Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/722

 

          

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Г  овогт Л гийн М д холбогдох эрүүгийн 2209004681044 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ...  тоотод оршин суух хаягтай, урьд,

Төв аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, тэнсэж хянан харгалзсан,

... дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,

... дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 9 жилийн хорих ял оногдуулсныг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалаар 6 жил 6 сарын хорих ял болгож өөрчилсөн,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г  овогт Л гийн М , /РД:... /,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн У.Ц д “Япон улсад ажиллах виз гаргуулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхонд ажил дээрээ байхдаа шилжүүлсэн 1,850,000 төгрөгийг Г.Б ийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай найз Япон улсын виз гаргадаг болохоор хохирогч нарт Японы виз гаргаж өгнө гээд мөнгийг нь авсан...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.М нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн У.Ц д “Япон улсад ажиллах виз гаргуулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхонд ажил дээрээ байхдаа шилжүүлсэн 1,850,000 төгрөгийг Г.Б ийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан  болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Ц ийн өгсөн “...Манай найз П  надтай уулзаад найз нь Япон улс руу явахаар 3 жилийн хугацаатай визээр бүртгүүлээд явах гээд хөөцөлдөж байгаа гэж 2021 оны 06 дугаар сарын эхээр хэлсэн. Тэгээд П  надад хандан чи Япон явах уу хоёулаа хамт явъя л даа гэж надад санал болгосон, би П т хэрэв виз гаргаж өгөх юм бол найз нь хамт явж болно гэж хэлсэн чинь П  эгч Б тээ манай найз хамт явж болох уу гэж хэлэхэд эгч нь болно гэсэн. Тэгээд Б  эгч чи 1,850,000 төгрөг өгөх юм бол материалыг чинь хөөцөлдөж өгч болно, 2021 оны 07 дугаар сар гэхэд чиний виз гарчихна гэж хэлсэн. Би тухайн үгэнд нь итгэж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,850,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ...  тоот данснаас Б  гэх хүний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш Б  гэх хүнтэй үргэлж холбоотой байсан боловч өөдөөс дандаа виз чинь гарна, хүлээж бай, удахгүй гэсэн тайлбар тавьж байсан. Тэгсэн 2021 оны 12 дугаар сард манай найз П  надад хандаж найз нь мөнгөө буцаагаад авчихсан, нөгөө визний асуудал чинь худлаа болчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд миний мөнгийг буцааж өгөхгүй байсан болохоор нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Би Б  гэх хүнд өгсөн 1,850,000 төгрөгөө бэлэн мөнгөөр бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/-р тал, зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Б ийн өгсөн “...Би 2021 оны хавар 6 дугаар сарын орчим найз М тэй уулзаж өөрийн төрсөн хүүхэд С г гадагшаа явуулах гэсэн юм Япон улс руу явуулж өгч чадах уу гэхэд чадна гээд хүүгээ явуулахаар болж тохиролцсон. Улмаар М  дахин хүн нэмж олж өгөөч, ажлын гэрээгээр Япон улсаас урилга ирсэн ба 5-6 хүн явуулах ёстой, танд өөр явуулах хүн байна уу гэхээр нь би хамаатны дүү Ж  руу холбогдож Япон улс руу явах хүн байгаа эсэх талаар тодруулж хамаатны Ц , П , Ж  нарыг, мөн хүү С гийн хамт явуулахаар Л.М д 7,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Л.М д би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орчим би эхлээд хүү С , Ж , П  нарын 1,850,000 төгрөгийг нийлүүлж нийт 5,550,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвартын автобусны буудал дээр уулзаж хүлээлгэн өгсөн. Мөнгө хүлээлгэн өгөхдөө баримт үйлдээгүй.  Харилцан ярилцаж тохирсон болохоор иргээд өгсөн. Мөн дараа нь Ц  Япон улс руу хамт материалаа өгье гэхээр нь Ц ээс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,850,000 төгрөгийг шилжүүлэн авч, маргааш нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын автобусны буудал дээр бэлнээр Л.М д 1,850,000 төгрөгийг нэмж өгсөн. Тэгээд визний материалыг дараа нь бүрдүүлж авна, эхний ээлжид мөнгөө өгч визний оочирт оруулах талаар хэлэхээр нь иргээд өгсөн. М  рүү утсаар ярьж дансаар шилжүүлэх талаар хэлсэн боловч дансаар авахгүй бэлнээр авна гэхээр нь уулзах газраа яриад бэлнээр өгсөн. Өөртөө хувьдаа зарцуулсан зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/-р тал,

Г.Б ийн “Хаан” банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Л.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1500 нэгж буюу 1.500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч Л.М д холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч Л.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Л.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г  овогт Л гийн М ийг “хуурч, бодит бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР