Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00026

 

Б.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02436 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МХО- НӨТБ-д холбогдох

 

Тус ордоны бүжгийн багшийн ажилд  эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах  нэхэмжлэлтэй, нэр төр сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, Л.Галбадар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь МХО-д бүжгийн багшаар 10 жил ажилласан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ажлаас халсан тухай мэдэгдсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эгүүлж авахаар боллоо өргөдлөө бич гэм буруугаа ойлгож байна гэж бичээрээ гэж бичүүлж авсан. Ажлаа хийх гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэх хуудас гэх хаяг, гарын үсэггүй зүйл өгөөд ажлаас халсан. Орны  багш томилсон гэж мэдэгдсэн. Мөн 2017 оны 03 дугаар сарын цалин дутуу орсон байсан бөгөөд энэ тухай нягтлангаас асуухад сахилгын шийтгэл ногдуулсан цалингийн 20 хувь хассан гэсэн. Энэ тухай тушаал шийдвэр танилцуулаагүй юм. Авах ёстой цалингаас 229 956 төгрөг дутуу орсон байсан. Энэ цалин хассантай холбоотой ямар тушаал шийдвэр байгаа, хуулийн ямар заалтаар арга хэмжээ авагдсанаа мэдэж амжилгүй ажлаасаа халагдсан юм. Ажлаас халсан тушаал нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг  үндэслэл болгон 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон халсан. Энэ асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  Монголын Хүүхдийн ордны зүгээс Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг шалгаж 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2787 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан боловч тус тогтоолд гомдол гаргаж дахин хянуулсан ч хэрэгсэхгүй болгох шийдвэрийг хэвээр баталсан. Иймд ажилд эргүүлэн томилуулах, ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монголын Хүүхдийн Ордны Захирал Б.Цэнгэлмаа нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 11.1.4, 11.1.13, 11.2 дахь заалтуудыг үндэслэн Б/52 тоот тушаалаар тус байгууллагад бүжгийн багшаар ажиллаж байсан Б.Х-г 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Б.Х- нь  өөрийн буруутай үйлдэл, сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч ажилд эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл бичиж өгсөн.

Б.Х- нь 2017 оны 3 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан "Дэгдээхий нас улсын уралдаан зохион байгуулагдаж дууссан байхад холбогдох материалыг өгөөгүй мөн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажлаа чанаргүй гүйцэтгэж албан үүрэгтээ хайнга хандсан сахилгын зөрчил гаргаснаас болж уралдааны явцад оролцогч хамтлагуудын зүгээс хэл ам гарсан. Б.Х-д  2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг шийтгэл ногдуулаад Б.Х-гийн 3 дугаар сарын цалингаас 107 117 төгрөг хассан. Б.Х- нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан Захирлын зөвлөлийн хурлаар орж байхад яагаад сахилгын шийтгэл авснаа мэдэж байсан. Ингээд улсын уралдаанд оролцсон хамтлагуудаас дахин бичгээр гомдол ирсэн мөн БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг "Ганга мөрний уянга" улсын чанартай тэмцээнийг зохион явуулахад дахин албан үүрэгтээ хайнга хандаж алдаа гаргасан тул Б.Х-гийн гаргасан зөрчлийг дахин нягтлан шалгахаар Монголын Хүүхдийн Ордны Дотоодын хяналт шалгалт явуулах нэгж шалгаж  хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам зөрчсөн ноцтой зөрчлүүд илэрсэн. Иймээс хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, аймгуудын хамтлагуудын гаргасан гомдол зэргийг 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шийдвэр гаргаж Б.Х-г ажлаас халсан. Б.Х- нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.13 дахь заалт, ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.14-т заасан үүргээ биелүүлэхгүй орон нутгаас ирүүлсэн уралдаанд оролцогчдын мэдүүлэг, оролцох эрх бүхий хамтлагийг тодорхойлсон тухайн орон нутгийн тодорхойлолт, уралдаантай холбоотой бүхий л баримт материалуудыг холбогдох ажилтан, албан тушаалтанд одоо хүртэл гаргаж өгөөгүй. Дэгдээхий нас улсын уралдааны удирдамжийн 4 дүгээр зүйлд заасан аймаг тус бүрээс шалгарсан нэг хамтлаг улсын уралдаанд оролцдог байдлыг зөрчиж Дорноговь аймгаас шалгараагүй хамтлагийг Орхон аймгийн нэр дээр оруулах ажлыг санаатайгаар зохион байгуулж, тухайн үед бусад хамтлагийн багш нар хэлж гомдол гаргаж байсан боловч тэдгээрийн гомдол, баримт материалыг нуун дарагдуулан, үл тоомсорлож оролцуулснаар зогсохгүй дээрх хамтлагийг 1-р байрт шалгаруулсан. Мөн тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгохдоо өөрийн аав Ц.Батбаяр, багш Н.Оюун, найз Ч.Саранчимэг нарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, эртнээс зохион байгуулалттай байсан нь харагдаж байна.

 Б.Х- нь 2016-2017 оны хичээлийн жилд нийт 15 хүүхдийн сургалтын төлбөр болох 3 150 000 төгрөгийг хувьдаа завшиж төсөвт тушаагаагүй. Б.Х- нь төсөвт байгууллагын эд хогшил, өрөө талбайг ашиглан ажлын байрандаа, ажлын цагаар албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын захиргаанд мэдэгдэхгүйгээр гадуур нэмэлт орлого олж байсан.  Б.Х- нь ажлаас халагдах тушаал гарсан өдөр МХО-д зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, Төрийн байгууллагын нэр хүндэд маш ноцтойгоор халдсан. Энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ хүүхдийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгүүлж, самбар лоозон бариулан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдалдаа хүүхдүүдийг татан оруулж эрх ашгийг нь зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасан. Б.Х-гийн журналд 213 хүүхдийн нэр бичигдсэн байдаг. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр хүүхдүүдийн эрх зөрчигдөөгүй болох нь нотлогдсон. 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тайлан тоглолтод нийт 165 хүүхэд 87 хувийн ирцтэй хамрагдсан. Тайлан тоглолтод орж амжихгүй чөлөө авсан 4 хүүхэд, өвчний учир 4 хүүхэд чөлөөлөгдсөн нийт 2016 оноос 2017 оны хичээлийн жилд 173 хүүхэд оролцож 94 хувийн ирцтэй суралцаж төгссөн.  Б.Х-гийн  нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Х- нь ажлаасаа халагдсаны дараа тус Ордоны дугуйлангуудад бүртгэлгүй болон бусад 70 гаруй хүүхдийн эцэг эх болон хүүхдүүдийг ятган турхирч сошиал ертөнцөөр болон телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагын нэр хүндэд халдсан хууль бус худал мэдээлэл тараасан. Энэ үйл ажиллагаандаа насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигласан нь өөрөө хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм.  Б.Х- нь байгууллагыг 213 хүүхдийн эрхийг зөрчсөн гэж гүтгэсэн гомдлыг харьяалах дээд байгууллагуудад хүргүүлсэн болон олон нийтийн Стар, МТV, ЕТV-үүдэд тараан цацсан. Захирал Б.Цэнгэлмааг хууль бусаар ажлаас халсан, ажлаас халсан тушаалаа буцаасан гэх мэтээр олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглан тараасан нь байгууллагын нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл гэж үзэхээр байна. Түүнчлэн Б. Цэнгэлмаа захирлыг нотлох баримтгүйгээр ажлаа мэддэггүй хэмээн хувь хүнийх нь нэр хүндэд мөн халдсан байдаг. Монголын Хүүхдийн Ордны нэр хүндэд халдсан үйлдлийг тогтоолгож, нэр төрийг сэргээлгэх, нэр төрийн хохирол 10 000 000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Х-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Монголын Хүүхдийн Ордны удирдлагыг гүтгэсэн зүйл байхгүй. Мөн нэр хүндэд халдсан нэр хүндийг хохироосон зүйл огт хийгээгүй. Намайг ажлаас халагдсан гэдгийг сурагчид дуулаад аав ээждээ хэлснээр үл ойлголцол бий болж хэвлэл мэдээлэлд хандсан байсан. Би тэд нарыг хандаад өгөөч гэж огт хэлээгүй. Холбогдох байгууллагад хандсан асуудлууд нь зөвхөн эцэг эхчүүдийн санаа байсан. Телевизүүдээр 2 багш халлаа, халсан багш нараа буцаан авлаа гэсэн мэдээллүүдийг би өгөөгүй болохоо тухайн үед тодорхой хэлж байсан. Мөн ямар үндэслэлээр яаж хохироод 10 000 000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй байна. МХО-ны эрх эсхүл иргэн Б.Цэнгэлмаагийн эрх аль нь зөрчигдсөн хэн аль нь хэдэн төгрөгөөр хохироод байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.  Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Б.Х-г Монголын хүүхдийн ордны багшийн албан тушаалд эгүүлэн томилж, Монголын хүүхдийн ордноос 4 605 404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Х-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг МХО-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Монголын хүүхдийн ордны нэр хүндэд халдсан үйлдлийг тогтоолгож, нэр төр сэргээлгэх, хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн дурдаж, хариуцагч Монголын хүүхдийн ордноос 88,636 төгрөгийг гаргуулж улсын орлогод, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Д.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй. "МХО-" НӨТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг нь 2017.09.08-ны өдөр Б.Х-д холбогдуулан байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой сөрөг нзхзмжлэлийг шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулахдаа байгууллагын нэр хүндтэй холбоотой гэдэг утгаар хүлээн авсан байдаг. Хэдийгээр "Монголын Хуүхдийн Ордон" НӨТБ-ын итгзмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ "захирал Б.Цэнгэлмааг хувь хүнийх нь нэр хүндэд мөн халдсан" гэж бичсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлан дэмжиж бичсэн агуулга болохоос бүхэлдээ сөрөг нэхэмжлэлийг Б.Цэнгэлмаа гэдэг хувь хүний нэр төр сэргээлгэх, хохирол гаргуулах шаардлага гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын төгсгөл хэсэгт "...байгууллагын ажил хэргийн нэр хүндийг хохироож унагаасан..." гэж тодорхой дурдаж, шүүх хуралдааны явцад "МХО-" НӨТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллагын нэр хүндтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаж буйгаа тодруулан нэхэмжлэлийг шаардлагаа илэрхийлсэнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь шүүхийн үүрэг бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг тодруулан хэлсээр байхад төлөөлөх эрхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй орхигдуулсан буюу хариуцагчид хуулиар олгосон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн. МХО- НӨТБ-ын захирлын 2017.03.20-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Х-д сахилгын хариуцлага тооцсон буюу сахилгын шийтгэлтэй байсан үйл баримтыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь Б.Х- нь "МХО-" НӨТБ-ын захирлын 2017.03.20-ны өдрийн Б/38 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй, тушаал гарсан даруй байгууллагын хурлаар хэлэлцэж танилцуулан, цалинг бууруулан тооцсон буюу энэ тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Сахилгын зөрчил давтан гаргасан нь нэгэнт тогтоогдсон байхад ажлаас халах шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч МХО- НӨТБ холбогдуулан бүжгийн багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч сахилгын зөрчлийг давтан гаргасан. Нэр хүндэд халдсан мэдээ тараасан тул нэр төр сэргээлгэж, хохиролд 10 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Б.Х- нь МХО- НӨТБ-ын захирлын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаар тушаалаар бүжгийн багшийн ажилд томилогдон, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 65 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан ажлаас чөлөөлөгджээ. /хх 5-6, 30/

 

Хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ “Дэгдээхий нас”, “Ганга мөрний уянга” улсын уралдаануудыг зохион байгуулахдаа алдаа зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан байх бөгөөд ажилтанд өмнө нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 тоот тушаалаар “Дэгдээхий нас” улсын уралдааныг зохион байгуулахдаа албан үүрэгтээ хайнга хандсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх-ийн 6, 31/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй бөгөөд  Дэгдээхий нас улсын уралдаантай холбоотой асуудлаар өмнө нь үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дахин заасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг баримтлах үүрэгтэй бөгөөд тушаалд энэ талаар тусгаагүй нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн “Ганга мөрний уянга” улсын уралдааныг нэхэмжлэгч Б.Х- зохион байгуулж, үүний улмаас байгууллагад хохирол учруулсан ноцтой болон сахилгын давтан зөрчил гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Ганга мөрний уянга” уралдааныг зөв зохион байгуулаагүйгээс байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэх боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй, мөн сурагчдын төлбөрийг хувьдаа завшсан гэх боловч энэ байдлыг цагдаагийн байгуулагаас шалгаж нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зохигчдын гаргасан шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгчийг Б.Цэнгэлмаа гэж тодорхойлсон, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаагийн нэрийг заан уг хүний нэр төр гутаасан гэх үндэслэл зааснаас бус, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлийг заагаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч МХО- НӨТБ-ын давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                      Ш.ОЮУНХАНД