Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  Н.Б нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Б холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б , хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов. 

     Т О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Б  нь нөхөр Б.Б тай 2013 онд танилцаж, 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Том охин Б.М 2015 оны 01 сарын 25-ны өдөр, бага охин Б.Б 2017 оны 08 сарын 14-ний өдөр төрүүлсэн. Нөхөр Б.Б  нь архи их ууж агсан тавьдаг, зан харилцааны хувьд тааламжгүй харьцдаг, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бид тусдаа амьдарч байгаа. Бидний салах болсон шалтгаан нь Б.Б ийг архи уусан үед нь хамт байх боломжгүй, архи уусан үедээ надад гар хүрдэг байсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэл өгсөн. Б.Б  бид хоёр хоорондоо ярилцаад том охин Б.М нь манай хадмууд дээр байдаг тул эцэг Б.Б ийн асрамжинд үлдээж, бага охин Б.Б өөрийн асрамжинд авахыг зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Миний бие Б.Б  нь эхнэр Н.Б  болон охин Б.М , Б.Б  нарын хамт амьдардаг байсан. Гэтэл Н.Б  нь өөрийн хүсэлтээр гэр бүлээ цуцлуулна гэж намайг охинтой минь орхиод явчихсан. Одоо Н.Б  нь өөр найз залуутай болсон хүн. Өргөдөл гаргахдаа намайг “архи уудаг, агсан тавьдаг зан харьцаа муутай” гэх зэргээр худал өргөдөл гаргасан байна. Би хаяадаа л архи уудаг, Н.Б ийг зодож, агсан тавьж байсан удаа байхгүй. Н.Б  нь одоогоор тогтсон ажил, гэр оронгүй, хүүхдээ хаана ч хамаагүй дагуулж явдаг. Миний том охин Б.М нь Улаанбаатар хотод цэцэрлэгт явдаг, манай аав ээж дээр байдаг юм. Н.Б  бид хоёр хүүхдийн асрамжийн хувьд харилцан тохиролцож том охин Б.М ыг өөрийн асрамжинд авч, бага охин Б.Б ээж Н.Б ийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа тул  гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна” гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч Б.Б аас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч Б.Б тай 2013 онд танилцаж, 2014 оны 11 сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 01 сарын 25-ны өдөр охин Б.М , 2017 оны 08 сарын 14-ний өдөр охин Б.Б  нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Дархан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Б , хариуцагч Б.Б  нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Б.Б  нь эхнэр Н.Б ийг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

Зохигчид нь 2018 оны 08 сарын 27-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч талууд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүйгээр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Н.Б  нь хамтран амьдрагчтай болсон нь гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.

 Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Б.Б  нь эхнэр Н.Б ийг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, 2007 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Б.Б  нь 2015 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.М ыг өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч Н.Б  нь 2015 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.М ыг эцэг Б.Б ийн асрамжид, 2017 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Б өөрийн асрамжид авахыг зохигчид нь харилцан тохиролцож байна. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд 2015 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.М ыг эцэг Б.Б ийн, 2017 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Б эх Н.Б ийн асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Иймд нэхэмжлэгч Н.Б ийн хариуцагч Б.Б аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2015 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.М ыг эцэг Б.Б ийн асрамжид, 2017 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Б эх Н.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг хэн аль нь нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б т олгосугай.

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           8. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    С.БАЙГАЛЬМАА