Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Ц.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б холбогдох “гэрлэлт цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 5-6 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т , хариуцагч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

                                                                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2007 онд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Э.Б тэй танилцаж 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бид 2007-2010 оны хугацаанд  Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан. 2010-2013 онд хөдөө уул уурхайн компанид хамтдаа ажиллаж байгаад 2013-2016 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд суурьшин ажиллаж амьдарч байсан. Бид хамт амьдарч байх хугацаанд таарч нийлэхгүй салах асуудал олон удаа гарч байсан нь Э.Б  намайг ажил хамт олонтой ч байх нөхцөлгүй болтол хардаж зовооно. Архи уухаараа муухай ааш авир гаргаж ална гэж хүртэл хутга тулгаж байсан нь нэг биш удаа байсан. 2014 оны 08 дугаар сарын 09-нд Бор-Өндөр суманд байхдаа согтуу ирж агсам тавьж ална гэж надад хутга тулгаад байхаар нь гарч зугтаж цагдаа дуудаж ирээд эрүүлжүүлэхэд хонуулж байсан удаатай. Бас л согтуу агсам тавьж намайг олон удаа нүдийг минь цохиж хавтгаж хөх, няц болгож байсан. Тухайн үед би нэг удаа Бор-Өндөр сумын эмнэлэг дээр очиж үзүүлэн магадалгаа авч байсан. Ийм учраас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул  би 2016 оны 07 дугаар сард салж явсан. Одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул  хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Бид хамтран амьдрах хугацаандаа 2015 онд Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн харьяа нийтийн байрны 05 дугаар байрны 06 тоот байрыг 5.5 саяар Ц.Т  би цалингийн зээл авч худалдаж авсан. Одоо уг байранд Э.Б  амьдарч байгаа билээ. Энэхүү байр хуулийн дагуу бидний дундын өмч тул орон сууцнаас надад ногдох мөнгийг Э.Б гээс гаргуулах хүсэлтэй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Энэ хүнээс дундын эд хөрөнгийг авах эрхтэй гэж үзэж байна. Би Улаанбаатар хотод очоод байр түрээслээд тусламж авч байсан үе байгаа. Гэхдээ энэ хүнээс байрны мөнгө болох тал мөнгийг аваагүй. Тийм учраас 50 хувийн мөнгөө гаргуулах хүсэлтэй байна ...зах зээлийн ханшаар үнэлээд өгч болно гэхээр нь 7.000.000 төгрөгөөр үнэлсэн ...би өөрт ногдох мөнгөн дүнг 3.500.000 төгрөг гэж байгаа” гэв.

Хариуцагч Э.Б  шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Э.Б  би Ц.Т гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлагыг зөвшөөрч нэгийг нь зөвшөөрөхгүй байна. Гэрлэлтээ салгуулахыг зөвшөөрч байна. Миний гэр болох нийтийн байр 05-06 тоотыг хувааж авна гэсэн. Хувааж авах мөнгө болох 2.700.000 төгрөгийг миний хувьд өгсөн гэж үзэж байна. 2016 оны 08 сараас өдийг хүртэл бид хоёр тусдаа амьдарч байх хугацаанд өөрийн данс руу нь миний санаж байгаагаар 1.600.000 орчим төгрөг өгсөн болно. Цуг амьдарч байх хугацаанд 40 гаруй толгой малтай байсан ...Туяацэцэг  малаа зараад мөнгө болгосон байдаг. Мөн аавд нь 1.200.000 төгрөгөөр авсан мотоциклоо бэлэглэсэн. Тэр мөнгө энэ мөнгөнд орох байх гэж бодож байна. Иймд би 2.700.000 төгрөгийг Туяацэцэгт өгсөн гэж үзэж байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Ц.Т  нь хариуцагч Э.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын өмчлөлийн Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 5-6 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Э.Б  нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харин дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны Ц.Т т ногдох хэсгийг өгсөн тул дахин өгөх боломжгүй гэж маргаж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Зохигч 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулсан болох нь 0060634/28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

Хариуцагч Э.Б  нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Ц.Т эрх чөлөөнд халдах, үндэслэлгүйгээр хардах зэргээр гэр бүлийн таагүй уур амьсгал үүсгэдэг байсан тул зохигч 2016 оны 07 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон байна. Мөн Э.Б  нь энэхүү хугацаанд хамтран амьдрагчтай болсон, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй тухайгаа хэн хэн нь илэрхийлсэн тул 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүйгээр дуусгавар болгожээ /хх-н 8 хуу/. Иймд тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах орон сууцнаас өөрт ногдох хэсэг буюу 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөг нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг нотолж чадсангүй. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг 7.000.000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох хэсгийг шаардаж байгаа бол тус орон сууцны үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаар гаргуулж шүүхэд ирүүлэх шаардлагатай юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэсэгт заасан нэхэмжлэгч өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй гэх үндэслэлээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т Э.Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР