Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1023

 

  2022         06          30                                  2022/ШЦТ/1023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00000 2089 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын үйлчилгээний төвийн караокены гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 2, 3-р шүдний булгарал буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, 

- Хохирогч Д.Б-ын..”Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 20-ний орой 20 цагийн үед Төв аймгаас хотод орж ирээд Алтанбагана гэх нэртэй “Алтайн борнурууд” компанид кранист хийдэг залууг 21 цагийн үед дуудаж Жуковын доор байрлах “Apple” гэх нэртэй пабад уулзсан чинь Алтанбаганатай цуг О хүрээд ирсэн. Тэр газар бид 3 цуг суугаад 6 ширхэг лаазтай Сэнгүр пиво уугаад сууж байгаад Сансарын караоке оръё, эндээс гаръя гээд гараад Сансарын тэнд байх караокед 23 цагийн үед бид 3 цуг орсон. Тэгээд шөнийн 3 цаг хүртэл тэр караокед байж байгаад “караоке хаалаа” гэхээр нь гараад Сансарын түнелээр доошоо шатаар алхаад явж байтал О намайг цохиод авахаар нь би “чи яаж байгаа юм” гэж хэлсэн чинь О надад хандан “чам шиг гөлөг бол ядаргаа байна шүү” гэж хэлэхээр нь бид 2 барьдалдаад авсан. Тэгсэн Алтанбагана хүрч ирээд “хүүе та 2 яаж байна” гээд бид хоёрыг салгасан...Би анх Алтанбаганатай “Apple” пабад О-г ирэхэд нь “чи яах гэж ирсэн юм” гээд хэлсэн юм. Тэрнээс болоод юм санаад согтсоны дараа тийм үйлдэл гаргасан юм шиг байна. Намайг цохиж байхдаа “гөлөг минь, чи бол ёстой ядаргаа байна шүү” л гээд байсан. Урьд өмнө бид хоёр маргалдаж янз бүр болж байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Гэрч А.А..”Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажпаа тараад гэртээ харихаар болоод харихдаа ажпын найз О-н хамт байж байсан чинь өмнө хамт ажиллаж байсан Батболд гэх хүн над руу залгаад хаана байгаа юм гэж асуухаар нь би гэртээ харьж байна гэсэн чинь хүрээд ирээч уулзъя гэж хэлсний дагуу би О-г дагуулаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах пабад очиход Батболд нь ганцаараа шар айраг уугаад сууж байсан харин О бид хоёр уулзаад хажууд нь суусан чинь Б надад хандаж хэлэхдээ чамтай ажил ярих гэж байсан юм яах гэж О-г авчирсан юм гэх мэтээр хэлээд байсан тэгээд бид хоёр нээх юм бодолгүй хамт сууж байгаад тухайн газраасаа гараад хамт караоке оръе гээд бид 3 хамтдаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын түнель дээр байрлах караоке орсон. Тэгээд тухайн газраа бид 3 үйлчлүүлж байгаад нэлээн орой гарсан. Гадаа гараад бид хоёр тамхи татаад зогсож байгаад би бие засах гээд ойрхон яваад ирсэн чинь Б, О нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Би маргааныг салгаад хооронд нь эвлэрүүлээд гар бариулаад тухайн газраас бид 3 такси бариад О-г хүргэж өгөөд Батболд бид хоёр буцаад явсан өөр зүйл болоогүй. Би шээх гээд явсан байсан шээж дуусаад очоод маргааныг салгаснаас хойш Б О нар хоорондын биедээ халдаагүй намайг байхгүй байхад Б-ын биед О халдсан гэсэн би хэрхэн яаж халдсан талаар мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7503 дугаартай “..Д.Б-ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 2, 3-р шүдний булгарал буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын үйлчилгээний төвийн караокены гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 2, 3-р шүдний булгарал буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна. 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7503 дугаартай “..Д.Б-ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 2, 3-р шүдний булгарал буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Иймд хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч нь хохиролд 300.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ээс хохирогчид учруулсан төлбөрт 300,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээр  тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт  *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Днь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг  тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.АЮУШЖАВ