь өөрсдийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Б.Б , Э.Б  нарыг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Н.Б ыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

            Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Н.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 30.000 нэгж, шүүгдэгч Э.Б , Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 30.000 нэгжээр торгох ял огогдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх саналыг,

Шүүгдэгч Н.Б ын өмгөөлөгч н.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна. Анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг  үйлдсэн. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд төлөв даруу зантай. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналтай хүн байгаа. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000-15.000 нэгжээр торгож хэсэгчлэн 3 жилийн хугацаанд төлүүлж өгнө үү ...” гэх саналыг,  

Шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч Ц.Амар шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “:..Миний үйлчлүүлэгч хохирол төлсөн нь ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл болж байна. Ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрөө гэмт үйлдлээсээ татгалзсан. Гэмт хэрэг илэрснээс хойш өөрийн мэдүүлгээ үнэн зөвөөр тайлбарлан мэдүүлж дахин гэмт хэрэг гарахаас сэргийлсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ажилд орж хохирол төлбөрийг төлж барагдуулж явсан. Эхнэр, 2-11 насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар 12.000 нэгжээр торгож, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү...” гэх саналыг,  

Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд эхнэр, 1-8 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Эцэг, эхийн өвлүүлж өгсөн хөрөнгөөрөө өнөөдрийн хохирлоо төлж барагдуулсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хор хохирлоо барагдуулахын тулд ажилд орж сарын 800.000 төгрөгийн орлоготой болж хохирлоо төлөхөд нэмэр болсон. Улсын яллагчийн торгуулийн ялын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 12.000 нэгжээр торгох ял оногдуулах уг ялыг 3 жилийн хугацаагаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү ...” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар  “... Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн зохион байгуулалттай гэм хорыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна...” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн, санал хүсэлт гаргаагүй болно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн...” бол, 2.2 дахь хэсэгт “...бусдад  ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б , Б.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Н.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Э.Б , Б.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ,2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Н.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б , Н.Б , Б.Б   нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулах нь зүйтэй .

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Манай компани 189.200 литр түлшийг 3430 төгрөгийн ханшаар тооцоход тухайн үеийн түлшний ханшийг одоогийн ханшаар тооцвол 648.956.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 249.197.200 төгрөгийг шүүгдэгч нар төлж барагдуулсан тул хасаж үлдэгдэл 399.758.800 төгрөгийг шүүгдэгч тус бүрд хувааж нэг шүүгдэгчээс 133.933.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмгөөллийн хөлс 40.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Нэг шүүгдэгчээс 13.333.333 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэх тайлбарыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдэх үндэстэй, хохирогчийн өмгөөллийн хөлс, түлшний өнөөдрийн ханшаар тооцсон үнийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй...” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтаас харвал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан түлшний үнийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн бус өнөөдрийн ханшаар тооцон нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь “... ”  ХХК-д тухайн үеийн ханшаар 249.197.200 төгрөгийн бодит  хохирол учирсан болох нь тогтоогдож улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүгдэгч нарын хувьд дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ханшийн зөрүүд нэхэмжилсэн 399.758.800  төгрөгийн нэхэмжлэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэх заалттай нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “...Өмгөөллийн хөлс нэхэмжилж байна...” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх нь хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авах эсэх асуудал нь хуульд тусгайлан заагаагүй бол тухайн хүн, хуулийн этгээдийн хувьд өөрсдийнх нь эрхийн асуудал бөгөөд шүүх эрхийнхээ хүрээнд авсан өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохиролд тооцон гаргуулах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.  

Харин хохирогч байгууллагын зүгээс өмгөөлөгчийн хөлстэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.Б , Б.Б , Н.Б  нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт Б ын Б , Б  овогт Э ийн Б  нарыг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ч овогт Н ийн Б ыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б , Э.Б  нарт тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б од 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгон ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Э.Б , Н.Б  нарт хоногдуулсан 12.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Э.Б , Н.Б  нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б , Э.Б , Н.Б  нар нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч “... ” ХХК-ийн нэхэмжлэлээс ханшийн зөрүүд тооцсон буюу 399.758.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч “... ” ХХК нь өмгөөлөгчийн хөлстэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүд болох Б.Б , Э.Б , Н.Б  нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Э.Б , Н.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР