Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/798

 

2022         8             08                                      2022/ШЦТ/798

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0768/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

улсын яллагч П.Уранбайгаль,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

шүүгдэгч Э.О (өөрийгөө өмгөөлж) оролцсон тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн 2203003360341 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “...” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,Э.О /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.О нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Спортын Төв ордны баруун замд Э.Э-н эзэмшлийн “Тоёота Кроун” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.Замын тэмдэглэл 1.3.(үргэлжилсэн хос шугам) – дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд  хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4. 1.1-1.3, 1.15.а- 1.15.в тэмэдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Ү-ийн жолоодон явсан “Yamaha.WR155R” маркийн 73-93 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч 30 настай, эрэгтэй Б.Ү-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн мотоциклийн эвдрэлд нийт 390.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийг 430.000 төгрөгөөр шинжилгээнд оруулсан бөгөөд мөн эмчилгээ хохиролд нь 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг нэмж өгсөн” гэв.

Хавтаст хэргээс:

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал)

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 30 минут, Э.О-г драггер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дэх тал)

Хохирогч Б.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө эрт гэрээсээ гараад ажил руугаа явах гээд Ямаха маркийн ... улсын дугаартай мотоциклоо жолоодоод спортын төв ордны баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр спортын төв ордны Туушин руу явдаг уулзвараар зүүн гар тийш эргэх гээд явж байтал миний урд талд явж байсан Кроун маркийн машин  зорчих хэсгийн 1-2-р эгнээг голлоод явж байсан. Тэгээд хажуугаар зай байхаар нь чигээрээ явах гэтэл гэнэт машин зорчих хэсгийн голын үргэлжилсэн шугамыг даваад зүүн гар тийш эргэхээр нь би рүүлээ зүүн тал руу дараад хажуугаар нь гарах гэтэл миний мотоциклийн хойд дугуй руу машинтай зэрэгцэж ирэх үед огцом зүүн тал руугаа эргэх үйлдэл хийгээд дарсан”. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл: ... Б.Ү, үнэмлэхний дугаар 859..., жолооны үнэмлэхний төлөв- хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 2014/10/16, үнэмлэхний хүчинтэй огноо 2024/10/16, ангилал B (хавтаст хэргийн 21 дэх тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл: ... Э.О, үнэмлэхний дугаар  1183..., жолооны үнэмлэхний төлөв- хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 2017/09/19, үнэмлэхний хүчинтэй огноо 2027/09/20, зөрчлийн огноо 10, ангилал B (хавтаст хэргийн 118 дахь тал)

Мөрдөгчийн: “…мотоциклийн жолооч Б.Ү нь А ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул жолооч Б.Ү-г 200 нэгжээр торгож торгуулийн арга хэмжээг авхуулсан болохыг тэмдэглэл болгон бичлээ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Гэрч Д.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би нөхөр Э.О-той хамт ажил руугаа явах гээд Спортын төв ордны баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад ажлын гадаа зогсоол харагдахаар нь машинаа тавих гээд Э.О зүүн гар тийш буцаж эргэх гэтэл хойноос ирж байсан мотоциклтой мөргөлдчихсөн. Тухайн газарт эргэх үйлдэл хийхийг зөвшөөрөөгүй газар байсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн гаргасан: “1. Б.Ү-ийн биед зүүн тавхай, зүүн тавхайн 2-р шивнүүрийн далд хугарал, дагзны хуйх, зүүн өлмий, тавхайд зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн өвдөг, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаааар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8663 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

“...” ХХК-ийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  14893 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: эзэмшигчийн нэр: Б.Ү, үйлдвэр, загвар-Yamaha WR155R8улсын дугаар ... үнэлгээгээр тогтоогдсон дүн 390.500 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал)

Мөрдөгчийн магадалгаа: 1.Жолооч Б.Ү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан бус зөрчлийн шинжтэй үйлдэл байна. 2.Жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1. Замын тэмдэглэл 1.3. (үргэлжилсэн хос шугам) –дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийг өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх хангалттай үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 97 дахь тал)

Яллагдагч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би ...гэрээсээ гараад ажил руугаа явах гээд Спортын төв ордны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо байх чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байгаад зорчих хэсгийн эсрэг урсгалд байх автобусны буудлын харалдаа замд буцаж эргэх үйлдэл хийгээд эргэтэл миний араас явж байсан мотоциклтой хүн зүүн талаар явж өнгөрөх үед нь би мотоциклийн хойд дугуйг нь шүргээд тухайн мотоциклтой хүн газар унасан. Тэгээд машинаас буугаад тухайн хүн дээр очиж биеийн байдлыг асуусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэм буруугийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Э.О нь 2022.06.13-ны өдрийн өглөөний 08 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Спортын Төв ордоны баруун замд иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Э.Э-н эзэмшлийн Тоёота Кроун маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1. Замын тэмдэглэл 1.3.(үргэлжилсэн хос шугам) – дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд  хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4. 1.1-1.3, 1.15.а- 1.15.в тэмэдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Ү-ийн жолоодон явсан “Yamaha.WR155R” маркийн ... улсын дугаартай мотоциклийг мөргөж осол гарган хохирогч Б.Ү-ийн эрүүл мэндэд зүүн тавхай, зүүн тавхайн 2-р шивнүүрийн далд хугарал, дагзны хуйх, зүүн өлмий, тавхайд зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн өвдөг, ташаанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн мотоциклийн эвдрэлд нийт 390.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр энэ осол хэрэг болоход хохирогч Б.Ү-ийн хувьд А ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй ч мотоцикл жолоодсон буруутай үйл ажиллагаа байгаа боловч ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.Замын тэмдэглэл 1.3.(үргэлжилсэн хос шугам) – дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд  хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4. 1.1-1.3, 1.15.а- 1.15.в тэмэдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх үзлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Э.О нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Э.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Э.О нь хохирогч Б.Ү-д эмчилгээний зардал болон хохиролд тооцон нийт 2.230.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Ү нь “одоо шүүгдэгчид гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” /хх-125/ гэсэн тул шүүгдэгч Э.О-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Ү нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг түүнээс нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх  зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.О-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 2.230.000 төгрөг төлж барагдуулсан ба шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Ү нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР