Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
Хэргийн индекс | 140/2016/0053/Э |
Дугаар | 53 |
Огноо | 2016-11-22 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 53
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Б.Уртнасан, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Б.Мягмарсүрэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Ж.Мөнхнасан, Хохирогч Б.Лхагвадэмбэрэл, Гэрч М.Амаржаргал Т.Оргилсайхан, Иргэдийн төлөөлөгч Ж.Билэгт нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мягмарсүрэнд холбогдох 201613000101 дугаартай эрүүгийн хэргийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл-5, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Хангамжийн хэсэг 3-17 тоотод оршин суудаг хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Очирваань овогт Болдын Мягмарсүрэн РД: /ИЙ92040718/
Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Очирваань овогт Болдын Мягмарсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн худалдааны төвийн гарах хаалган дээр Б.Лхагвадэмбэрэлийг машины урдаас холдсонгүй, урдаас хэл амаар доромжилж салаавч гаргалаа гэсэн шалтгаанаар түүний цээжин тус газарт өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Лхагвадэмбэрэл хойш савж хатуу хучилттай зам дээр толгойгоороо унасан хэргийн үйл баримт нь хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр өдөр Баруун бүсийн худалдааны төвийн хашаан дотор явж байсан чинь УАЗ-469 маркийн автомашинтай залуу намайг сигналдаад хөөе ах холдооч гэхээр нь би тэр жолоочийн урдаас салаавч гаргаад, чадахгүй пизда минь гээд зогсож байсан чинь тэр машины жолооч залуу машинаасаа бууж ирээд миний цээж рүү нэг удаа тийрсэн. Тэр үед би хойшоо саваад цементэн талбай дээр толгойгоороо унасан. Тэр үед миний толгой өвдөөд босч ирж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон...” гэсэн, хэрэг гарах үед Б.Лхагвадэмбэрэлтэй хамт явж байсан үйл явдлыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Я.Дашбалжирын “...Тэр өдөр Лхагвадэмбэрэл, Биндэръяа бид 3 Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байх Баруун бүсийн худалдааны төвийн автомашин гарч, ордог хаалгаар орж явсан юм. Тэр үед бид нарын хажуугаар саарал өнгөтэй УАЗ-469 маркийн автомашин зөрөөд өнгөрсөн юм. Тухайн машинд Лхагвадэмбэрэл саад болсон юм байлгүй, Лхагвадэмбэрэл нөгөө машины жолоочтой маргалдаад урдаас нь салаавч өгөөд зогсож байсан тэр үед машины жолооч залуу машинаасаа бууж ирээд Лхагвадэмбэрэлийн цээж рүү өшиглөсөн. Тэр үед Лхагвадэмбэрэл ар дагзаараа цементэн талбай дээр унаад ухаан алдсан. Тухайн машины жолооч машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би түргэн дуудаад цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлгээр, мөн түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.Биндэръяагийн “...Тэр өдөр Лхагвадэмбэрэл, Дашбалжир бид 3 Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байх Баруун бүсийн худалдааны төвийн автомашин гарч, ордог хаалгаар орж явсан юм. Тэр үед бид нарын хажуугаар цагаан саарал өнгөтэй УАЗ-469 маркийн автомашин зөрөөд өнгөрсөн юм. Тэр үед Дашбалжир бид 2-н ард Лхагвадэмбэрэл явж байсан. Тэгсэн чинь Лхагвадэмбэрэл нөгөө машины жолоочтой маргалдаад урдаас нь салаавч өгөөд пизда минь гээд хараагаад байсан. Тэр үед машины жолооч залуу машинаасаа буугаад гүйж ирээд Лхагвадэмбэрэлийн цээж рүү тийрсэн. Тэр үед Лхагвадэмбэрэл ар дагзаараа цементэн талбай дээр унасан юм. Тэгээд би гүйж очоод Лхагвадэмбэрэлийн толгойг нь өвдөг дээрээ тавиад хөөе Лхагваа яасан бэ зүгээр үү гэсэн чинь Лхагваа дуугарахгүй ухаан алдчихсан байсан. Тэгээд Дашбалжир цагдаа дуудаад, бас түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд Лхагвадэмбэрэлийг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд хагалгаанд орсон гэсэн. Ийм л асуудал болсон..." гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Мягмарсүрэн хохирогчийн цээжин тус газар өшиглөж хатуу хучилттай зам дээр толгойгоор нь унагаасан үйлдлийн улмаас түүний биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2016202223 дугаартай
“...1. Иргэн Б.Лхагвадэмбэрэлийн баруун чамархай хэсэгт хатуу хальсан дээр цус хуралт, тархи дарагдал, баруун чамархай ясны шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэлтэй зөв гаргасан гэж дүгнэсэн Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 201620262 дугаартай давтан шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Б.Лхагвадэмбэрэл нь Б.Мягмарсүрэнгийн жолоодож явсан машины урдаас холдохгүй түүнийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд саад болсон учир Б.Мягмарсүрэн нь Б.Лхагвадэмбэрэлд “машины урдаас холд” гэж хууль ёсны шаардлага тавихад хохирогч урдаас нь хэл амаар доромжилж, салаавч гарган нулимж ёс суртахуунгүй үйлдэл гаргасныг эсэргүүцэж шүүгдэгч машинаасаа буун хохирогчийн цээжин тус газар өшиглөсөн бөгөөд хэргийн энэ нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч шүүгдэгчийн хооронд хувийн тааламжгүй харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам үндэслэлээр авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалаагүй, хохирогч эмнэлгийн байгууллагад байх хугацаандаа орноос унах, сандлаас савж унах зэрэг өөрийнх нь үйлдлээс үүссэн байх боломжтой...” гэж мэтгэлцэж байна. Гэвч хохирогч нь шүүгдэгчид өшиглүүлж, хатуу хучилттай замд савж унасны дараа орчинтойгоо харьцах чадваргүй болсон байдлыг нотолсон гэрч Ч.Биндэрьяа, Я.Дашбалжир нарын мэдүүлэг болон эмнэлэгт байгууллагад хүргүүлэхдээ орчинтойгоо харьцах чадваргүй ирсэн гэж мэдүүлсэн гэрч М.Амаржаргал, Т.Оргилсайхан нарын мэдүүлгээр өмгөөлөгч нарын гаргаж байгаа дээрх үндэслэл няцаагдаж байна.
Шүүгдэгч нь бусдыг өшиглөх үйлдлийн улмаас бусдад гэмтэл учрах боломжтойг мэдсээр атлаа хохирогчийн цээжин тус газар өшиглөж хатуу хучилттай зам дээр унагаасан үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “ хохирол төлөгдсөн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “хохиролд 700000 төгрөг авсан..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид учирсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Очирваань овогт Болдын Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Мягмарсүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 1051м2 хэмжээтэй хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
Б.УРТНАСАН