Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Ө-т холбогдох 370.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2018 оны 07 сарын 25-ны орой 11 цагт найз Г , С нарын хамт архи зардаг Л.Ө хүүхнээс 2 гар утас тавьж 0,75 литрийн Хараа архи 1 ширхэг, пиво 1 ширхэг, ундаа /кола/ 1 ширхэг авч нийт 34000 төгрөгийн үнэтэй юм авсан. Маргааш 9 цаг 30 минутад авъя гэж тохироод 10 цагт очсон боловч зарсан гээд өгсөнгүй. Дараа 7 сарын 27-ны өдөр эгч А-ын хамт Л.Ө-тай уулзаад утсаа авъя гэсэн чинь зарсан яадаг юм цагдаа шүүх хэн ч яаж чадахгүй би танил талтай хүн гээд элдвээр доромжилсон. Иймд Л.Ө намайг хохироож байгаа тул утасны төлбөрийн 370.000  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э  надаас 370.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ хүн надад Ми-5а гэдэг утас тавиагүй. Э  нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой миний утас руу утасдаж архи байна уу юм тавих гэсэн юм гэхээр нь би архи байхгүй гэсэн чинь байн байн утасдаад байсан. Тэгэхээр нь би утсаа унтраасан. Тэгтэл төд удалгүй нэг шар залуу ганцаараа орж ирээд утас тавьж архи авъя гэсэн. Би архи байхгүй гэсэн чинь тэгвэл мөнгө авъя гэсэн хэдэн төгрөг гэсэн чинь 35.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн надад 35.000 төгрөг хүрэхгүй байсан болохоор хоёр утсыг нь авч 34.000 төгрөг өгсөн нь үнэн. Хар өнгийн Samsung 1 ширхэг, Nokia 2 сим ордог Sky юнител, моби ордог хоёр утас тавьж 34.000 төгрөг авсан нь үнэн. Би цагтаа авахгүй бол шууд зарна шүү гэж ам өчгийг нь авч 34.000 төгрөг өгсөн. Э  нь өөрөө хэл ам хийхгүй зархад гомдолгүй гэж хэлж гарын үсгээ зурж 34.000 төгрөг авсан. Э  нь маргааш өглөө 10.00 цагт авна гэснээ аваагүй нөгөөдөр орой нь манай байранд байдаг нэг залуутай хоёулаа орж ирж утсаа авъя гэхээр нь би утсыг чинь зарсан гэж хэлсэн. Би үнэхээр 3-4 хоног хүлээсэн. Би хүнээс хүүтэй мөнгө зээлсэн болохоор нь 50.000 төгрөгөөр зарсан нь үнэн” гэжээ.

Хариуцагч Л.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Э аас Mi-5а маркийн утас аваагүй. Ийм утастай энэ хүн орж ирээгүй. Дараа нь манайд ганцаараа орж ирсэн. Тэгээд надад Nokia утас болон Samsung Sky гар утас тавиад юм авъя гэсэн. Надад мөнгө хэрэг болоод Samsung Sky утсыг 50.000 төгрөгөөр зарсан харин нөгөө Nokia утас нь байгаа. Э  гэдэг хүн худлаа ярьж байна. Шаардлагатай гэвэл энэ хоёр утсыг нь буцааж өгч болно” гэв.

 

                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Л.Ө холбогдуулан 370.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Mi-5a гэх гар утас тавьж архи аваагүй, харин Nokia болон Samsung Sky гэх хоёр утас барьцаанд тавьж 34.000 төгрөг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.  

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хоёр ширхэг гар утсыг хариуцагч Л.Ө барьцаалан түүнээс 34.000 төгрөг зээлжээ. /нэхэмжлэгчийн тайлбараар/ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т заасан гэрээ байгуулах санал болон хүлээн зөвшөөрөх санал байна. Ийнхүү гэрээ байгуулах санал болон саналын хариу байгаа тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эд зүйлийг барьцаалж мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.  

Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч М.Солонгийн мэдүүлэгт “...Намайг Л.Ө гэрт ороод сууж байтал нэг залуу орж ирээд архи байна уу гэхэд Л.Ө архи байхгүй ээ гэсэн. Тэгээд тэр залуу гараад буцаж орж ирээд Samsung, Sky гэсэн хоёр утас тавиад архи авъя байхгүй бол энэ утасыг маань аваад надад 34.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд Л.Ө маргааш 09 цаг 30 минут гэж авахгүй бол утас чинь зарагдана шүү гэж хэлээд өөрийнхөө хүү болон миний дэргэд тэр залууд 34.000 төгрөг тоолж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 21-22 хуу/, “Баяраа нь утас тавьж 34.000 төгрөг авав. Маргааш өглөө 9.30-д авахгүй бол зарахад гомдолгүй хэл ам хийхгүй” гэх гарын үсэг зуралцсан дэвтрийн цаасан дээр бичсэн бичиг /хх-н 15/ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Samsung Sky, Nokia маркийн гар утсаа барьцаалж хариуцагчаас 34.000 төгрөг зээлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч талаас няцаасан нотлох баримтыг ирүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Mi-5a маркийн 310.000 төгрөгийн гар утас барьцаалан зээл авсан болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчээс хэрэгт Mi-5a маркийн гар утсыг 310.000 төгрөгөөр худалдан авсан талаарх баталгааны хуудсыг ирүүлсэн боловч энэ нь тус утсыг хариуцагчид барьцаалсан гэдийг нотлох баримт биш юм. Мөн шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нь Nokia, Samsung маркийн хоёр гар утас нь одоо надад байгаа нэхэмжлэгч хүссэн тохиолдолд өгч болно гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрийн хүсэл зоригийг илэрхийлээгүй тул дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Э ын нэхэмжлэлтэй Л.Өлзийбаярт холбогдох 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 11750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                               Р.БАТБАЯР