Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч S, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Л.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Нэгж талбарын 2110001002, 2110001004 дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Л.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 116/2024/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Нэгж талбарын 2110001002, 2110001004 дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар шийдвэрээр: Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Газрын төлбөр тооцох итгэлцүүрийг Хэрлэн сумаас бусад сумдад тогтоогдсон 1%-иар тооцсоныг зөв гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 1 дэх заалт нь шүүх шийдвэрээ зарласан утгатай, 2-7-д хэргийн оролцогчдын маргаагүй, ойлгомжтой асуудлаар хийсэн дүгнэлтүүд тусгагдсан учраас нэхэмжлэгч эдгээр дүгнэлтүүд дээр маргахгүй. Харин гол маргаан буюу “Газрын төлбөр тооцох итгэлцүүрийг бусад сумдад тогтоосон 1%-иар тооцохын зөв буруу”-г дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь “Үндэслэх” хэсгийн 8-д бичигдсэн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.1-д “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10/01 тоот тогтоолын гарчиг, батлагдсан огноо, хүчин төгөлдөр эсэхийг дүгнэсэн тул нэхэмжлэгч энэ талаар маргахгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.2-т “Нэхэмжлэгчээс, дээрх тогтоолд заасан “Хэрлэн сумын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээ”-нд хамааруулан, өөрөөр хэлбэл дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтыг баримталж, суурь үнэлгээ 50 000 000 төгрөгөөс 0.15 хувиар бодож буюу бууруулан тооцох ёстой гэж маргаж байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Нэгдүгээрт, газрын төлбөрийг бууруулан тооцох ёстой гэж нэхэмжлэгч огт маргаагүй, харин газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу ногдуулахыг шаардаж байгаа болно.

Хоёрдугаарт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эзэмшиж ашиглаж байгаа хот тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан өсгөж бууруулж болох бөгөөд итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэсний “өсгөж, бууруулж” гэх үг нь Засгийн газраас нийтлэг тогтоосон газрын төлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал итгэлцүүрээр хуульд заасан дээд доод хязгаарт багтаан өсгөх, бууруулах тухай заалт байна.

Ингэж ойлгох нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлүүдийн холбогдох заалтын агуулгаас ойлгогдож байгаа болно.

Гуравдугаарт, “итгэлцүүрээр хуульд заасан хязгаарт багтаан өсгөх, бууруулах” нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ гэдгийг бид бүрэн ойлгож байгаа бөгөөд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс “газрын төлбөрийг бууруулан тооцох”-ыг шаардсан утга агуулга огт илэрхийлээгүй байтал нэхэмжлэгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг эдлэхээр санаархсан мэтээр нэхэмжлэлийг буруу ойлгосонд гомдолтой байна. Нэхэмжлэлийг буруу ойлгосон нь шүүгчийн хувийн итгэл үнэмшилд нөлөөлж, шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд сөргөөр нөлөөлсөн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.3-8.5-д. “8.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “итгэлцүүр хэрэглэх” зохицуулалтын агуулга, шалгуур нь “...инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага”-ыг харгалзан тогтоох бөгөөд итгэлцүүрээр өсгөж, бууруулах хувийг хуульд заасан хязгаарт багтаан тогтоох эрхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд олгосон байна. 8.4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас итгэлцүүрийн хувийг тогтоохдоо “Дорнод аймгийн Хэрлэн сумын, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын” гэж ялгамжтайгаар тогтоосон нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан “...инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага” зэрэг хуульд заасан шалгуурыг харгалзан, өөрөөр хэлбэл байршлаас хамааран итгэлцүүрийг хэрэглэхээр тогтоосон байна. 8.5. Иймд нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь Дашбалбар сумын 1 дүгээр баг /Сэвсүүл жараахай/-т хамаарч байгаа учир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээ”-нд хамаарах итгэлцүүрийг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь хэмжээ” буюу Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлд ашиглалт олборлолт явуулах уурхайн талбайд хамаарах “1 хувь”-аар тогтоосон итгэлцүүрийг хэрэглэж тооцсон нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь зөвхөн байршлаар нь ялгамжтай итгэлцүүр хэрэглэхийн тулд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дорнод аймгийн Хэрлэн сумын, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын” гэж ялгасан гэдэг нь туйлын хязгаарлагдмал дүгнэлт юм. Ингэж ялгах шалтгаан нь Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хот тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзан Засгийн газар тогтооно” хэмээн зааж, улмаар Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор “аймгийн төвийн сум, томоохон суурин газрууд”-ыг 4 дүгээр хавсралтаар ялгаж олон зэрэглэл (бүс)-ээр суурь үнэлгээ тогтоосон, бусад сумдыг 6 дугаар хавсралтаар нэг зэрэглэлтэйгээр суурь үнэлгээ тогтоосонтой илүү холбоотой.

Гэхдээ энэ нь шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бидний үндэслэл биш. Шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, маргаантай асуудалд хамааралгүй дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосонд байгаа юм. Нэхэмжлэгчийн маргасан захиргааны акт нь Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын (газрын даамлын) газрын төлбөр ногдуулсан үйлдэл (акт) бөгөөд энэхүү актыг гаргахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 4 дэх хэсгийн “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэх заалтыг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж, мэтгэлцсэн.

Гэтэл шүүх Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг бус, харин маргаанд хамааралгүй заалт буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэх заалтыг тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ нэхэмжлэгч “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уул уурхайн ашиглалт явуулж буй хэсэгт 1%-иар тогтоосон нь буруу” гэсэн шаардлага гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаас татсан байсан бол шүүх Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дээрх маягаар тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.

Гэвч нэхэмжлэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол дээр маргаагүй бөгөөд гагцхүү “тухайн тогтоолын холбогдох заалт болон Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хариуцагч буруу хэрэглэж, хууль бус төлбөр ногдуулсан” гэж нэхэмжлэл гаргасан болно. Өөрөөр хэлбэл, уул уурхайн ашиглалт явуулж буй хэсэгт Хэрлэн суманд 0.15%, бусад сумдад 1% гэсэн итгэлцүүр тогтоосон нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд хамаарах асуудал. Гэвч уул уурхайн ашиглалт явуулж буй хэсэгт газрын төлбөр ногдуулах зохицуулалтыг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр нарийвчлан зохицуулсан учраас ерөнхий хэм хэмжээ буюу бусад сумдад тогтоосон 1% үйлчлэхгүй, харин хамгийн ойр орших аймгийн зэрэглэлтэй хот буюу Хэрлэн суманд тогтоосон 0.15%-ийг 2 дахин өсгөх зохицуулалт үйлчлэх учиртай.

Шүүх ийнхүү маргаанд хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар хийсэн дүгнэлтээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосноороо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж, улмаар мөн хуулийн 106.2 дахь хэсгийн “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан

3.2. “Хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтэд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-12-т “11. Нэхэмжлэгчээс, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага дээрээ үндэслэж, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах шаардлага гаргасан байна. 12. Нэхэмжлэгчийн “... Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага үндэслэлгүй байх тул дагалдах шаардлагыг хангах боломжгүй буюу “хууль бусаар илүү төлүүлсэн гэх төлбөрийг дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгах” үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Илүү төлсөн газрын төлбөрийг суутган тооцуулах” шаардлага нь зөвхөн захиргааны акт илт хууль бусад тооцогдох эсэхээс бүрэн хамаарах шаардлага биш бөгөөд “Хариуцагч газрын төлбөр хуулийн дагуу зөв ногдуулсан эсэх”-ээс шууд хамааралтай шаардлага болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын талаар хуульчилсан бөгөөд 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хууль ёсны шинжээр нь “хууль ёсны захиргааны акт”, “хууль бус захиргааны акт” гэж ангилсан байна. Түүнчлэн хууль бус захиргааны акт дотроос зарим актыг ялгаж мөн хуулийн 47 дугаар зүйлд “Илт хууль бус захиргааны акт” гэж тодорхойлсон. Хэрэв нэгж талбарын 2110001002, 2110001004 дугаар бүхий талбайд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу “50,000,000x0.15%х2=150 000 төгрөг” гэсэн аргачлалаар ногдуулах ёстой гэх манай шаардлага зөв бол 2022, 2023 онд нийтдээ 178 254 525 төгрөгийг хууль бус аргачлалаар илүү ногдуулж төлүүлсэн болно. Энэ акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд хамаарах эсэх нь тухайн заалтуудыг хэрхэн ойлгож, тайлбарлах эрх зүйн дүгнэлтээс хамаарах хэдий ч 37 дугаар зүйлийн 37.6-д заасан “хууль бус захиргааны акт”-ын төрөлд хамаарах нь ойлгомжтой юм.

Өөрөөр хэлбэл, хуулийг буруу хэрэглэсэн захиргааны акт нь “илт хууль бус акт”-ын жагсаалтад багтахгүй байх нь уг актыг “хууль ёсны” гэж үзэхэд хүргэхгүй. Түүнчлэн, татвар, төлбөр, хураамжтай холбоотой харилцааг Захиргааны ерөнхий хуулиас илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Татвар төлөгч дараахь эрх эдлэнэ:” 12.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;” гэж; 15 дугаар зүйлийн 15.2-т “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж татвар төлөгчийн эрхийг баталгаажуулсан болно.

