| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0783/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/817 |
| Огноо | 2022-08-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/817
2022 8 15 2022/ШЦТ/817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0783/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Ц.Төгөлдөр,
шүүгдэгч С.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 2209011311206 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, ........... ХХК-д савлагчийн ажил эрхэлдэг, ам бүл ..,хамт .... дүүргийн ..-р хороо, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй С.А /РД/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч С.А нь 2022 оны 4 дугаар сарын 17-ны өдөр “....” нэртэй онлайн дэлгүүрээс фейсбүүк цахим хэрэгсэлд байршуулсан “дотуур хувцас зарна” гэсэн мэдээллийг ашиглан, улмаар зарын доор утасны дугаараа үлдээж бараа худалдан авахаар захиалга өгсөн иргэн Г.Д-н 99....... гэсэн дугаар руу 80...... дугаараас залгаж “бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа газраас холбогдож байна” хэмээн түүнийг хуурч “бараа захиалсан уу, мөнгөө шилжүүлээрэй, би баталгаажуулж барааг чинь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогчоос тус өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ... тоотоос интернэт банк ашиглан шилжүүлсэн 25,000 төгрөгийг “Хаан” банкны 5057...... тоот дансаар шилжүүлэн авч,
Мөн 2022 оны 5 дугаар сарын 01-ны өдөр “....” нэртэй онлайн дэлгүүрээс фейсбүүк цахим хэрэгсэлд байршуулсан “гоо сайхны бүтээгдэхүүн зарна” гэсэн мэдээллийг ашиглан, улмаар зарын доор утасны дугаараа үлдээж бараа худалдан авахаар захиалга өгсөн иргэн Л.Э-ийн 88...... гэсэн дугаар руу 80...... дугаараас залгаж “бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа газраас холбогдож байна” хэмээн түүнийг хуурч “бараа захиалсан уу, мөнгөө шилжүүлээрэй, би баталгаажуулж барааг чинь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогчоос тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс интернэт банк ашиглан шилжүүлсэн 10.000 төгрөгийг “Хаан” банкны 5057...... тоот дансаар шилжүүлэн авч,
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “....” нэртэй онлайн дэлгүүрээс фейсбүүк цахим хэрэгсэлд байршуулсан “хивс цэвэрлэдэг хөөсөн цэвэрлэгч зарна” гэсэн мэдээллийг ашиглан, улмаар зарын доор утасны дугаараа үлдээж бараа худалдан авахаар захиалга өгсөн иргэн Д.Д-ийн 89....... гэсэн дугаар руу 80...... дугаараас залгаж “бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа газраас холбогдож байна” хэмээн түүнийг хуурч “бараа захиалсан уу, мөнгөө шилжүүлээрэй, би баталгаажуулж барааг чинь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогчоос тус өдөр Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо ... тоотоос интернэт банк ашиглан шилжүүлсэн 18,000 төгрөгийг “Хаан” банкны 5057...... тоот дансаар шилжүүлэн авч,
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “....” нэртэй онлайн дэлгүүрээс фейсбүүк цахим хэрэгсэлд байршуулсан “нурууны бөгтөр тэгшлэгч зарна” гэсэн мэдээллийг ашиглан, улмаар зарын доор утасны дугаараа үлдээж бараа худалдан авахаар захиалга өгсөн иргэн Д.Н-ийн 99...... гэсэн дугаар руу 80...... дугаараас залгаж “бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа газраас холбогдож байна” хэмээн түүнийг хуурч “бараа захиалсан уу, мөнгөө шилжүүлээрэй, би баталгаажуулж барааг чинь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогчоос тус өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ... тоотоос интернэт банк ашиглан шилжүүлсэн 25,000 төгрөгийг “Хаан” банкны 5057...... тоот дансаар шилжүүлэн авч залилж хохирогч нарт нийт 78,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Хавтаст хэргээс:
С.А-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн фейсбүүк хаягаар ”Онлайн шоп" гэсэн зарын групп руу орж тухайн группэд бараа захиалгын коммент хэсэгт байсан утасны дугаарыг авч, улмаар тус дугаар руу өөрийн 80...... гэсэн дугаараас залгаж тухайн хүмүүсийг ”бараа захиалсан уу, хэрэв захиалсан бол урьдчилгаа төлбөрийг шилжүүл” гэж хэлээд өөрийн ”Хаан” банкинд эзэмшдэг 5057...... тоот дансаар олон хүнээс хамгийн багадаа 9000 төгрөг, ихдээ 40.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад шалгагдсан өдрөөс хойш тухайн хүмүүсээс авсан мөнгөө дансны хуулгаар шүүж, өөрийн эх С-ийн данснаас хүмүүсийн мөнгийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал)
Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ онлайн фейсбүүк барааны “....” нэртэй дэлгүүрээс зээ охин Э.А-ийн нурууны бөгтөр тэгшлүүлэхээр захиалга өгсөн. Коммент хэсэгт нь би өөрийн 99...... дугаараа үлдээсэн. Удалгүй над руу 80...... дугаараас залгаад нурууны бөгтөр тэгшлэгч захиалсан байна, 25.000 төгрөгийг ”Хаан” банкны 5057...... тоот данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Би уг хүний хэлсний дагуу өөрийн ”Хаан” банкинд эзэмшдэг 5377...... тоот данснаас тухайн данс руу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 25000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тус өдрөө “...." дэлгүүрээс нурууны бөгтөр тэгшлэгч авчирч өгөөд ”мөнгөө шилжүүл” гэж хэлсэн. Би тухайн үед “мөнгөө шилжүүлсэн” гэсэн боловч ”шилжүүлээгүй байна” гээд байсан. Ингээд миний мөнгийг дундаас нь үл таних хүн авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал)
Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрийн орчимд намайг гэртээ орж ирэхэд манай том хүү дүүтэйгээ хамт зайрмаг идээд, ундаа уугаад, ойр зуурын юм идээд сууж байсан. Тэгээд би тэднээс “ямар мөнгөөрөө авсан юм бэ, чи хулгай хийгээд байгаа юм уу” гэхэд хүү маань “ээжээ би хүмүүсээс онлайнаар бараа захиалсан мөнгийг нь авчихлаа, одоо яах учраа мэдэхгүй байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүүдээ хандаж “над шиг ажиллаж, зовж байгаа хүмүүс зөндөө байгааг мэдсээр байж, мөнгө амар олддоггүйг чи мэдэж байгаа шүү дээ” гэж хэлээд уурлаж загнасан. Тэгээд би арга ядаад өөрийнхөө бөгж, гинжийг ломбардад 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж хүүгийнхээ дансны хуулгыг аваад мөнгө шилжүүлсэн бүх хүмүүсийн хохирлыг мөнгө орж ирсэн данс руу нь шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)
Хохирогч Д.Н-ийн “Хаан” банкинд эзэмшдэг 5377...... тоот дансны хуулга бүхий зурган хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал)
С.А-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар “....” гэсэн нэртэй зарын групп рүү орж, уг группэд байсан бараа захиалгын коммент хэсэгт байсан 8917...... гэсэн утасны дугаарыг авч, уг дугаар руу өөрийн 80...... гэсэн дугаараас залгаж, уг хүнтэй “Та бараа захиалсан уу, хэрэв захиалсан бол урьдчилгаа төлбөр 18.000 төгрөг шилжүүл” гэж хэлээд, өөрийн ”Хаан” банкинд эзэмшдэг 5057...... тоот дансаар Д.Д гэх хүний Төрийн банкинд эзэмшдэг 1054........ тоот данснаас 18.000 төгрөг шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал)
Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ онлайн фейсбүүк барааны “....” дэлгүүрээс хивс цэвэрлэдэг хөөсөн цэвэрлэгчийн захиалга өгч, улмаар коммент хэсэгт нь өөрийн 8917...... дугаарыг үлдээсэн. Удалгуй над руу 80...... гэсэн дугаараас залгаад ”та хөөсөн цэвэрлэгч захиалсан байна, 18.000 төгрөгөө банкны 5057...... тоот данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Би уг хуний хэлсний дагуу өөрийн Төрийн банкны 1054........ тоот данснаас 18.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
Хохирогч Д.Д-ийн Төрийн банкинд эзэмшдэг 1054........ тоот дансны хуулга бүхий зурган хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал)
С.А-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар “.... шоп” гэсэн зарын групп руу орж, уг группэд байсан бараа захиалгын коммент хэсэгт байсан 88...... гэсэн утасны дугаарыг авч, улмаар уг дугаар руу өөрийн 80...... гэсэн дугаараас залгаж “та бараа захиалсан уу, хэрэв захиалсан бол урьдчилгаа төлбөр 10.000 төгрөг шилжүүл” гэж хэлээд өөрийн ”Хаан” банкинд эзэмшдэг 5057...... тоот дансаар Л.Э гэх хүний 5171...... тоот данснаас уг мөнгийг шилжүүлэн авсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад шалгагдсан өдрөөс хойш тухайн хүнээс авсан мөнгөө дансны хуулгаар шүүж, өөрийн эх С-ийн “Хаан” банкинд эзэмшдэг данснаас тухайн хүний мөнгийг буцааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал)
Хохирогч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк ухаж байгаад “....” нэртэй шопоос гоо сайхны кошлак онлайнаар захиалж авахаар болж захиалга өгсөн. Уг дэлгүүрийн зарын коммент хэсэгт өөрийн 88...... дугаарын утсыг үлдээсэн. Удалгүй над руу 80...... дугаараас залгаад Та гоо сайхны кошлак захиалсан байна, 10.000 төгрөгөө ”Хаан” банкны 5057...... тоот данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Би уг хүний хэлсний дагуу өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг 5171....... тоот данснаас С.А гэх хүний данс руу 10.000 төгрөгийг тус өдөр шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал)
Хохирогч Л.Э-ийн банкинд эзэмшдэг 5171...... тоот дансны хуулга бүхий зурган хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал)
С.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар ”.... шоп” гэсэн зарын групп руу орж, уг группэд бараа захиалгын коммент хэсэгт байсан 99...... гэсэн утасны дугаарыг авч, уг дугаар руу өөрийн 80...... гэсэн дугаараас залгаад “та бараа захиалсан уу, хэрэв захиалсан бол урьдчилгаа төлбөр 25.000 төгрөгийг шилжүүл” гэж хэлээд өөрийн ”Хаан” банкинд эзэмшдэг 5057...... тоот дансаар дээрх мөнгийг авсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад шалгагдсан өдрөөс хойш тухайн хүнээс авсан мөнгөө дансны хуулгаар шүүж, өөрийн эх С-ийн ”Хаан" банкинд эзэмшдэг данснаас тухайн хүний мөнгийг буцааж шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 дахь тал)
Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ онлайн фейсбүүк барааны “...." нэртэй дэлгүүрээс дотуур хувцасны захиалга өгч коммент хэсэгт нь өөрийн 99...... дугаарыг үлдээсэн. Удалгуй над руу 80...... дугаараас залгаад “та дотуур хувцас захиалсан байна, 25.000 төгрөгийг ”Хаан” банкны 5057...... тоот данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Би уг хүний хэлсний дагуу өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг 5076...... тоот данснаас 25.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал)
Хохирогч Г.Д-ийн”Хаан” банкинд эзэмшдэг 5076...... тоот дансны хуулга бүхий зурган хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал)
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон яллагдагч С.А-н ”Хаан” банкинд эзэмшдэг 5057...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 101-117 дахь тал)
Гүнчингийн С-ийн “Хаан” банкинд эзэмшдэг5057......тоот данснаас нэр бүхий мөнгөө алдсан гэх иргэдийн хохирлыг барагдуулсан тухай дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 118-123 дахь тал)
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюушийн нэр бүхий 36 иргэдтэй утсаар холбогдоход бүгд ”гомдолгүй, уг асуудлыг шалгуулахгүй” гэж хэлснийг тэмдэглэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 128-163 дахь тал)
Яллагдагч С.А-н хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 165-176 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.А нь үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр 2022.04.17-ны өдрөөс 2022.05.10-ны өдрийг хүртэлх хугацаанд .... нэртэй онлайн дэлгүүрээс фейсбүүк цахим орчинд байршуулсан “дотуур хувцас зарна” гэсэн зарын мэдээллийг ашиглан уг зарын доор өөрийн утасны дугаараа үлдээж бараа худалдан авахаар захиалга өгсөн хохирогч Г.Д-ээс 25,000 төгрөгийг, хохирогч Л.Э-ээс 10.000 төгрөгийг, хохирогч Д.Д-ээс 18,000 төгрөгийг, хохирогч Д.Н-ээс 25,000 төгрөгийг тус тус хохирогч нарын гар утас руу залгаж “бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа газраас холбогдож байна” хэмээн тэднийг хуурч “бараа захиалсан уу, мөнгөө шилжүүлээрэй, би баталгаажуулж барааг чинь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч нараас нийт 78.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5057...... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч С.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.А-н хувьд өөрөө хөдөлмөрлөхгүйгээр бусдаас амар хялбар аргаар мөнгө төгрөг, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй муу заль, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч С.А нь нэр бүхий хохирогчдод сайн дураараа хохирлыг нөхөн төлж барагдуулсан бөгөөд хохирогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчид гомдолгүй, шүүгдэгчээс хохирлоо авсан гэсэн байх тул шүүгдэгч С.А-г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.А-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч С.А-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээж, чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, мөн хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн- 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.А-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР