Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 182/2020/02156/И |
Дугаар | 001/ХТ2021/00702 |
Огноо | 2021-06-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00702
С.Болдбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/02308 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2398 дугаар магадлалтай,
С.Болдбаатарын нэхэмжлэлтэй,
Лэндмн ББСБ ХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулалд 170,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямжав, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч С.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019.10.24-ний өдөр Лэндмн ББСБ ХК-ийн тусгай активын албанд хуулийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Энэ ажлыг сайн хийж чадна гэвэл цалин дээр нэмээд урамшуулал өгнө гэж хэлж байсан. Би Лэндмн ББСБ ХК-д туршилтын 3 сарын хугацаанд 3 нэр бүхий зээлдэгч эрэн сурвалжлуулахаар өгч, 53 нэр бүхий зээлдэгчийн 20,676,477 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн ажиллагаанд 64 зээлдэгчийн хэрэг шүүхээр хянагдаж, 50 зээлдэгчийн баримтыг цуглуулж шүүхэд өгөхөд бэлэн болгосон. Нийт 170 нэр бүхий зээлдэгч нартай итгэмжлэлд заасан ажлыг ганцаараа хийж гүйцэтгэсэн болно. 2020.01.28-ны өдрийн 16 цаг 30 минутанд болсон тайлангийн хуралд надад шагнал урамшуулал олгох асуудлыг хэлэлцэж ажлаас халахад шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 182/ШШ2020/00884 дугаар шийдвэрээр намайг Лэндмн ББСБ ХК-ийн тусгай активын албаны хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Лэндмн ББСБ ХК-аас 1,583,188 төгрөг гаргуулж, надад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдсэн боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй. 2020.05.25-ны өдөр компаниас удаа дараа утсаар дуудахад очсон. Лэндмн ББСБ ХК дээр очиход хүний нөөцийн мэргэжилтэн н.Болор-Эрдэнэ, хуулийн зөвлөх М.Нямжав нар та өөрийн хүсэлтээр ажлаа өг, хэрэв өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй бол танд ажил өгөхгүй, таны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхгүй, мөн өмнөх сарын цалин өгөхгүй гэж хэлсэн. Уг өдөр ажилд томилсон тушаалыг танилцуулаагүй. Миний бие аргагүйн эрхэнд тус дүүргийн шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Хариуцагч Лэндмн ББСБ ХК-ийн 2020.05.22-ны өдөр №2020/60 тоот гүйцэтгэх захирлын ажилд авах тушаалыг мөн сарын 29-ний өдрийн орой 18 цагт Монгол шуудан ХК-аас өгсөн. Уг тушаалыг аваад Лэндмн ББСБ ХК-ийн ажлын байранд очтол мөн оны 6 дугаар сарын 02-04-ний өдрийг хүртэл хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлэх гэтэл бүртгэх боломжгүй байна гээд ажлын оффис руу нэвтэрч чадаагүй. Хүсэлт болон амаар удаа дараа мэдэгдсэн ч хүлээж аваагүй. 2020.06.04-ний өдрийн №06/08 тоот ажлаас чөлөөлсөн хариу мэдэгдэх хүргүүлэх баримтыг мөн сарын 10-ны өдөр Монгол шуудан ХК-ийн 23 дугаар салбараас хүлээж авсан болно. Иймд ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Лэндмн ББСБ ХК-иас 170 зээлдэгчийн нэг хэрэг тус бүрийг 1,000,000 төгрөгөөр бодож урамшуулалд 170,000,000 төгрөг нэхэмжилж байна. 2019.10.24-ний өдөр Лэндмн ББСБ ХК нь ажлаа сайн хийж гүйцэтгэвэл урамшуулал өгнө гэж амласан. 2020.01.28-ны өдрийн тайлангийн хуралд надад урамшуулал олгох асуудлыг хэлэлцсэн. Нэг хэрэгт өмгөөлөгч 1,000,000 төгрөгөөс доошгүй үнээр ажил үйлчилгээ явуулдаг гэх гэрээний саналаа удаа дараа Лэндмн ББСБ ХК-д хэлдэг байсан. Энэ саналд Лэндмн ББСБ ХК хариу ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 196.1.6, 196.1.7 болон мөн хуулийн 196.2 дах хэсэгт зааснаар энэ үүргээ биелүүлээгүй бол дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Би үүргээ зохих ёсоор шударгаар хугацаанд сайн гүйцэтгэсэн учраас Иргэний хуулийн 343.1, 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй. Иймд урамшуулалд 170,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020.04.23-ны өдрийн 182/ШШ2020/00884 дугаар шийдвэрийг сайн дураар хүндэтгэн биелүүлж, шүүхийн шийдвэрт заасны дагуу мөн оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/60 тоот тушаалаар С.Болдбаатарыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 43 өдрийн цалинтай тэнцэх олговор 1,583,188 төгрөгийг С.Болдбаатарын 5077445344 тоот ХААН банк ХХК дах данс руу шилжүүлсэн. Ажилд эгүүлэн томилсон тушаалыг С.Болдбаатарт мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шуудангаар хүргүүлж, тэрээр тушаалыг хүлээн авсан тухайгаа мөн сарын 29-ний өдөр бичгээр мэдэгдэж, хариу ирүүлсэн боловч мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Харин С.Болдбаатарын 2 удаа компанид ирүүлж байсан бичгээс нь үзвэл тэрээр шүүхийн шийдвэрт зааснаас илүү мөнгө буюу нийт 6,500,000 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгчээс ирүүлсэн хууль бус албан шаардлагын хариуд Лэндмн ББСБ ХК-ийн зүгээс мөн сарын 04-ний өдрийн 06/08 тоот хариу мэдэгдлийг хүргүүлсэн. Компанийн хувьд заавал хурууны хээ уншуулж оффис руу нэвтэрдэг зүйл байхгүй бөгөөд хурууны хээ уншдаг төхөөрөмж нь зөвхөн цаг бүртгэдэг болохоос оффис руү нэвтрүүлэх, эсхүл хязгаарлах хэрэгсэл биш юм. Түүнчлэн компани руу нэвтрэх хэсэгт хяналтын камертай бөгөөд С.Болдбаатар нь 2020.06 дугаар сарын 02-12-ны өдрийн хооронд /нийтээр амарсан баярын өдрүүд ороогүй болно/ ирээгүй болох нь камерын бичлэгээр давхар нотлогдоно. Нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй байсан тул 2020.06.12-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргаж С.Болдбаатарт шуудангаар мөн сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Харин С.Болдбаатар нь мөн сарын 23-ны өдөр шууданг хүлээн авахаас татгалзсан байдаг бөгөөд энэ талаар Монгол шуудан ХК-аас бидэнд хариу ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч С.Болдбаатар нь ажил олгогчтой үүссэн харилцааг ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн маргаан үүсгэх эрхгүй. Ажил олгогч нь С.Болдбаатарт хэрэг бүрт 1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор амласан зүйл байхгүй. Лэндмн ББСБ ХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Азжаргал нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчид нийгмийн даатгалын нөхөн тайланг 2020.06.10-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг тул тэр өдрөөс хойших нийгмийн даатгалын лавлагааг дахин авч үзвэл компани нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэдгийг үзэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 182/ШШ2020/02308 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан үндэслэлгүй тул шагнал урамшууллын мөнгө болох 170,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,200 /70,200+900,000+40,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2398 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 182/ШШ2020/02308 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Болдбаатарын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, урамшуулалд 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтыг хасаж, 3, 4 гэснийг 2, 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтыг үнэлээгүй шууд буруу шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 101 хуудсанд хэргийн хугацаа сунгасан нийт шүүгчдийн тогтоол дээр 2 шүүгчийн гарын үсэг зураагүй байсан нь ИХШХТ хуулийг зөрчсөн байдаг. ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-т зааснаар ... хавтас хэргийн 110 хуудсанд ... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.09.12-ны өдрийн №1014 тоот баримтаар миний даатгалын шимтгэлийг санд мэдээлэл оруулсан гэж баримт үйлджээ. ... Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүх рүү хэлэлцүүлэхээр буцаалгах хүсэлттэй байна. Миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай учраас урамшуулал авах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч С.Болдбаатар Лэндмн ББСБ ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулалд 170,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Болдбаатар 2019.10.24-ны өдрөөс 2020.01.24-ний өдрийг хүртэл 3 сарын туршилтын хугацаагаар Лэндмн ББСБ ХК-ийн тусгай активын албанд хуулийн мэргэжилтнээр ажилд орсон, улмаар 2020.01.28-ны өдөр ажил олгогч ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 182/ШШ2020/00884 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ.
Ажил олгогч 2020.05.22-ны өдрийн 2020/60 тоот тушаалаар С.Болдбаатарыг тусгай активын албаны хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн авч, энэ тухай тушаалыг 5 дугаар сарын 28-ны өдрийн шуудангаар хүргүүлэн, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,583,188 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.(хх-22-23)
Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг 2020.05.29-ний өдөр хүлээн авсан гэж С.Болдбаатар мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд болон шийдвэрт тусгагджээ. (хх-129-137)
Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосноор түүний хөдөлмөрийн харилцаа өмнө нь байгуулсан гэрээний нөхцөлөөр үргэлжлэх бөгөөд талуудыг байгуулсан 2019.10.24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5.2.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
С.Болдбаатар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буцаан авсан тухайг 5 дугаар сарын 29-ний өдөр мэдсэнээс хойш 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг тэрээр баримтаар няцааж үгүйсгээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд ажил дээр очсон боловч оффис руу нэвтэрч чадаагүй гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж камерт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч татгалзсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, ажил олгогчийн зүгээс ажилтны хөдөлмөрлөх эрхэд саад учруулсан байдал тогтоогдоогүй байна.
Иймд С.Болдбаатарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлд тохирсон гэж үзнэ.
Анхан шатны шүүх, хэргийн дээрх нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн дүгнэхгүйгээр өмнөх маргааныг шийдсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 182/ШШ2020/00884 шийдвэр биелэгдээгүй гэж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулан дүгнэж нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авсны дараа, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчил гаргасан гэж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байна.
2. Нэхэмжлэгч С.Болдбаатар нь 170 зээлдэгчийн хэрэг дээр ажилласан, хэрэг тус бүрийг 1,000,000 төгрөгөөр бодож урамшуулал тооцох санал хариуцагчид хэлж байсан гэж тайлбарлан 170,000,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
С.Болдбаатар нь 2019.10.24-ны өдөр 3 сарын туршилтын хугацаагаар Лэндмн ББСБ ХК-ийн тусгай активын албанд хуулийн мэргэжилтнээр анх ажилд орсноос өөрөөр гэрээний харилцаа үүсгэсэн, хөлс, урамшуулал авах талаар тохирсон баримт хэрэгт гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.Болдбаатар нь Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу ажлын хөлс гаргуулна гэж шаардах боловч энэ талаар тодорхой баримтгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй гэж үзнэ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгт авагдсан баримтанд үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч С.Болдбаатар нь хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаас үзэхэд тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох урамшуулалд 170,000,000 төгрөгийг гаргуулах тухайд улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй гэж тайлбарласнаас үзэхэд энэ талаар гомдол гаргаагүй байна гэж үзэв.
Хяналтын журмаар гаргасан гомдолд заасан анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлсэн, хэргийн хугацаа сунгасан нийт шүүгчдийн тогтоол дээр 2 шүүгчийн гарын үсэг зураагүй гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар хийсэн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг зөрчөөгүй байна.
Иймд хэргийн дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд ажлын хөлс урамшуулалд 170,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, шийдвэр, магадлалын дүгнэлт хуульд нийцжээ.
Харин нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүх алдаатай дүгнэлт хийж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх залруулан дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.2-д заасныг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2398 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