Хэрэв нэгж талбарын 2110001002, 2110001004 дугаар бүхий талбайд “50,000,000x1%х2=1 000 000 төгрөг” гэсэн аргачлалаар газрын төлбөр ногдуулах ёстой гэсэн хариуцагч болон анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж тооцвол, нэгж талбарын 2110001004 дугаартай 125 га талбайд 2022 оны 3, 4 дүгээр улирлын газрын төлбөрийн ногдлыг га/жилд 1 999 152.78 төгрөгөөр ногдуулж төлүүлснийг хууль ёсны гэж үзэх ямар үндэслэл байна вэ? Нэгж талбарын 2110001004 дугаартай 125 га талбайд 2022 оны 3, 4 дүгээр улирлын газрын төлбөрийн ногдлыг га/жилд 1 999 152.78 төгрөгөөр ногдуулсан нь нэхэмжлэлд хавсарган өгсөн “Ш” ХХК-ийн 2022-2023 оны газрын төлбөрийн тооцоолол” гэсэн хүснэгтээс харагдах бөгөөд энэ хүснэгт нь газрын төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байгаа юм. Га тутам 999 153 төгрөг буюу 2022 оны 3, 4 улиралд нийт 62 447 000 төгрөг илүү төлүүлсэн захиргааны акт нь “илт хууль бус” актад хамаарахгүй юм гэхэд “хууль бус акт”-д хамаарах нь ойлгомжтой болно.

Нэхэмжлэлд энэ шаардлага нь илт хууль бусаар илүү төлүүлсэн гэж бичигдээгүй, харин “хууль бусаар илүү төлүүлсэн...” гэж тусгагдсан болно. Иймд “илүү төлүүлсэн газрын төлбөрийг суутган тооцохыг хариуцагчид даалгах” шаардлагыг “захиргааны акт илт хууль бус тогтоолгох шаардлагын дагалдах шаардлага учир хангах боломжгүй” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөгийг буюу нийт 178 254 525 төгрөгийг дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө ү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас “Нэгж талбарын 2110001002, 2110001004 дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч компанийн хувьд ашигт малтмал ашиглах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/90 дүгээр захирамжаар 1-р баг Сэвсүүл жараахай, Мухар 111-т байрлах, нэгж талбарын 2110001004 дугаар бүхий 125 м.кв газрыг, мөн өдрийн А/91 дүгээр захирамжаар 1-р баг, Сэвсүүл жараахай, Улаан 113-т байрлах, нэгж талбарын 2110001002 дугаар бүхий 99.28 кв газрыг тус тус Ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар тус бүр 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 тоот тогтоолоор газрын төлбөрийн хувийг шинэчлэн тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2022 оны 3 дугаар улирлаас хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс өмнөх хугацааны газрын төлбөрийн талаар маргаангүй бөгөөд 2022 оны сүүлийн хагас буюу 3 дугаар улирлаас хойших хугацааны газрын төлбөрийн ногдол дээр маргаантай байгаа болно. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж заасан учраас дээрх хоёр талбайн газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Чойбалсан хот буюу Хэрлэн сумын 5 дугаар бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцох нь зөв. Тухайлбал: Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Хэрлэн сумын 5 дугаар бүсийн Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай 1 га газрын суурь үнэлгээг 50 000 000 төгрөгөөр тогтоосон ба Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Хэрлэн сумын нутагт хамаарах бүс дэх “Ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалттай газрын төлбөрийн хувийг суурь үнэлгээний 0.15% байхаар тогтоосон. Манай ашиглалт олборлолт явуулж буй талбайн газрын төлбөр “50 000 000х0.15%х2=150 000 төг” гэсэн аргачлалаар бодогдож жилд 1 га-д 150 000 төгрөг ногдохоор байна” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүх “... Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Гарын суурь үнийг Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлд “Хот тосгон, бусад суурины газрын үнэлгээг 1 га газрын суурь үнэлгээг 50.0 сая төгрөг” байхаар тогтоосон бөгөөд суурь үнэлгээг 50.0 сая төгрөгөөс тооцоолон төлүүлж байгаад талууд маргаагүй...” талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн байх ба нэхэмжлэгч компанийн ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар ашиглаж буй газрын төлбөрийн хувь хэмжээг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 10/01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээ”-гээр буюу 0.15%-иар тооцох эсхүл уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь, хэмжээ”-гээр тогтоосон 1%-иар тооцох эсэх дээр гол маргаан үүссэн байна.

2.4. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж заасан бөгөөд уг зохицуулалтын зорилго нь ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаж буй уурхайн эдэлбэр газарт байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил, газрын үржил шим зэргийг харгалзан үзэж, бусдаас ялгамжтай буюу  өндөр төлбөр тогтоох явдал юм.

Харин ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн эдэлбэрт газар ашиглаж байгаа этгээд нь бусад зорилгоор газрыг ашиглаж буй хүн, хуулийн этгээдтэй ижил эсхүл тэднээс бага хэмжээгээр төлбөр төлөх нь дээр дурдсан зохицуулалт болон Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.1. “Зайлшгүй байх”, 5.1.3. “Шударга байх”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3 “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчимд нийцэхгүй.

 

2.5. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмал ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй уурхайн талбайн зориулалтаар ашиглаж байгаа газар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1-р багт байрлаж буй энэ тохиолдолд хариуцагчийн Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол болон Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолд нийцүүлэн газрын төлбөрийг тооцоолсон нь үндэслэлтэй.  

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

                      ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН